Уншиж байна ...

С.Пагам-Орлом: Арьс, гоо заслын салбар эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг салбар байх боломжтой

ikon.mn
2024 оны 5 сарын 9
Сурталчилгаа

Сайхан байх гэдэг хүний төрөлхийн хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бодит болгоход тусалдаг арьс, гоо заслын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн талаар бид Монголын анхны арьс, гоо заслын эмнэлгүүдийн нэг болох BeauMonde эмнэлгийн захирал С.Пагам-Орломтой ярилцлаа.

- Манай улсын арьс гоо заслын анхны мэргэжлийн эмнэлгүүдийн нэг BeauMonde эмнэлэг байгуулагдаад 15 жил болжээ. Өнөөг хүртэл ажилласан туршлагаасаа харахад энэ салбарын хөгжил өнөөдөр манай улсад ямар түвшинд байна гэж та бодож байна вэ?

зураг
 

- Анх 2009 онд Шанхайд сурч ирээд Монголдоо анхны IPL лазер эмчилгээг нэвтрүүлэн эмнэлгээ нээж байлаа. Түүнээс хойш дандаа л хамгийн орчин үеийн технологи, үйлчилгээг оруулж ирэхийн төлөө 15 жил ажиллажээ. Одоо бол  гадаадын аль ч орны ижил төстэй эмнэлгүүдээр ороход манай эмнэлгүүд ерөөсөө ч хоцрогдоогүй,  яг ижил түвшинд явж байгаа нь мэдрэгддэг.

Энэ салбарт өндөр технологи ашигладаг учраас тэр хэрээр бид цаг алдалгүй судалгаагаа сайн хийх, эмчилгээ үйлчилгээгээ судлах,  нэвтрүүлэх хэрэгцээтэй байдаг нь ингэж хурдацтай хөгжихөд нөлөөлдөг болов уу. Үүнд бас манай Монгол үйлчлүүлэгчдийн шинэ соргог зүйлд тэмүүлдэг, гоё сайхан байх дуртай зан төлөв нь ч нөлөөлж байна. Нөгөө талаар арьс арчилгааны технологи хамгийн өндөр хөгжиж байгаа Япон, БНСУ зэрэг орнуудтай манайх ойрхон, харилцаа холбоо сайтай, эмч мэргэжилтнүүд нь хамтран ажилладаг, мэргэжил дээшлүүлдэг болсон зэрэг зүйлс нөлөөлж байна.

Арваад жилийн өмнө л тоотой хэдхэн эмнэлэг байлаа. Гэтэл одоо зөвхөн бүртгэлтэй 270- 290 эмнэлэг байна. Дээрээс нь эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй хэр нь эмнэлэгт хийх ёстой үйлчилгээг үзүүлж байгаа гоо сайхны салонууд маш олон болсон. Энэ тоо жишээ нь салбар өөрөө хэрхэн хурдтай өсөж томорч байгааг харуулж байна. Үүнийгээ дагаад сайн муу зүйл олон байгаа ч зах зээлийнхээ зарчмаар шигшигдээд илүү сайжраад явах болов уу. Гол нь хүмүүс маань гоо сайхны салон болон мэргэжлийн эмнэлгийн ялгааг олж харах, өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр нэмэгдэж байгаа зар сурталчилгаанаас үнэн бодит байдлыг нь ялгаж сурах нь чухал юм.

- Сурталчилгаа гэснээс гоо сайхны эмнэлгүүд, бүтээгдэхүүний сурталчилгаан дээр 5 насаар, 10 насаар залуужуулна гэж их бичсэн байдаг. Яг үнэндээ энэ хэр үнэний хувьтай вэ, ийм байх боломжтой юу?

- Мэдээж арьсаа арчилсан хүн арчлаагүй хүн хоёрын хооронд ялгаа байна гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ яг ямар технологи, ямар бүтээгдэхүүн онцгой сайн үр дүн харуулж байна вэ гэдэг нь сонин. Жишээ нь манай эмнэлгээр 10-15 жил үйлчлүүлж байгаа харилцагч нараасаа харж байхад тогтмол давтамжтайгаар, тууштай арьс арчилгаа хийлгээд явдаг хүмүүс яг ижилхэн насны хүмүүсээсээ яах аргагүй 5-10 насаар залуу харагддаг. Тэгэхдээ сурталчилгааны хэллэг шиг нэг удаа аль нэг үйлчилгээнд ороод 5-10 насаар залуужна гэвэл дэгс зүйл. Өөрөөр хэлбэл бид өнөөдрөөс арьсаа арчлаад эхэлж байгаа хүнийг 10 жилийн дараа гэхэд өнөөдөр байгаа арьсныхаа гоо сайхныг хадгалсан байх, хөгшрөлтийг нь удаашруулсан байхыг зорихоос биш одоо 5 насаар залуужуулаад өгнө гэж хэлээд янз бүрийн зүйл шахаад мөнгийг нь үрэх бол ёс зүйгүй асуудал.

