Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Чингис Раднаев: Ээж минь Жавхлангийн фен

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 2 сарын 22
Зууны мэдээ

Буриадын алдарт дуучин Чингис Раднаевтай ярилцлаа. Тэрээр гавьяат жужигчин С.Жавхлангийн тоглолтод оролцохоор Улаанбаатарт иржээ.  

Чингис Раднаев: Ээж минь Жавхлангийн фен

-Аль эртнээс таны нэрний тухай асуумаар санагддаг байлаа. Өнөөдөр асуух завшаан тохиосонд баярлаж байна. Таны нэрийг хэн өгсөн юм бэ?

-Би эмээ өвөөгийнхөө хамгийн том ач нь. Тийм болохоор надад Чингис нэр хайрласан гэдэг. Ямар ихзүйл бодож, надад ямар их итгэл найдвар, сайн сайхан ирээдүй ерөөж энэ нэрийг хайрлаа вэ гэж боддог. Нэрэндээ маш их хайртай. Тэгээд ч газар унагалгүй өндөрт өргөж, сайн сайхнаар зарлуулж явахыг хичээдэг. Нэг талаараа өндөр хариуцлага юм даа.

-Монголд хэзээ ирэв?

-Өнөөдөр /өчигдөр/ ирлээ. Ер нь сардаа нэг удаа Улаанбаатарт ирдэг. "Хамаг Монгол" төслийнхөнтэйгөө уулзана. Өмнө нь ч би, Улаанбаатарт олон удаа ирсэн. Нэг л дотно төрөл садандаа ирж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. С.Жавхлан андынхаа тоглолтод дуулахгүй.

Гэхдээ найзыгаа дэмжихээр ирлээ. Ээж минь С.Жавхланг биширдэг. Тэгээд ээжийнхээ хүсэлтээр, мөн өөрийнхөө хүслээр андынхаа тоглолтыг үзэхээр болсон. Хүү нь л ээжийнхээ хүслийг биелүүлэхгүй бол өөр хэн ээжид минь үйлчлэх билээ. Ингээд ээжийнхээ жолоочийг хийгээд ирлээ.                                                       

-Монголын үзэгчид таныг "Хамаг Монгол" төслийн хүрээнд сайн мэддэг болсон. Мөн дуучин С.Жавхлангийн найз гэдгээр нь хүлээж авдаг. Та хоёрын нөхөрлөл хаанаас эхэлсэн бэ?

-Бидний нөхөрлөл найман жилийн өмнөөс эхэлсэн. Өвөрмонголын Хөх хотод анх танилцаж байлаа, "Хамаг Монгол" төслийн багийнхан тэнд анх уулзаж байсан юм. Тэгээд сэтгэл зүрхээ нэгтгээд, сэтгэлдээ гал бадраагаад тус тусынхаа нутаг руу явцгаасан. Удахгүй тэр сэтгэлийн гал минь "Хамаг Монюл" төслөөр дамжин бидний ард түмэнд хүрсэн дээ. Атгасан гар шиг таван найзыг Хамаг монголын ард түмэн хөглөж бадрааж байдаг. Одоо бид тав хэн хэнийгээ мэдэх дотны найзууд болцгоосон.

-"Хамаг Монгол" төсөл монголчуудын сэтгэлийг. хөдөлгөж, нэгтгэж чадсан. Буриад зон олон минь ч сайхан хүлээж авсан байх. Цаашид хэрхэн үргэлжлэх талаар ярилцав уу?
 
Буриад зон маш сайхан хүлээж авсан. Төслөө хэрхэн үргэлжлүүлэх талаар бид ярилцаж байгаа. Ингээд дуусчихгүй нь тодорхой бидний зүрх сэтгэлд Хамаг Монголоо нэгтгэж, энэ үйл хэргээ дэлхийн чихнээ хүргэх хүсэл байхад үйлс зогсохгүй. Өнгөрсөн намар "Дэлхийн Монгол" төслийн нээлт болсныг та бүхэн мэдэж байгаа. Удахгүй бид үйл хэргээ танилцуулна.

-С.Жавхлантай "Эжымни" дууг хамтран дуулсан. Ямар мэдрэмж төрсөн бэ. Найзынхаа авьяас,үзэл санааны тухай юу хэлэх вэ?

- Уран бүтээл, дуу хоолойг нь биширдэг. Би царайг нь харахгүй байсан ч энэ С.Жавхлан байна гэдгийг дуугаар нь танина. Тийм л сайхан дотны анд нөхөр минь юм. Тэглээ гээд бид нэгнийгээ "тэр үнэхээр гайхалтай хоолойтой сайн хүн" гээд учир утгагүй магтаад байдаггүй.

Тэр нь найз нөхдийн ёсонд нийцэхгүй гэж бодно. Зүгээр л дэмждэг. Угаасаа л түүний авьяасыг хүн бүхэн мэднэ. Тэгэхээр нэг их олон үг хэрэггүй байх.
                        
-Таны уран бүтээл хэрхэн эхэлсэн бэ. Мөн хэрхэн үргэжлэх бол?

-2005 онд анхны цомгоо гаргаснаас хойш хоёр СD гаргасан. Ер нь би ирээдүйтэй уралдаж уран бүтээл хийдэггүй. Уран бүтээлд өөрт нь төрөх цаг хугацаа гэж бий. Тэр л хугацаандаа төрөг гэж боддог. Цаашид сайхан уран бүтээлүүд төрөх байх. Ямар ч гэж урлагийн тайзан дээр, өөрт оногдсон авьяасаараа амьдарч байна.

-Таны туйлын зорилго юу вэ. Монголын сонсогчдод зориулсан уран бүтээл хийх бодол бий юу?

-Монголд өөрийн тоглолтоо хийгээч гэсэн хүсэлт маш их ирдэг: "Дэмжье, туслая Улаанбаатарт тоглооч" гэсэн санал ч олон байна. Тэр цаг удахгүй байх гэж итгэдэг. Миний сэтгэл наашаагаа юм шүү дээ.

-Нэр тань хүртэл хүмүүсийн сэтгэлд ойрхон байдаг. Тэр ч утгаараа уран бутээлийг тань сонсох хүсэлтэй хүн олон
байгаа болов уу?

-Тиймээ. Мэдрэгддэг. Монгол хүний сэтгэлд хүрэх дуу гаргах бодол бий юу хэмээн хүн бүхэн асуудаг. Урлагт хил хязгаар байхгүй. Бид төрөл садан ах дүү хүмүүс. Бид бие биедээ зориулан уран бүтээл хийхгүй бол өөр хэн хийх билээ. Удахгүй та бүхэнтэйгээ уран бүтээлээрээ уулзана.

Зураг