- Prophecy Coal Corp 2013 оны тайланг зарлаж, 2014 оны төлөв байдлаа мэдэгдлээ -
Тус компани 2013 онд Улаан овоогийн ордоос 125 мянган тонн нүүрсийг Сүхбаатараар дамжуулан борлуулж, 3.3 сая ам.долларын орлого олжээ.
Мөн илүүдэл хөрөнгөө түрээслүүлснээр 1.3 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Нэг тонн нүүрсний бэлэн мөнгөний зардал нь 29.5 ам.долларт хүрсэн байна.
Дотоодын зах зээлийн 5000 ккал/кг-аас дээш илчлэгтэй нүүрсний дундаж үнэ нь 36 ам.доллар байгаа бол 5000 ккал/кг-аас бага байгаа нь 20.5 ам.доллар байгаа юм. Компанийн хувьд борлуулсан нүүрсний ихэнхи хувь нь 5000 ккал/кг-аас их илчлэгтэй байгаа юм.
Харин Оросын зах зээлд 4500-5000ккал/кг нүүрсний дундаж үнэ 50-60 ам.доллар байна. Иймд 2014 онд Орос руу гаргах нүүрсний хэмжээгээ тогтворжуулах, нэмэгдүүлэх зорилгоор Оросын талын худалдан авагч нартай уулзалт хийсээр байгаа аж.
Мөн Зэлтэр ба Улаан овоог шууд холбосон зам барих ТЭЗҮ хугацаанаасаа өмнө дууссан ба менежментийн багийхан хянаж байна. Удахгүй Зам, тээврийн яамнаас баталгаажуулах юм.
Улаан овоогийн орд нь Зэлтэрийн боомтоос 17 км бол одоо нүүрсээ гаргаж байгаа Сүхбаатарын боомт нь 120 км. Иймд уг замыг барьж, Зэлтэрийн боомтыг дахин нээснээр компанийн зардал үлэмж хэмжээгээр буурахын зэрэгцээ нүүрсний борлуулалтын биет хэмжээ өсөх юм.
Боомтыг нээх талаар Сангийн яамтай хамтран ажиллаж байгаа аж. 2014 онд олборлох нүүрсний 90 хувь нь 5000ккал/кг-аас илүү илчлэгтэй байна гэж тооцоолжээ. Харин үлдсэн чанар багатай нүүрсийг утаагүй түлш үйлдвэрлэхэд зориулах юм.
Улаанбаатарт нэг тонн утаагүй түлшний үнэ 50 ам.доллар байна. Тэгвэл Чандганы ЦС-ыг барих ажил нэг шат урагшлаад байна.
Энэ оны нэгдүгээр сард УИХ-аас Чандганы ЦС-ыг концессийн төсөл мөн гэж баталсан. Одоогоор компани санхүүжилт татахад хэрэгцээтэй бусад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлыг гүйцэтгэж байна.
Төслийн санхүүжилтийг хувьцаа болон өрөөр татах талаар улсын хөрөнгө оруулагчидтай ярилцаж байгаа юм.
Гэхдээ Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Концессийн гэрээ”-г хэзээ байгуулах болон Эрчим хүчний яамнаас ЦС-аас гарах эрчим хүчийг “Худалдан авах тухай” гэрээ хэзээ байгуулагдах нь тодорхой бус байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!