Уншиж байна ...
Зураг
Зураг

Оросын дуунаас хурдан зэвсгийн нууцыг задруулсан хэрэгт буруутсан эрдэмтэн долоон жилийн хорих ял сонсжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Оросын дуунаас хурдан зэвсгийн технологийг хөгжүүлэхэд оролцож байсан эрдэмтэнд эх орноосоо урвасан хэргээр долоон жил шоронд хорих ял оноосныг Санкт Петербург хотын шүүх өчигдөр мэдээлжээ.

Шийтгүүлсэн эрдэмтэн болох 76 настай Александр Куранов нь Санкт Петербургийн судалгааны хүрээлэнгийн захирал, Зөвлөлтийн үед Аякс дуунаас хурдан нисэх аппарат зохион бүтээх төслийг удирдаж байсан хүн юм.

Түүнийг гадаадын иргэдэд технологийн нууц мэдээлэл задруулсан хэргээр 2021 онд баривчилж байжээ.

Курановыг чанга дэглэмтэй шоронд долоон жил хорих ялаас гадна 100,000 рублийн ($1,000) торгуулиар шийтгэснийг Санкт Петербург хотын шүүхийн хэвлэлийн албаны дарга Дарья Лебедева өчигдөр мэдээлсэн байна.

Хоёр удаагийн шүүх хурлын дараа ийм шийдвэр гаргасныг тэр тайлбарлажээ.

Гэхдээ эх орноосоо урвасан хэрэгт хамгийн багадаа 12 жилийн хорих ял өгдөг хуультай мөртлөө ямар шалтгаанаар Курановын хоригдох хугацааг богиносгосныг тэр тайлбарлахаас татгалзсан байна.

“Маш нууцын зэрэглэлтэй хэрэг тул шүүх хурал хаалттай горимд болж өнгөрсөн” гэж Лебедева мэдээлжээ.

2022 онд Украины дайн эхэлсэн цагаас хойш ОХУ-д эх орноосоо урвасан, төрийн нууц задруулсан, тагнуулын ажиллагаа явуулсан зэрэг хэргийн тоо эрс нэмэгдээд байгаа.

2023 онд ийм төрлийн хэргийн гаралт түүхэн дээд хэмжээндээ хүрснийг Дээд Шүүхийн тоо баримтыг боловсруулсан хараат бус хэвлэл саяхан мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: The Moscow Times