Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сарын эцсээр Оюу Толгойн далд уурхайн асуудал шийдэгдэж магадгүй"

PURPLEBOOK
2014 оны 1 сарын 20
PURPLEBOOK

-Эдийн засгийн онцлох мэдээ-

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Да.Ганболдын хэлснээр “Далд уурхайн санхүүжилтийн асуудал нэгдүгээр сарын эцсээр шийдэгдэж магадгүй. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 6.6 тэрбум ам.доллар” гэжээ.

Тэрээр “томоохон асуудлууд аль хэдийнэ шийдэгдсэн. Гэхдээ зарим нэг асуудлууд үлдсэн байгаа. Үүнд усны хэрэглээ ба хураамж, роялти, 2 тэрбум долларын зардлын хэтрэлт, далд уурхайн ТЭЗҮ-г батлах зэрэг багтаж байна. Хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа бөгөөд эцсийн тохиролцоо хийхэд цаг хугацаа л хэрэгтэй байна” гэжээ.

ТУЗ-өөс Оюу толгойн 2014 оны төсвийг баталсан бөгөөд энэ нь 1.28 тэрбум ам.доллар ба төслийн орлого 2014 онд 2.65 тэрбум ам.доллар байна гэж тооцоолжээ.

Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байна

Дэлхийн банкнаас 2013 оны өсөлтийг 2.4 хувь гэж байсан бол 2014 оны эдийн засгийн өсөлтийг 3.2 хувь болгон нэмэгдүүлжээ. Харин АНУ-ын өсөлтийг 2.8 хувь гэж таамагласан байна.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл сайжирч, хүлээлтийн индексүүд алгуур өсч байна 

Өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 2,000-аар буурч 326,000-д хүрсэн байна. Бизнесийн өсөлт ба хэрэглэгчдийн хэрэглээний өсөлт нь бизнес эрхлэгчдийг ажилчдаа халах процессийг удаашруулж байгаа аж. “Тэтгэмж хүсэгчдийн тоо одоо л эрүүл хөдөлмөрийн зах зээлд байдаг тэр хэмжээнд хүрлээ. Гэхдээ компаниуд одоо хүртэл хөрөнгө оруулалт хийх ба шинэ ажилтан авахдаа дурамжхан байна. Энэ бол асуудал. Эдийн засгийн өсөлт нэмэгдэхийг илүү олон хүн ажилд орсноос л харах учиртай” гэж BNP Paribas-ийн эдийн засагч Yelena Shulyatyeva хэлжээ.

Мөн хэрэглэгчдийн хүлээлт таван сарынхаа дээд хэмжээнд хүрчээ. 2014 оны өсөлтийн хүлээлт нэмэгдэж байгаа нь хэрэглэгчдийн хүлээлтийг нэмэгдэхэд хүргэсэн байна. Эерэг ба сөрөг хүлээлтийн зөрүү -5 нэгжид хүрч буурсан нь таван сарын дээд үзүүлэлт болсон аж. Ийнхүү хүлээлт өндөр байгаагийн гол шалтгаан нь өрх гэрүүд 2013 оны хувьцааны ханшийн өсөлт ба хөдөлмөрийн зах зээлийн сэргэлтээс өөрсдийн хөрөнгөө өсгөж чадсантай холбоотой юм.

Үүний зэрэгцээ энэ өвөл хэт хүйтэрснээс улбаалан иргэдийн дулаан хувцасны худалдан авалт өссөн нь жижиглэнгийн худалдан авалтыг гурван жилийн хугацааны дээд өсөлтөд хүрэхэд нөлөөлсөн байна. Арваннэгдүгээр сард 0.4 хувийн өсөлттэй байсан бол арван хоёрдугаар сард 0.2 хувийн өсөлттэй байлаа.  

Европт сэргэлт эхэлсэн ч дефляци болох эрсдэлтэй байна

Арванхоёрдугаар сард инфляци 0.8 хувьд хүрсэн бол арван нэгдүгээр сард 0.9 хувь байсан юм. Энэ нь төв банкны зорилт болох 2 хувиас бага байгаач дефляци үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Бүс нутгийн эдийн засагт дефляци үүсгэхгүй байх тал дээр төв чадах бүхнээ хийх нь гарцаагүй. Тэгвэл хөрөнгийн зах зээл зургаан жилийнхээ дээд хэмжээнд хүрч өсчээ.

Дэлхийн банк 2014 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн нь Европын зах зээлд хувьцааны ханш өсөхөд ийнхүү нөлөөлсөн байна. “Эдийн засгийн мөчлөгийн сэргэлт бий болж, АНУ-ын төв банкны хумих бодлоготой зах зээл уялдаж, инфляци нам дор байгаа нь хувьцааны ханшийг өсгөх боломжийг бүрдүүлж байна. Хувьцааны ханш хандлагаараа өсөх боломжтой” гэж Guardian Stockbrokers-ийн арилжааны хэлтсийн захирал Atif Latif хэлжээ. Харин бүс нутгийн эдийн засгийн хөдөлгүүр болох Германы 2013 оны бодит ДНБ-ний өсөлт удааширчээ.

