Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Тэмүүлэнгийн оронд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн найзын хүү очих нь тодорхой болжээ

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 17
iKon.MN
Зүүн гар талаас С.Цэлмэг, Г.Тэмүүлэн, Х.Алтай, Б.Жавхлан,

- "А" намын гурван сэлгээ - 

НЭГ. Ардчилсан намын эрх барьж байгаа Засгийн газрын үед МАН-ын хэд хэдэн хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан нь АН-ын зарим хүний шуналыг хөдөлгөсөөр байлаа.

Харин хэсэг хугацаанд харзнасан Ардчилсан нам эхнээс нь МАН-ын хүмүүсийг "нясалж" эхэлжээ. Хамгийн эхний жишээ нь элчин сайд асан Л.Хангайн хүү Х.Алтай Хөрөнгийн биржийн захирлын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн явдал байлаа. 

Тэрбээр биржид өөрийн зорьсон ажлаа хийж дуусгаад ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна гэж байгаа ч АН-тай хийсэн тохиролцоо нь дууссан хэрэг болов уу. Харин түүний оронд тавих хүнийг АН арай шидээгүй байна. Гэхдээ тэд улстөрийн тохироогоо аль хэдийнэ хийсэн биз. 

ХОЁР. Өчигдөрхөн гарсан нэгэн шинэ мэдээлэл мөн л МАН-ын "өв залгамжлагчдын нэг" Г.Тэмүүлэнгийн суудал ганхаж эхэлсэн талаар iKon.mn мэдээлсэн. Харин түүний оронд томилох хүн хэдийнэ тодорхой болсон байна. 

"Эрдэнэт үйлдвэр" захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн багагүй хугацаанд "Оюутолгойн" ТУЗ-ын гишүүн байж  “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирлаар ажиллалаа. Одоо түүний хугацаа болсон гэж АН үзжээ. 

Түүний оронд томилох хүн хэдийнэ бэлэн болсон байна. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн найз н.Сосорбарамын хүү С.Цэлмэг буюу намын залуучууд дотроо "буурал Цэлмэг" хочтой залуу болохоор болжээ. Ийнхүү манай төрийн өндөр албан тушаалуудыг улстөрчдийн үе залгамжлагч нар ээлжлэн суух цаг ирсэн байна. 

С.Цэлмэг нь 1984 онд төрсөн. 2004 онд БНСУ-ын Хусо их сургуулийг гүүр, тунелийн инженер мэргэжлээр төгссөн нэгэн байна.

С.Цэлмэг нь 1984 онд төрсөн. 2004 онд БНСУ-ын Хусо их сургуулийг гүүр, тунелийн инженер мэргэжлээр төгссөн нэгэн байна. Азийн хөгжлийн банк, Японы “Жайка” олон улсын байгууллага, Ардчилсан Залуучуудын Холбоо, Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Зам тээрвийн яам гээд олон газрын нүүр үзсэн нэгэн. 

Тэрбээр  2010 оноос Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. 

ГУРАВ. АН-ын дараагийн сэлгээ Монголбанк руу чиглээд байгаа. Тиймээс ч эхнээсээ тэдний дэд ерөнхийлөгч нарын суудал ганхаж эхэлсэн талаарх мэдээлэл гараад байгаа. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын доор хоёр ч АН бус залуу бий.  МАН-ын Б.Жавхлан, МАХН-ын Э.Батшугар нар билээ. Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Жавхлан уу, Э.Батшугар уу гэдэгт асуудал байгаа. Шинэчлэлийн Засгийн газарт хамтарсан МАХН-ын дарга Н.Энхбаярын хүүгээр ч төдийлөн оролдохгүй болов уу. Үүнийгээ ч өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлах шиг болсон. Э.Батшугарыг Монголбанкнаас ҮСХ-ын орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулсан нь түүний Дэд Ерөнхийлөгчийн суудлыг баталгаажуулсан хэрэг биз. 

Харин одоо Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, МАН-ын гишүүн Б.Жавхланг солих магадлал хамгийн өндөр. Энэ суудалд Төрийн банкны захирал Д.Батсайханыг очиж магадгүй гэсэн мэдээлэл гарсан ч тэрбээр хэвлэлээр үгүйсгэсэн. Д.Батсайхан биш юм гэхэд АН-ын нэг "нөхөр" очих нь тодорхой биз ээ. 

Монгол төр дэх намын боловсон хүчний сэлгээ дуусаагүй л байна. Засаг солигдоход хүмүүсийг тэр бүр халдаггүй. Харин тэд өөрсдөө өргөдлөө өгөх боломжийг эрх баригч нар маань маш сайн "хангаж" өгсөөр байна. 

Bolortuya@ikon.mn