зураг
 

Нөгөө талаас энэ салбарт маш их хөрөнгө оруулалт судалгаа хийгддэг, тэр хэрээр технологи нь өндөр хөгждөг учраас хуурамч байх, үр дүнгүй байх үндэслэлгүй юм. Гол нь тухайн үйлчилгээн дээр яг шаардлага хангасан аппаратыг нь ашиглаж байна уу, тухайн технологийг ашиглаж байгаа хүн хэр зэрэг туршлагатай, мэдлэгтэй, зөв ашиглаж байна вэ гэдэг чухал. Ер нь хүн гоё сайхан, залуу байна гэдэг бол дан ганцхан арьс арчилгааны асуудал биш юм. Тухайн хүний сэтгэлзүй, амьдралын хэв маяг, амьдралын чанар, идэж байгаа хоол хүнс, найз нөхдийн хүрээлэл зэрэг олон зүйлүүд нийлж байж хүнийг эрүүл, сайхан харагдуулдаг юм болов уу.  

- Тэгвэл гоо сайхан байх, арьсаа арчилдаг байх, түүнд цаг зав, мөнгөө зарцуулдаг байх нь хүнд яагаад чухал юм бэ?

- Би хувьдаа хүн гоё арьстай байх нь амжилттай байх эхний алхам гэж боддог. Энэ нь нэгдүгээрт хүнд өөртөө итгэх итгэлийг бий болгож байдаг. Хүний өөдөөс цэх шулуун хараад бүрэн дүүрэн ярих, өөрийгөө илэрхийлэх итгэлийг өгч байдаг. Тэгэхлээр арьс арчилгаа гэдэг бол тухайн хүний амьдралын чанар, ажил бизнес, нийгмийн карьерын гол үндэс нь.

Тэгэхээр сайхан арьстай, өөрийнхөө бие галбир царай төрхдөө итгэлтэй байдаг хүмүүсийг амжилт ч мөн дагадаг. Өөртөө тавих анхаарал нэмэгдэхийн хирээр тухайн хүний бизнесийн, улс төрийн карьер өсөж байдаг маш олон жишээ би мэднэ.

Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь салбар салбартаа амжилттай яваа улс төрчид бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эрчүүд байдаг. Тэд маань энэ зүйлийн ямар чухлыг нь, өөрт нь ямар их үнэ цэн авчирдгийг нь мэдэж, мэдэрч байгаа учраас л ингээд тууштай яваад байгаа хэрэг шүү дээ. Тийм ч учраас, бид ч бас анхнаасаа хамгийн сайн, өндөр үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг санал болгож, үүнийгээ мэргэжлийн түвшинд үзүүлэх сайн боловсон хүчин, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэнэ, тэгээд үйлчлүүлэгч бүрд хамгийн өндөр үр дүнг гаргана гэдэг л зорилт тавьж ирсэн. Яг энэ зорилгынхоо хүрээнд 15 жилийнхээ ойн дээр гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлэх шинэ эмнэлгээ нээлээ.

- Шинэ эмнэлгийн онцлог юу вэ?

- Энэ эмнэлэг маань гоо сайхны мэс засал, үсний эмчилгээ, эрүүлжих, тураах үйлчилгээ, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн далд гоо сайхан, шүдний эмчилгээ зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг эмнэлэг юм. Хүмүүс цаг хугацаагаа хэмнээд найдвартай газраас нэг дор олон үйлчилгээг авах, гэр бүлээрээ үйлчлүүлэх хэрэгцээтэй болж байна. Түүнд нь нийцүүлсэн үйлчилгээнүүдийг бид үзүүлж эхэллээ.

Мэс заслын тухайд бид голчлон нөхөн сэргээх чиглэлд төвлөрч байна. Төрсний дараах далд гоо сайхны хагалгаа, хөх томруулах хагалгаа, магадгүй гэнэтийн ослоос ч юм уу хамраа гэмтээсэн бол хамрын гоо сайхны хагалгаа хийх гэх мэт. Шүдний гоо сайхны, нөхөн сэргээх эмчилгээ хийж байна.  Мөн гэр бүлээрээ үйлчлүүлэхэд боломжтой байх үүднээс өсвөр насны хүүхдүүдэд тохирсон арьс арчилгаа, хүүхдийн шүдний эмчилгээ зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж эхэлсэн.

