Уншиж байна ...
Зураг
Зураг

ОХУ-ын Оренбург хот шар усны үерт автаж, санваартнууд бурхнаас аврал гуйв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын өмнөд хязгаарын Оренбург хот шар усны үерт автсан тул эрх баригчид ард иргэдийг бөөнөөр нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Европ тивийн гурав дахь урт гол болох Уралын ус энэ хотын орчимд аюултай төвшинд хүрч, ирэх долоо хоногийн эх хүртэл буурахааргүй төлөвтэй байгаа юм.

“Өнөөдөр хот даяар түгшүүрийн дуут дохио өглөө. Энэ бол дадлага сургуулилалт биш. Бөөнөөр нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж байна. Нөхцөл байдал маш хүнд байна. Битгий цаг алд! Сүүлийн 10 цагийн дотор Урал голын усны төвшин 40 см-ээр дээшилж, 11.43 метр хүрлээ. Энэ бол маш аюултай хэмжээ” гэж Оренбург хотын захирагч Сергей Салмин өчигдөр Телеграм хуудсандаа бичжээ.

Баасан гарагт 550,000 оршин суугчтай Оренбург хотын байшин барилгууд усанд автаж, зарим хэсэгтээ амины орон сууцнуудын зөвхөн дээвэр уснаас ил харагдаж байв.

“Оренбургийн цаг уурчид үерийн оргил үе өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 12-нд тохиож буйг мэдээллээ. Хоёр өдөр энэ төвшнөө хадгалсны дараа буурч эхлэх төлөвтэй байна” гэж хотын захирагчийн орлогч Алексей Кудинов хэвлэлд ярьжээ.

Оренбург даяар шар усны үерийн улмаас 12,000 орчим сууц, 15,000 орчим эдлэн газар усанд автаад байгааг мужийн захирагч Денис Паслер өнгөрсөн Пүрэв гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Путинд мэдээлсэн юм.

Үерийн гамшиг зүүн зүгт тэлж, Курган, Томск мужуудыг хамарч эхлээд байна.

Баруун Сибирийн Ишим голын ус аюултай төвшинд хүрч нэмэгдсэнийг Тюмень мужийн эрх баригчид мэдээлжээ. Ишим болон Тоболь голуудын усны төвшин энэ сарын 23-25-ны өдрүүдэд оргилдоо хүрэх төлөвтэйг албаныхан тооцоолж байна.

Шар усны үерийн улмаас ОХУ даяар нийт 37 мужид 10,500 орчим амины орон сууц усанд автаад байгаа ажээ.

Агаарын температур хурдтай нэмэгдсэнээс өвлийн цас мөс их хэмжээгээр хайлсан нь Уралын нуруу, Баруун Сибирь, умард Казахстаныг хамарсан бүс нутгийн голуудыг үерлүүлээд байна.

зураг
 

Өчигдөр бас Курган мужийн үнэн алдартны сүм хийдийн хуврагууд Тоболь голын дээгүүр онгоцоор нисэхдээ бурхнаас аврал гуйжээ.

Тэд ингэхдээ Зөвлөлтийн үеийн АН-2 нисэх онгоцонд загалмайн шашны ариун гэгээнтнүүдийн хөрөг иконуудыг залж явсан байна.

Курган мужийн шар усны үер энэ сарын хоёрдугаар хагаст оргилдоо хүрэх төлөвтэй байгаа юм.

Хуврагууд онцгой байдлын албаныхны хяналтын нислэгт хамт зорчсоныг Оросын Үнэн Алдартны Сүм хийдийн Курган дахь салбараас мэдээлжээ.

“Нислэгийн үеэр санваартнууд Бурхны эхэд залбирал уншиж, байгалийн гамшгийг даван туулахад туслахыг гуйлаа” гэж дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: BBC, AFP