Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай: Сайхан бүсгүйчүүдийн зургийг нь хайчлаад ханан дээрээ наах байлаа

"Playboy Mongolia"
2013 оны 12 сарын 13
"Playboy Mongolia" сэтгүүл
Зураг зураг
О.Магнай

ШӨХТГ-ын дарга, тэмцэгч О.Магнай "Playboy" сэтгүүлд ярилцлага өгчээ. Түүнд эгэл даруу, цаанаасаа гэрэлтсэн бүсгүйчүүд таалагддаг гэнэ. Бас зарим хүмүүс түүнийг хөгшин гэж боддог бололтой. Гэвч хөгшин биш залуу байгаа шүү гэдгээ бүсгүйчүүдэд дайсан байна.

Рlayboy: Магнай гэхээр л хувьсгалч дүр төрх харагддаг, одоо хийж байгаа энэ ажил чинь үүнд зохицоод байгаа харагдах юм. Гудамжинд тэмцэж байхын үе өнөөгийнхөөс чинь ялгаа байна уу?

О.Магнай: Байхгүй. Гудамжинд тэмцэж байсан гэсэн үг надад ерөөсөө ч эвгүй сонсогддоггүй. Надад тийм шаардлага байхгүй. Би угаасаа л тэмцэгч зан чанартай хүн. Аливаа асуудалд хандахдаа өв тэгш шийдчих юмсан гэж зүтгэдэг. Нийгэмд асуудал байвал байна. Үүнийг шийдэх ёстой юу гэвэл ёстой. Нийтийн эрх ашгийг өөртэйгөө хамааруулж харахыг оролддог. Энэ чанараараа ч энэ ажлаа хийж байгаа.

Рlayboy: Загатнасан газар маажна гэгчээр богино хугацаанд нилээн ажил амжуулчих шиг боллоо?

О.Магнай: Хийж байгаа ажлаа тоочихоосоо илүү бодлого яривал илүү дээр гэж бодож байна. Манай улсын эдийн засаг дэндүү жижиг дээрээс нь нийлүүлэгч дэндүү цөөхөн. Хүн ам цөөн. Үүнээс болоод хоорондоо найз нөхдийн гэх мэт сүлбээ холбоо тогтоох магадлал өндөр. Манай эдийн засаг хэдхэн хэрэглэгчтэй, зах зээл дээр давамгай байдлаар хэдхэн аж ахуйн нэгжээс шалтгаалсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төрөөс ямар ч оролцоо байгаагүй зөнд нь хаячихсан. Үүнээс болоод хэдхэн хүн нэг оройн хоолон дээрээ маргааш юмны үнийг яаж өсгөх талаар хоорондоо яриад шийдчихдэг.

Тэгээд ямар ч хяналтгүйгээр иргэдийн хармаанаас мөнгийг нь хулгайлдаг тогтолцоо бий болсон байна. Үүнийг олигархи тогтолцоо гэж нэрлээд байгаа юм л даа. Тэр олигархиуд эдийн засгийн бүтцийг ийм болгочихсон байна. Too ярих юм бол инфляци жилдээ 14-15 хувьтай, нийт эдийн засагтай харьцуулж үзвэл иргэдийн хармаанаас үнийн өсөлтөөр 1,4 трилон төгрөг буюу 1 тэрбум долларыг хулгайлж байна. Үүнийг зохицуулах бодлогууд явж байгаа. Ерөнхийд нь үзэгдлийг харахад тухайн компаниудыг торгоод хариуцлага ярьж байгаа боловч агуулгаар нь авч үзвэл эдийн засгийн моделийг өөрчлөе, хуйвалдаан гээд байгаа зүйлийг л байхгүй болгоё гэсэн бодлого руу чиглэж байгаа гэж ойлгож болно.

Рlayboy: Таны удирдаж байгаа энэ байгууллагын үйл ажиллагаа өмнө нь тодорхойгүй байсан нь нууц биш. Өөрийн тань хийж байгаа ажлаас харахад чухал үүрэгтэй байгууллага болох нь олон нийтэд ил боллоо. Хэдхэн гэр бүл инфляцийг бий болгодог байжээ гэж ойлголоо?

