Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: 60 айлын орон сууцыг засах хугацаанд иргэдийг шаардлага хангасан байранд түрээсийг нь төлж байрлуулна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн осол, дэлбэрэлтийн талаар Улсын Онцгой Комисс (УОК)-оос мэдээлэл өгч байна.

Дэлбэрэлтийн улмаас 60 айлын орон сууц галд өртөж, тэр хавьд ажиллаж амьдардаг иргэдийн 29 автомашин шатсан. Өвлийн хүйтэнд эдгээр иргэн орон байрандаа орох боломжгүй байгаа. Хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт тавьж, хэргийн газрыг хамгаалалтад авсныг Шадар сайд С.Амарсайхан хэллээ. 

Энэ талаар тэрбээр "Хохирол барагдуулах асуудал бий. Шалгалтын ажил дуусаагүй, үргэлжилж байна. 

Энэ асуудлыг эцэслэн шалгаад буруутай этгээдийг тогтоож, хариуцлага тооцоод хохирлыг барагдуулахад цаг хугацаа нэлээд орох учраас цаг хүлээхгүйгээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. 

60 айл өрхийн байр орон сууцыг нэн яаралтай засах, хэвийн горимд оруулах ажлыг эхлүүлэх, энэ хооронд айл өрхүүдийг нөхцөл байдлыг нь дордуулахгүйгээр шаардлага хангасан орон сууцанд түрээсийн төлбөр хураамжийг нь төлж байрлуулах ажлыг Улаанбаатар хот, Онцгой комисс болон Засгийн газрын зүгээс шийдвэрлэж байна.

Бусад шаардлагатай арга хэмжээг мөн авч хэрэгжүүлнэ" гэлээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/347513154795995