Уншиж байна ...

Яндангийн хаалтаа бүрэн хаасны улмаас нэг дор 10 иргэн угаартаж, нас баржээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт энэ сарын 23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага иржээ.

Урьдчилсан байдлаар найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсан, яндангийн хаалт бүрэн хаасан, утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв