Уншиж байна ...

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон найман жилийн дараа олимпын дэвжээнд дахин өрсөлдөхөөр эрхээ авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг З.Жамбалсүрэн

Киргизийн Бишкек хотод "Парис 2024" олимпын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээнээс манай тамирчид гурван эрх авлаа.

Тодруулбал эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар эрхээ авсан бол эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхон Парисыг зорих тийзээ өвөртөлсөн юм.

Гавьяат тамирчин П.Орхон найман жилийн өмнө Риогийн олимпод оролцсон туршлагатай.

Тэрбээр хэсгийн шатанд тус олимпоос мөнгөн медаль хүртсэн ОХУ-ын Валериа Кобловад оноогоор цэвэр ялагдаад дагах барилдаанд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн Сакши Маликт хожигдсоноор шагналт VII байр эзэлж байв. 

Сонирхуулахад П.Орхон 2017 онд Парист болсон Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс алтан медаль хүртэж байв. Тэгвэл долоон жилийн дараа амжилтаа бататгахаар Парисыг зорих боллоо.

Одоогоор Монгол Улс чөлөөт бөхийн төрлөөр нийт таван эрх авлаа. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар эрхээ авсан билээ. 

ДАШТ болон тивийн эрх олгох тэмцээн өндөрлөсөн. Одоогийн байдлаар 55 улс 232 эрх аваад буй. Ирэх тавдугаар сарын 9-12-нд Туркийн Истанбул хотноо эрх олгох сүүлийн тэмцээн болно. Энэ тэмцээнээр жин тус бүрд гурван олимпын эрх олгох аж.

Одоогийн байдлаар АНУ, Япон бөхийн гурван төрлөөс 13 эрх аваад буй. Тэдний араас Иран улс 11 эрх авсан. Персчүүд зөвхөн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол төрлөөр л өрсөлддөг. Одоогоор эрэгтэйчүүдийн 57 кг-д л эрх аваагүй байна.

Монголоос олимпын эрх авсан тамирчид: 

  • О.Есүгэн (буудлага)
  • Э.Даваахүү (буудлага)
  • Н.Баяраа (буудлага)
  • Б.Отгонболд (байт харваа)
  • О.Есүгэн (бокс)
  • С.Жамбалжамц (дугуй)
  • Д.Отгонжаргал (чөлөөт бөх)
  • Э.Дэлгэрмаа (чөлөөт бөх)
  • Г.Хишигсайхан (марафон)
  • Б.Мөнхзаяа (марафон)
  • Б.Бат-Эрдэнэ (чөлөөт бөх)
  • М.Лхагвагэрэл (чөлөөт бөх)
  • П.Орхон (чөлөөт бөх)