Түүнчлэн бид энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай эмнэлгийн хувьд салбараа дэлхийн жишигт хүргэчих юм сан гэдэг зорилгоо ч бодсон бусад эмнэлгүүдээ хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, тариа тарилга зэргээр хангадаг ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн тариа тарилга, дагалдах хэрэгслээ дандаа хамгийн сайн гэсэн үйлдвэрлэгчдээс өөрсдөө захиалж авч хэрэглэж ирсэн. Гоо сайхан гэдэг хүний хамгийн эмзэг чухал зүйл учраас бүтээгдэхүүний найдвартай байдал, ариун байдал, чанар гэдэг юу юунаас илүү чухал шүү дээ.  Түүнээс гадна бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дэргэдээ шинжилгээний лаборатори ажиллуулж байна. Энэ нь давхар өөрсдийгөө ч эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг.

Ер нь миний хувьд анх энэ салбарт ажиллаж эхлэхдээ л хүнийг гоо сайхан байлгахад туслах бүх боломжийг нэг дор төвлөрүүлсэн, нэг хаалгаар ороод бүх үйлчилгээгээ авч болох тийм боломжийг бүрдүүлэхсэн гэж хүсдэг байсан тэр зорилгоо бодит болголоо.

Та түрүүнд салбараа дэлхийн жишигт хүргэхийн төлөө ажилладаг гэж ярилаа. Энэ салбар хөгжих нь эдийн засагт болоод улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах боломжтой юм бэ?

Өнөөдрийн байдлаар манай салбарт 300 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байна. Бараг л уул уурхайн салбарын дараа орох байх. Тэгэхээр энэ их мөнгө гадагшаа гараад явчих боломжтой байсан гэсэн үг шүү дээ. Анх бол манайхан гоо сайхны хагалгаа, үзлэг хийлгэж зөвлөгөө авах гэж гадагшаа маш их явдаг байсан. Одоо тэр урсгалын тодорхой хэсэг нь эх орондоо үлдэж байна. Цаашдаа энэ салбар хөгжих тусам гадагшаа гарах мөнгөний урсгалыг эх орондоо үлдээхээс гадна гаднаас мөнгөн урсгал татах боломжтой.

Жишээ нь манай эмнэлгийн хамгийн их ачаалалтай сар 6-7 сар байдаг. Энэ нь гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо амрах гэж ирээд эмчилгээ үйлчилгээ хийлгээд явдаг үе юм.  Тодорхой хэмжээний валютын урсгалыг эх орондоо авчирч байна шүү дээ тэд маань. Түүнээс гадна манай улсад нэмэгдэж байгаа аялал жуулчлалыг дагаад бид нар бүс нутгийн улс орнуудад тухайлбал ОХУ, ӨМӨЗО,  Киргизстан, Казахстан зэрэг орнуудаас эрүүл мэнд гоо сайхны аялал жуулчлалыг татах боломжтой. Тэгэхээр бид бүс нутгийн түвшинд технологи, туршлага аль алинаараа тэргүүлж байгаагийнх эрүүл мэнд, гоо сайхны аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн улс орнуудад салбар эмнэлгээ байгуулах зэргээр ажиллах бүрэн боломж бий гэж харж байна.

- Тийм юм байна. Тэгэхээр та бүхэн шинэ эмнэлгээ нээж байгаатай холбогдуулаад дахиад шинэлэг эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлж байгаа юу?

- Шинэ эмнэлгийн байршилд үйл ажиллагаа өргөжүүлэхээс гадна 15 жилийн ойн хүрээд олон шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаагийн нэг болох нөхөн сэргээх, эсийг шинэчлэх шинэ технологи дээр суурилсан VIRTOUSE PRP технологийг олон төрлөөр үйлчилгээндээ нэвтрүүллээ. Арьс гоо засал , эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн далд гоо сайханд, мөн  үс ургуулах, уналт зогсоох,  спортоор хичээллэдэг тамирчид гэмтэлд, чихрийн шижинд хүртэл хослуулж хэрэглэж болох шинэ технологийг оруулж ирсэн.

