Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркелийн бэлэг шуугиан тарилаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын дарга Ши Жинпин өнгөрсөн долоо хоногт Германд айлчлах үеэр канцлер Ангела Меркель нэгэн сонин бэлэг барьсан юм. Түүний бэлэг 1735 онд Францийн газрын зураг бүтээгч Жан Баптист Бургуньон де Анвиллын зурж Германд хэвлэсэн Хятадын газрын зураг байлаа.

Уг газрын зураг нь өмнөх үеийн Христийн номлогч нарын цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн бүтээгдсэн 18 дугаар зууны Хятад орны газрын зураг байв.

Газрын зураг дээрх нэр нь Латин хэлээр Хятадуудын төрөлх газар нутаг гэсэн утгатай ба зөвхөн Хан үндэстнүүдийн төвлөрч суудаг байсан газруудыг оруулжээ. Тиймээс уг зурагт Төвд, Шинжаан, Монгол, Манжуур огт ороогүй. Тэр ч байтугай Тайвань, Хайнань арлуудыг хүртэл тусдаа хил хязгаартайгаар дүрсэлсэн байдаг юм байна.

Хятадад газрын зургийн асуудал их эмзэгт тооцогддог. Дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд Төвд, Шинжаан, Тайвань, Дяоюу арлуудыг (Япончууд Сенкаку гэдэг) эрт цагаас Хятадын салшгүй хэсэг гэж номлодог юм.

Харин Меркелийн бэлэгт дүрсэлснээр энэ үзэл суртлыг няцааж байгаа. Тиймээс Хятадын албан ёсны мэдээллийн хэрэгслүүд энэ бэлгийн талаар дурдахгүй байгаа гэнэ.

Харин эсрэгээрээ Хятад хэл дээрх хэрэгслүүдээр Меркелийн өгсөн зургийг 1844 оны Британий зураг зүйч Жон Доверын хувилбараар зориуд сольж сурталчилж эхэлжээ. Уг зурагт нь Төвд, Шинжаан, Монгол, Сибирийн зарим хэсэг орсон байдаг юм байна.

Доверын зураг нь Меркелийн бэлэг биш гэдгийг мэдэж байгаа ч Хятадууд зориуд мэдэн будилсаар байгаа ажээ.

Франц хувилбар дээр Манж Чин улсын бүрэлдэхүүнд орсон Хятад улсыг ийнхүү тусад нь дүрсэлсэн бол Англи хувилбарт Манж Чин гүрнийг бүхэлд нь Хятад гэж дүрсэлсэнд гол ялгаа байгаа бололтой.

Энэ талаар Хятадын олон нийтийн сүлжээгээр нэлээд халуун сэдэв өрнөөд байна. Зарим хүмүүс Германчуудыг зориуд ийм дипломат алхам хийлээ гэж үзэж байгаа юм.

Мөн Монголчуудтай холбоотой нэг сэтгэгдэл байсан нь "Ангела Меркель энэ зургаараа Оросууд 20 дугаар зууны дундуур Монголыг яг Украйнаас Крымийг салгасан аргаар Хятадаас тусгаарласныг сануулсан байна" гэж бичжээ.

Де Анвиллийн зурсан Хятад орны зураг 1735 он.
Жон Доверын зурсан Хятад орны зураг 1844 он.