Уншиж байна ...

Шувууны ханиадны вирус хүнд халдварлах эрсдэл “маш их санаа зовоож байгаа” талаар ДЭМБ мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шувууны ханиадны H5N1 вирус хүнд халдварлах эрсдэл “маш их санаа зовоож байгаа” талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдэгджээ.

2020 оноос эхэлсэн уг вирусийн дэгдэлтийн улмаас дэлхий даяар олон арван сая тэжээвэр шувуу үхээд байгаа юм.

Сүүлийн үед хэд хэдэн төрлийн хөхтөн амьтанд халдварласан нь хүмүүст халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Тухайлбал өнгөрсөн сард H5N1 вирус анх удаа фермийн үхэр, ямаанд халдварласан юм.

АНУ-ын зургаан мужид 16 үхрийн фермээс шувууны ханиадны вирус илрээд байна. Саяхан Техас мужид сүүний үүлдрийн үнээ малладаг нэг хүн вирусийн халдвар аваад эдгэрчээ.

Фермийн үхрүүд зэрлэг шувуунаас вирусийн халдвар авсан гэж судлаачид үзэж байна.

“Уг вирус одоогоор нугас, тахиа, цаашлаад хөхтөн амьтдад халдварлахдаа хүмүүст халдварлах чадвартай болон өөрчлөгдөж, улмаар хүнээс хүнд халдварладаг болох эрсдэл хамгийн их санаа зовоож байна” гэж ДЭМБ-ын ахлах судлаач Жереми Фаррар өчигдөр Женев хотод сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Одоогоор H5N1 вирус хүнээс хүнд дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа.

Гэвч сүүлийн 20 жилийн хугацаанд амьтнаас хүнд халдварласан хэдэн зуун тохиолдол бүртгэгдээд байна.

Эдгээрийн “нас баралтын түвшин ер бусын өндөр” байгааг Фаррар анхааруулжээ. Учир нь хүмүүст одоогоор уг вирусийн эсрэг байгалийн дархлаа байхгүй байгаа гэнэ.

2003-аас 2024 оны хооронд дэлхийн 23 улсад H5N1 вирус хүнд халдварласан 889 тохиолдол бүртгэгдсэнээс 463 нь нас барж байжээ.

Энэ нь нас баралтын түвшин 52 хувь гэсэн үг юм.

Хамгийн сүүлд АНУ-д илэрсэн тохиолдлыг ноцтой гэж ДЭМБ үзэж байна. Учир нь энэ тохиолдол зэрлэг шувуунаас бус, тэжээвэр амьтнаас хүнд халдварласан юм.

Энэ нь шувууны ханиадны вирус хүмүүст улам ойртож байгааг харуулж байна.

“Энэ нь уг вирус халдварлах амьтны шинэ төрөл зүйлийг хайж байна гэсэн үг” гэж Фаррар үүнийг тайлбарлажээ. Вирусийн цааш халдварлах чадварыг судлахын тулд илрүүлэлт, оношилгоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэр онцолсон байна.

“Ингэж ярих нь эмгэнэлтэй ч, хэрвээ би H5N1 вирусээр халдварлаад үхвэл энэ нь зөвхөн миний хувьд төгсгөл болно. Хэрвээ би ойр орчимдоо тараавал энэ нь нийгмийг хамарсан халдварын цикл эхлэх аюултай” гэж тэр тайлбарлажээ.

Эрдэмтэд одоо шувууны ханиадны вирусийн эсрэг эм, вакцин бүтээхээр ажиллаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: The Guardian