Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

Украины дайнд Буриад, Тува, Халимаг үндэстнүүд хамгийн их хохирол амссаныг судлаачид тогтоожээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 2 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Украины дайн гурав дахь жилтэйгээ золгоод удаагүй байна.

Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын эрх баригчид энэ дайны хохирлын тоог албан ёсоор зарлахгүй байгаа. Хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард Оросын батлан хамгаалах яам 6,000 хүрэхгүй тооны цэрэг Украинд алагдсан тухай мэдээлж байв.

Сүүлд BBC агентлаг болон Оросын хараат бус Mediazona хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран Украинд амь үрэгдсэн орос цэргийн тоог нээлттэй эх сурвалжуудаас цуглуулан бүртгээд 45,123 хүргэсэн юм.

Тэгвэл Оросын үндэстний цөөнхүүдийн төлөөлөл энэ мэдээллийн санг цааш нь задлан шинжлээд угсаатны талаас нь нарийвчилсан тоо баримтыг гаргажээ.

Ингэхэд хүн ам цөөтэй жижиг үндэстнүүд Украины дайнд хамгийн их хохирол амссаныг тогтоосноо судалгааг ахалсан АНУ-д амьдардаг буриад гаралтай Мария Вьюшкова ярьж байна.

“Хамгийн эмгэнэлтэй нь хуулийн дагуу цэргийн дайчилгаанаас чөлөөлөгдөх ёстой умард туйлын жижиг үндэстэн ястнууд энэ дайнд хохирч байна. Энэ бол хэний ч ярихгүй байгаа аймшиг. Нэг үеийн дараа эдгээр үндэстнүүд зүгээр л устаж алга болно” гэж тэр ярьжээ.

Ерөнхийдөө Украинд амь үрэгдсэн цэргүүдийн ихэнх нь Оросын зах хязгаар нутгийн иргэд байна.

Үүнийг Вьюшкова улс төрийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн Кремлийн бодлого болохыг тайлбарлажээ.

“Кремлийн хувьд энэ нь улс төрийн эрсдэлийг багасгах арга зам юм. Оросын дундаж улс төрийн идэвхтэй иргэдэд сөргөөр нөлөөлөхгүй байхаар дайныг явуулж байна” гэж тэр ярьсан юм.

Мөн зах хязгаар нутгийн үндэсний цөөнхүүдийн ядуу амьдрал, ажилгүйдэл цэргийн дайчилгаанд түлхүү хамрагдахад нөлөөлж байгааг Вьюшкова баталж байна.

Эдгээрийг хүн амынх нь тоотой харьцуулахад Буриад, Тува, Халимаг, Чукча болон Чукоткийн хязгаарын бусад жижиг ястнууд, Ненец хамгийн их хохирол амсжээ. Тухайлбал Чукоткийн орос биш үндэстэн ястнуудын нийт тоо 17,044 буюу ОХУ-ын хүн амын 0.01 хувийг бүрдүүлдэг. Гэтэл Украины дайны хохирлын 0.09 хувийг энэ хүмүүс бүрдүүлжээ.

Ажил хөдөлмөрийн насны 10,000 эрэгтэй тутамд оногдох хохирлын хэмжээгээр харьцуулахад мөн л Тува, Буриад, Ненец, Алтайн хязгаар, Өвөр Байгалын оршин суугчид хамгийн их хэлмэгдсэн байна.

“Буриадаас гарч явсан хүний хувьд хэлэхэд эх нутагтаа үлдсэн, энэ үндэстний ирээдүйн тулгуур болох, үндэстний өв соёлыг хадгалж үлдэх ёстой хүмүүс энэ дайнд олноор амь үрэгдэж байна. Энэ бол үнэхээр аймшигтай явдал” гэж Вьюшкова ярьжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times