Өнөөдөр дэлхий даяар гоо сайхны маш олон нэр төрлийн эмчилгээ тарилгууд цаг алдалгүй хөгжиж байгаа ч тухайн хүний өөрийнх нь эд эсээр нөхөн сэргээдэг энэхүү PRP эмчилгээ ердөөсөө моодноос гардаггүй, дагаад л хөгжөөд явдаг. Учир нь хамгийн аюулгүй эрсдэлгүй тэгсэн хэр нь үр дүнтэй байдаг.  Тиймээс бид Америкийн, Японы, Канадын гээд алдартай эмч нар яг ямар PRP ашиглаад байна вэ гэдгийг багагүй хугацаанд судлаад энэхүү VIRTOUSE брэндийг сонгон албан ёсны түншээр ажиллаж эхлээд байна.  Энэ шинэ PRP-ын онцлог бол өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд жишээ нь шүдний буйлыг нөхөн сэргээх, имплант суулгах, хүнд хагалгааны шарх хурдан эдгээж чадахгүй байх үед, мөн дээрээс нь гоо сайхны эмнэлгүүд арьсны эмчилгээ үйлчилгээнд ашиглахаас гадна үс ургуулах, тэр бүү хэл үе мөчний нөхөн сэргээлт, чихрийн шижинд хүртэл ашиглаж болох ийм эмчилгээ юм.

- Яг 15 жилийнхээ ойд зориулаад ямар нэгэн арга хэмжээ ч юм уу төлөвлөсөн үү?

Үйлчлүүлэгч хэрэглэгч нартаа зориулаад хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг үйлчилгээнүүд мөн шинэ бүтээгдэхүүнийхээ онцлог давуу талуудыг таниулах, мэдрүүлэх зорилгоор олон хямдрал урамшууллыг санал болгож байна. Мөн 5 сарын 17-нд болох The Women арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж тэрхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүн бүрд 300,000 төгрөгийн үйлчилгээ авах эрх бэлэглэж мөн 15 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээ авах шагналын сантай азтан шалгаруулах зэргээр оролцоно.

- Сүүлийн асуулт. Эмнэлгүүд маань олон болж хөгжихийн хэрээр үнийг дагаад янз бүрийн эрсдэлүүд гарах, үйлчлүүлэгчдийн дунд эргэлзээ үүсэх, мэс засал хийлгэхийн сайн муу тал гээд маш их сэтгэгдлүүд байдаг. Энэ тал дээр танай эмнэлэг хэрхэн ажиллаж ирсэн бэ?

- Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай эмнэлэг дээр харьцангуй гомдол санал гарах нь бага байсан. Энэ нь магадгүй мэсийн бус эмчилгээнүүд дээр төвлөрч ирсэнтэй холбоотой байх. Гэхдээ ямар ч эмчилгээ үйлчилгээг хийлгэхээсээ өмнө бид нар эрсдэлээ заавал тооцдог байх хэрэгтэй. Эрсдэлийн тухайд хаа ч адилхан шүү дээ. Солонгост жишээ нь бид хамрын хагалгаанд орлоо гэхэд л хагалгааны явцад эсвэл нойрсуулах явцад ямар нэгэн эрсдэл тохиолдоод амь насаа алдлаа гэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулаад л хагалгаанд оруулдаг. Тухайн хүний биеийн байдал, гэнэтийн ямар ч зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Гол нь асуудал тулгарлаа гэхэд мэргэжлийн ур чадвартай эмч нар яаралтай арга хэмжээ авах боломж, техник хэрэгсэл бүхий найдвартай эмнэлэг, туршлагатай эмчээ л зөв сонгох хэрэгтэй.

Солонгос бол жишээ нь 40 жилийн өмнөөс энэ салбараа бодлогоор хөгжүүлээд анагаахын сургуулиуд нь пластик гоо сайхны мэс заслын ангиар эмчээ бэлтгэж байна. Манай тухайд дандаа мэргэшүүлэх байдлаар богино хугацааны сургалтуудаар эмч нараа бэлдэж байна. Голцуу хувийн хэвшлийнхэн эмнэлгүүд өөрсдөө эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, гаднаас эмч урьж сургалт авах гэх зэргээр л бэлтгэж ирлээ. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэх бодлогын түвшинд төр засаг биш юм гэхэд ядахдаа бид холбоогоороо дамжуулаад Америкийн, Солонгосын эмч нараас нэгдсэн байдлаар суралцдаг, хамтдаа хөгждөг байх нь чухал гэж бодож байна. Тэгж чадвал энэ салбар гадагшаа урсаж байгаа олон сая долларыг эх орондоо үлдээх эргээд эх орондоо валютын урсгал татдаг, жуулчдыг авчирдаг, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулдаг салбар болж хөгжих бүрэн боломжтой.

- Ярилцсанд баярлалаа. Төлөвлөж, хийж байгаа бүх ажилд тань амжилт хүсье. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.