2012 онд 0.7 хувь байсан бол 2013 онд 0.4 хувь болж буурсан байна. Хэдийгээр дотоод эрэлт хүчтэй байгаа ч Евро бүсийн бусад орнууд хямралаас бүрэн гүйцэт гараагүй байгаа нь өсөлтийг хойш татсаар байгаа юм. Бүс нутагт хүлээлтийн индекс өсөлттэй байгаа нь сэргэлт үргэлжилэх боломжтойг илэрхийлсээр байгаа юм. Үүнийг батлан Европын Төв банкны Удирдах Хорооны гишүүн Ewald Nowotny “Европын нөхцөл байдал жилийн өмнөхтэй харьцуулахад илүү дээрдсэн байна.

2014 онд ч сайжрах боломж бий” гэжээ. Тэгвэл WGZ Bank–ний  эдийн засагч Andreas Moeller “Европ хямралын дараах цэвэрлэгээгээ хийсээр л байна. Герман бол яагаад евро бүс хямралаас гарах ёстойн гол шалтгаан бөгөөд тус улсын хувийн хэрэглээ 2013 оны өсөлтийг чиглүүлсэн бол 2014 онд ч энэ байдлаа хадгалахаар байна” гэжээ. Үүнтэй зэрэгцэн Английн инфляци төв банкны зорилтот түвшинд хүржээ. Арван нэгдүгээр сард 2.1 хувь байсан бол арван хоёрдугаар сард 2 хувьд хүрсэн нь дөрвөн жилийн хугацаанд анх удаа төв банкны зорилтот түвшинд хүрсэн нь энэ аж. 

Азийн хувьцаанууд Хятадын үзүүлэлт муу гарснаас улбаалан уналттай байлаа
Мягмар гаригийн Азийн эдийн засгийн анхаарал татсан үзүүлэлт нь Хятадын инфляци байлаа. Арван хоёрдугаар сард Хятадын инфляци жилийн 2.5%-иар өсч шинжээчдийн таамаглалтай таарсан байна. Харин үйлдвэрлэлийн үнийн индекс унажээ. Энэ нь 22 сар дарааллан унаж буй үзүүлэлт бөгөөд эдийн засагт эрэлт суларч байгааг илэрхийлж байгаа юм.

Мөн Хятадын нийт зээлийн хэмжээ буурчээ. Хятадын нийт зээлийн хэмжээ арван хоёрдугаар сард 1.23 триллион юанд хүрсэн нь жилийн өмнө 1.63 триллион юан байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болж байгаа ч шинжээчдийн таамаглаж байсан 1.14 триллион юанаас их байна. М2 мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг төв банкнаас бууруулсан нь ийнхүү зээлд нөлөөлсөн аж. Төв банкны зүгээс “хэдийгээр хумих бодлого хэрэгжүүлж байгаа ч Хятадын Банкуудыг Зохицуулах Хороо сүүдрийн банкны системийн зээлийг бууруулах тал дээр зохицуулалтаа чангатгах хүсэл багатай байна” гэлээ.

Turquoise Hill Resources-ийн нэмэлт гаргасан хувьцаа амжилттай арилжаалагдлаа
Компанийн нэмж гаргасан хувьцаа амжилттай арилжаалагдаж 1-р сарын 7-ны өдөр арилжаа хаагдсаныг компанийн зүгээс баталлаа. Ийнхүү 2.4 тэрбум ам.долларын хөрөнгийг татаж байгаа бөгөөд дийлэнхи хэсгийг нь Рио Тинтогийн зээлийг төлөхөд зарцуулах бол үлдсэнийг нь Оюу толгойн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд зарцуулах юм.

Харин уг хувьцааны 50.8 хувь буюу 510,983,220 ширхэг хувьцааг Рио Тинто худалдан авч компани дахь өөрийн эзэмшлийг хадгалан үлдэж байна. Ийнхүү Рио Тинто компани нийт 1,021,966,440 ширхэг хувьцаа буюу Turquoise Hill Resources-ийн 50.8 хувийг эзэмшиж байна. Мөн Рио Тинто өөрийн Turquoise Hill Resources-оос эзэмшиж буй D варрантаа хэрэгжүүлбэл хувьцааны эзэмшил 52.4 хувь хүртэл өсөх боломжтой.

Оюу толгойн агуулахад баяжмал хуримтлагдсаар байна
Оюу толгойн олборлолт нь борлуулалтаасаа давж байгаа нь баяжмалын нөөц өсөхөд хүргэжээ. Борлуулалт ийнхүү удааширч байгаагийн нэг шалтгаан нь худалдан авагч хоёр компани техникийн асуудалтай учирсантай холбоотой байгаа аж. Ийнхүү зарим борлуулалт хоёр ба гуравдугаар улирал руу шилжсэн байна.

Баяжмалын нөөцийн хэмжээ 2014 оны эцэс гэхэд хэвийн түвшиндээ хүрэхээр байна гэж компаниас мэдээллээ. 2013 онд Оюу Толгой нь 76,700 тн зэс бүхий баяжмал, 157,000 унц алт бүхий баяжмал олборложээ.

Харин 2014 онд 150,000-175,000 зэс бүхий баяжмал, 700,000-750,000 унц алт бүхий баяжмалыг олборлохоор төлөвлөжээ. 2013 оны эцэст бэлэн байгаа баяжмалынхаа ихэнхи хувийг 2014 онд борлуулахаар гэрээ байгуулсан гэж компани мэдээллээ.