О.Магнай: Яг үнэн. Гадаад хүчин зүйл бол байгаа. Бүхий л хэрэглээний 70-80 хувийг импортоос бүрддэг. Гэхдээ гадаад хүчин зүйлийг тооцоод үзэхэд хуйвалдааны үнийн өсөлт давамгайлж байгаа. Би энэ ажлыг аваад 3 хан cap л болж байна. Энэ хугацаанд чамгүй зүйл хийсэн. Миний харж байгаагаар 7 салбарт төр зайлшгүй оролцох ёстой гээд үүнд эрх зүйн шинэтгэл, хуулинд оруулах өөрчлөлтийн асуудлыг багцаар нь боловсруулж байна. Ирэх 2 жилийн хугацаанд үүнийг шийдэж дуусгана. Үүний дараа чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, хариуцлага тооцдог болох, хуйвалдахаас айдаг тийм л эдийн засгийн моделийг бий болгохын төлөө л үзэлцэж байна даа. Өрсөлдөөнд жирийн хүн ч ороод шударгаар өрсөлдөх боломж бололцоо нээлттэй болно гэсэн үг.

Рlayboy: Тэр хуйвалддаг компаниуд таны энэ суудалд өөрийн хүнийг тавьчихдаг байсан. Асуудал гомдол яриад нэмэргүй байсан, тийм үү?

О.Магнай: Миний нэг зарчим одоо хойшоо хараад яах вэ, урагшаа л харъя. Одоо бол хууль зарчмын дагуу л үйлчилнэ. Төр хүчтэй байна гэдэг нь цагдаа нь бороохойтой зэвсэгтэй байхаас илүүтэй хууль хүн бүрт тэгш үйлчилдэгт л байдаг. Үүнийг бий болгохын төлөө ажиллаж байна даа.

Рlayboy: Таны хийж байгаа ажил дотроос нэг зүйл анхаарал татаж байна. Чингис, Соёмбо гэсэн нэрийг төр өөртөө авна гэж. Энэ ажил хэр удаан үргэлжлэх бол?

О.Магнай: Энэ бол надаас шалтгаалахгүй л дээ. Манай хийх ажил биш үндсэндээ.

Рlayboy: Шатахууны үнэтэй холбоотой алдарт 17 тэрбум төгрөгийн асуудал ямар шатандаа явж байна?

О.Магнай: Сайн мэдээ дуулгахад зарим нөхдүүд шүүхэд хандсан байгаа. Шүүх хурал болох байх. Зарим нь нэхэмжлэлээ гаргаагүй байна. Тийм учраас миний ойлгож байгаагаар эхний төлбөрүүд хийгдэх болов уу.

Рlayboy: Хувийн асуудлыг тань сонирхвол та гэр бүлтэй юу?

О.Магнай: Ганц бие.

Рlayboy: Эхээс хэдүүлээ вэ?

О.Магнай: Хоёулаа.

Рlayboy: Танд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

О.Магнай: Надад эгэл хүмүүс таалагддаг. Байгаагаараа, цаанаасаа гэрэлтсэн эмэгтэйчүүд байдаг даа.

Рlayboy: Та 30 настай. Нийгэмд идэвхтэй тэмцэл хийж эхлэх үедээ та дөнгөж 20 гарч байсан тийм үү? Бодоод үзэхэд наснаасаа ахадсан үйл хэрэгт зүтгэж явсан мэт? Залуусын дунд та нэгэнт нэр хүндтэй болсон байна. Таныг дэмжиж үйл хэргийг тань ажиглаж явдаг тэдгээр залууст хандаж хэлэх үг юу байх бол?

О.Магнай: Манай нийгмийн буруу тогтолцооноос болж залуу хүн бүрт боломж байхгүй байна. Хичнээн Жобс, Гэйтс мэт байгаад авьяасаа нээж чадахгүй байна. Нийгэм маань нэгэнт ийм байгаа нөхцөлд залуус маань өөрсдийнхөө төлөө тэмцэгч байх хэрэгтэй гэж боддог. Залуу хүн бүр бүр хувьсгалч байх хэрэгтэй, тэмцэгч байх хэрэгтэй. Бурхан хүн бүрт нэг давуу тал өгсөн л байж таараа.

Рlayboy: Танд цаанаасаа нэг хувьсгалч зан чанар байгаад байна. Үүнд юу нөлөөлж байна?

