Уншиж байна ...

Хятадын өмнөд нутагт буусан үерт дөрвөн хүний амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятадын өмнөд эргийн Гуандун мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, олон сая хүний амьдрал, аж ахуйд нөлөөлсөн билээ.

Даваа гарагийн байдлаар муж даяар дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болсон нь тогтоогджээ.

Үүнээс гадна 110,000 хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Гуандун мужийн төв Гуанжоу хотод дөрөвдүгээр сарын турш унасан нийт хур тунадасны хэмжээ 60.9 см хүрсэн нь албан ёсны бүртгэл эхэлсэн 1959 оноос хойших нэг сарын хамгийн их хэмжээ болсныг цаг уурчид өчигдөр мэдээлжээ.

Тус мужийн Заочин, Шаогуань хотууд үерийн гамшигт хамгийн их нэрвэгдээд байна. Заочин хотод гурван хүн амиа алдсан бол Шаогуань хотод нэг аврагч амиа алджээ.

Нэг үе “дэлхийн үйлдвэрийн талбар” гэгддэг байсан 127 сая хүн амтай Гуандун муж нь жил бүрийн зун үер усны гамшигт автах эрсдэлтэй байдаг.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас эхлэн ер бусын хүчтэй аадар бороо тасралтгүй орсон нь ердийн үед тав, зургаадугаар сард эхэлдэг үерийн улирлыг наашлуулжээ.

Үерийн гамшиг энэ долоо хоногоос хөрш Жянси мужийн нутагт шилжиж, одоогоор 459 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тус мужид 1,500 га тариалангийн талбай усанд автсан нь 41 сая юанийн ($5.7 сая) эдийн засгийн хохирол учруулжээ.

 

Эх сурвалж: Reuters