Уншиж байна ...
Зураг
Зураг

Дорнод фронтод нөхцөл байдал эрс муудсаныг Украины командлагч мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дорнод фронтын нөхцөл байдал эрс муудсаныг Украины армийн ерөнхий командлагч Олександр Сирьский өчигдөр буюу Бямба гарагт мэдээллээ.

Энэ оны хоёрдугаар сард генерал Валерий Залужныйгаас ерөнхий командлагчийн албан тушаалыг хүлээж авсан тэрбээр “Сүүлийн өдрүүдэд дорнод фронтын нөхцөл байдал эрс муудаад байна” гэж хэвлэлд ярьжээ.

Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалах яам цэргүүд нь Донецк мужийн Первомайск хэмээх жижиг тосгоныг “чөлөөлсөн” тухай мэдээлсэн юм.

Уг тосгон нь энэ оны эхээр Оросын цэргийн эзэлж авсан Авдеевка хотоос баруун зүгт 11 км зайд оршдог.

Өнгөрсөн сард ОХУ-д болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дайсны довтолгоо мэдэгдэхүйц эрчимжсэнийг Сирьский ярьжээ.

Фронтын шугамын хамгийн асуудалтай хэсгүүдэд цахим дайн (дрон), агаараас хамгаалах системийн хүчийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа тэр энэ үеэр мэдээлсэн байна.

Бямба гарагт өмнөд Запорожье мужийн Токмак хотод Украины арми цохилт өгөх үеэр 10 хүний амь үрэгдсэнийг Оросын тал мэдээлжээ. Уг хот дайны эхний өдрүүдэд эзлэгдэж байсан юм.

Дорнод фронтын Часив Яр хот орчимд ширүүн тулаан өрнөж байгааг Киевийн эрх баригчид өчигдөр бас мэдээлжээ.

Уг хот нь удаан үргэлжилсэн цуст тулааны дараа өнгөрсөн оны тавдугаар сард Оросын цэрэгт эзлэгдсэн Бахмут хотоос баруун зүгт 20 км зайд оршдог.

Оросын эрх баригчид Өрнөдийн зэр зэвсгийн тусламж саатаад байгаа энэ завсар үеийг ашиглан аль болох их газар нутгийг эзлэхээр бүх хүчээ дайчилж байгаа.

“Дайснууд Лиман, Бахмут чиглэлээр манай байрлалууд руу ширүүн довтолж байна. Покровскийн чиглэлд олон арван танк, хуягт тээвэрлэгч ашиглан манай хамгаалалтыг сэтлэхийг оролдож байна. Өндөр технологийн зэвсгээр дайснаас илүүрхэх шаардлага гарч байна. Зөвхөн энэ нь бидэнд илүү том дайснаа ялах боломж олгох юм” гэж Сирьский ярьжээ.

 

Эх сурвалж: AFP