Уншиж байна ...

Б.Энхбаяр: Нэг хүн ₮500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Транспэрэнси Интернэшнл байгууллагын судалгааг хүмүүс янз бүрээр тайлбарласан. Тэмцэл явуулаад байдаг, авлигын байр ухраад байгаа.

УИХ олон чиглэлд ажилласан. Төр хэсэг хугацаанд юм илрүүлсэн учраас байр ухарсан гэж ойлгосон. Шинэ сайд авлигатай тэмцэх хөтөлбөрт тус байгууллагын тайланг хэрхэн тусгасан бэ" гэв. 

Түүний асуултад Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Б.Энхбаяр "2023 оны Транспэрэнси Интернэшнл байгууллагын дүгнэлт нь 2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын арга хэмжээнд өгч буй үнэлэлт. 

Бид дотооддоо УИХ, Засгийн газраас олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч гадаад талдаа ойлгуулах, тайлагнах, мэдээлэл хүргэхдээ алддаг.

УИХ-аас авлигатай тэмцэх чиглэлд авлига албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон улс төрд нөлөө бүхий этгээдэд эрүүгийн хуульд заасан ялын дээд хэмжээ буюу хээл хахууль авах хэрэгт бүх насаар хорих ялыг баталсан. Энэ нь Транспэрэнси Интернэшнл байгууллагын тайлангаас хойш хийгдсэн.

ХЗДХ-ийн сайдын зүгээс гэмт хэргийг шалгах чиглэлээр улс төрийн нөлөөлөл оруулахгүй байх. Ямар нэгэн байдлаар захиалгаар, Н.Алтанхуяг даргын яриад байгаа шиг хонгилддоггүй, шантааж хийлгүүлэхгүй байхад анхаарч байгаа.

Захиалгаар хонгилддог схем угсрагдсан, өв залгамжлах хэв шинжээ хадгалсан нөхцөл байдалтай байна. Тэр байтугай ХЗДХ-ийн сайдын нэрийг барьж тодорхой хэрэгт шантааж хийсэн асуудлыг дотооддоо шалгаж байгаа.

Өөрөөр хэлбэл ХЗДХ-ийн сайдаас захиалсан гэдэг байдлаар тодорхой мөнгө төгрөгийн асуудлаар шантааж хийснийг шалгаж байгаа.

Авлига бол цар хүрээтэй өргөжсөн. Улс төрчийг нэг хүн 500 сая төгрөгийн захиалга өгч "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна" хэмээн хариулав.