Уншиж байна ...
Зураг
Зураг

Хариу арга хэмжээ авбал “илүү хүчтэй довтлох” тухай Ираны эрх баригчид Израиль, АНУ-д анхаарууллаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой явуулсан агаарын довтолгооных нь хариуд арга хэмжээ авбал “илүү хүчтэй довтлох”-оо Ираны эрх баригчид Израиль, АНУ-ын талд өчигдөр анхааруулжээ.

“Хэрвээ Сионист дэглэм, түүнийг дэмжигчид бодлогогүй үйлдэл гаргавал илүү шийдэмгий, илүү хүчтэй хариу арга хэмжээ авахыг анхааруулж байна” гэж Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Ираны зэвсэгт хүчний ерөнхий командлагч, хошууч генерал Мохаммад Багери өмнө нь бас ижил утгатай мэдэгдлийг телевизээр цацсан юм.

Тэрбээр Ираны явуулсан агаарын довтолгоо “бүх зорилгоо биелүүлсэн тул цааш үргэлжлэхгүй, зогсож байна” гэж энэ үеэр ярьжээ.

Бямба гарагт явуулсан довтолгоо нь дайн дэгдээхгүй байх хэмжээнд хэрэгжихээр урьдчилан тооцоологдсон байсныг Ираны гадаад хэргийн сайд Амир Абдоллахян бас Ням гарагийн өглөө мэдэгдсэн байна.

Түүний баталснаар довтолгоо эхлэхээс 72 цагийн өмнө Тегераны эрх баригчид АНУ-ын талд “хязгаарлагдмал”, “өөрийгөө хамгаалах зорилготой” ажиллагаа явуулах гэж байгаагаа урьдчилж мэдэгдсэн гэнэ.

Ням гарагт Израилийн тал Иранаас харвасан бүх зэвсгийн 99 хувийг холбоотнуудынхаа тусламжтайгаар амжилттай устгаснаа зарласан юм.

Гэхдээ Ирантай үүссэн сөргөлдөөн дуусах болоогүйг өчигдөр тус улсын батлан хамгаалахын сайд Йоав Галлант телевизээр үг хэлэхдээ анхааруулжээ.

 

Эх сурвалж: Aljazeera