О.Магнай: Би өөрийгөө дүгнэх хэцүү байна. Хөндлөнгөөс дүгнэх байх тийм ээ \инээв\ Хүнийг уурлуулж байж тэмцэгч болно гэж байдаггүй юм байна лээ. 7,8 жилийн туршлагаас харахад олон хүн бидэнтэй нийлж байсан, найз байсан. Хувьсгалч гээд өөрийгөө дүгнэхэд хэцүү байна үнэн дээ.

Рlayboy: Тэр жилийн 7 сарын 1 гэхэд тантай холбогддог болчихож. Танд ямар санагддаг вэ?

О.Магнай: Би 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн, ялсан. Яахав миний бага залуугийн амбиц юу байсан бэ гэхээр Ч.Сайханбилэг 27 насандаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Миний хувьд 26-тайдаа УИХ-ын гишүүн болъё гэж өөрийгөө бэлдсэн. 2008 онд би УИХ-ын сонгуульд ялсан. Үнэнийг яръя гэвэл саналаа луйвардуулсан.

Саналыг минь луйвардсан хүмүүс хэвлэл мэдээллээр буруугаа хүлээсэн шүү дээ. Залуу хүний хувьд бодоход хүсэл мөрөөдлийг минь ингэж хяссан нь далавчийг минь хайчилсантай л адил зүйл болсон. Мэдээж 7 сарын 1-ний хувьд эцсийн үр дүн тийм болохыг би үнэхээр хүсээгүй. Үр дүн нь юу байсан бэ гэвэл сонгуулийн саналыг луйвардаж болдоггүй юм байна гэдгийг бага ч гэсэн ойлгуулсан. Гэхдээ нилээн их өртгөөр түүнийг ойлгуулсан байхаа \санаа алдав\

Рlayboy: Тэр үйл явдлын дараа та хоригдсон. Тэр үед юу бодогдож байв?

О.Магнай: Намайг цаазаар авна гээд шоронд хийсэн шүү дээ. Би өлсгөлөн зарласан, 7 хоног ус уугаагүй, даралт 30\60 болсон. Яахав ийм үед хүн явж чадахаа больдог юм билээ. Энэ хүнийг шоронд үхүүлээд яахав гаргая гээд л сулласан шүү дээ. Тийм л зүйл болсон.

Рlayboy: Тэр үед юу бодогдож байв даа?

О.Магнай: Тэр нөхдүүд “би эргээд нэг цагт шоронд” гээд бодно ш дээ \инээв\ Над шиг хүнд ийм амьдралыг сонгосон нь шорон бол хэзээд бэлэн байсан зүйл байхгүй юу даа. Мэдээж шоронгийн хаалга татахад ямар ч хүн барьц алдана. Орсны дараа тэр байшин дотор эгэл хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгоно тийм үү. Одоо бол миний бодол хүнийг үзэл бодлынх нь төлөө шоронгоор айлгадаг тийм нийгэм битгий байгаасай гэж боддог.

Тэр үед илүү их дарамт нь юу байсан бэ гэхээр надтай хамт байсан бүх хүнийг хорьчихсон байхгүй юу. Туслах, жолоочоос маань эхлээд бүгд надтай хамт шоронд байсан шүү дээ. Бүгд ял сонссон, 3-5 жил. Суллагдсаны дараа энэ бүх хүмүүсийн ээж, эхнэрүүд над руу утсаар ярьж уйлдаг байлаа шд. Энэ бүхнийг сонсоход таатай байсан гэж гэвэл үгүй л байхгүй юу. Хамгийн хэцүү үе тэр байсан.

Рlayboy: Ээж тань их зовсон байх даа?

О.Магнай: Яаж сайхан байхав дээ, миний хүү зүгээр л хүн шиг амьдарч болдоггүй юм уу гэдэг байсан /инээв/.

Рlayboy: Залуу хүний хувьд Монголын ойрын ирээдүйг хэрхэн харж байна?

О.Магнай: Бид нэг үеэ бодвол эрх баригчдын эгнээнд шилжлээ. Өмнө шүүмжилдэг байсан. Миний харж байгаагаар ойрын 5-10 жилд, алтан үе гэх үү дээ, баялагийн хуваарилалтыг зөв ашиглаж тогтолцоог зөв болгох юм бол Азийн Норвеги болно. Үүнд 100 хувь итгэлтэй байна. Өвөг дээдэс маань бидэнд асар их баялаг үлдээсэн байна. Энэ бол давуу тал. Байрлалын хувьд ч авч үзвэл том зах зээл бидний хажууд байна. Энэ бол яахын аргагүй бас нэг давуу тал. Зөв явах юм бол монгол хүн бүр сайхан амьдрах боломж байна гэж боддог. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл үүнд энэ төрийг удирдаж байгаа хүмүүсийн сэтгэл хэрэгтэй.

Рlayboy: Та иргэний хөдөлгөөний удирдагч байсан тийм үү?

О.Магнай: Одоо ч тийм.

Рlayboy: Яагаад АН-ын гишүүн болов?

О.Магнай: 2008 оны сонгуулийн дараа шоронд байхдаа нэг зүйлийг бодсон. Иргэдийн ардчилсан хүч өөрчлөлтийн талд гэсэн саналыг хуваах юм бол эцсийн үр дүндээ нөгөө хуучинсаг хүчин ялаад байх байсан гэж. Үүнийг олж харсан. Ямар ч байсан ардчилсан хүч гэдэг бол нэг цул байх ёстой гэж бодсон. Сонгуульд амжилт үзүүлэх ёстой.

Рlayboy: Иргэний хөдөлгөөнийг удирдаж байсан туршлага одоогийн ажилд тань хэр нөлөөлж байна?

О.Магнай:  Миний хийж байгаа ажлуудыг бичсэн таны гарт байгаа жагсаалтаас харахад Монголын бүх том компаниудын асуудал байгаа биз? Наадуул чинь Монголын эдийн засгийн 70-80 хувийг бүрдүүлж байгаа. Одоо импортынхантай яриад эхэллээ. Тэгэхээр эдийн засгийг 100 бүрдүүлж байгаа нөхдүүдтэй байгаа хэрэг. Эд бол улс төрд маш их нөлөөтэй, Монголын хамгийн их мөнгөтэй хүмүүс. Нүүр бардам хэлэхэд иргэний хөдөлгөөний удирдагч гэдгээрээ эдэнтэй тэмцэж байна даа. Надтай хуйвалдах бололцоо байхгүй, миний өмнө нь хийж байсан тэмцэл зарчим хана босгосон байна. Тиймээс асуудлыг богино хугацаанд зарчмын хувьд шийдэхэд дөхөмтэй болж байна.

Рlayboy: Үйлдвэрчний ерөнхийлөгч С.Ганбаатар “саарал ордны гаднаас нь хашгираад нэмэр алга, одоо дотор нь ороод үзэлцэнэ” гээд УИХ-д орсон. Үүний адил та энэ ажлыг хийж байна уу?

О.Магнай: Та нэг зүйлийг ажиглаарай. Иргэний хөдөлгөөний 4 хүн одоо УИХ-ын гишүүн байна. Энэ хүмүүс бүгд өөрсдийнхөө тойрогт 1-ээр гарч ирсэн. Ард иргэд бол иргэний хөдөлгөөнийхөнд хайртай. Гэхдээ хайрын хажууд хал гэж байна. Хүн хайрладаг хүнээ загнадаг. Бид аль алиныг нь үзсэн. Хатаагдсан гэх үү дээ. Хайрлуулж байна гээд сэтгэл нь хөдлөхөө больсон, загнуулж байна гээд гундахаа больж дээ. Чиг шугамаа олсон хүмүүс л дээ манай иргэний хөдөлгөөнийхөн. Бид кранаар өргүүлж гарч ирээгүй, цэвэр өөрсдөө үзэлцсээр байгаад өнөөдрийг хүрсэн.

Рlayboy: Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

О.Магнай: Ууланд авирах дуртай. Урьд нь хөл бөмбөг тоглодог байлаа. Гэмтэл аваад “зодог” тайлсан.

Рlayboy: Хөл бөмбөгийн аль клубын фен вэ?

О.Магнай: Манчестар Сити-г дэмждэг. Энэ багийг баян хүн авснаар дэмжигч олон болсон. Миний хувьд бүүр өмнө ядуу баг байхаас нь дэмждэг байсан. Манчестар Юнайтэд дандаа баячууд ирж тоглодог. Харин Манчестар Сити-д тэр хотын хүүхдүүд тоглодог. Ард түмэнлэг шинжтэй юм уу даа. 

Рlayboy: Найз нөхөд хэр олон байдаг вэ? Найзуудтайгаа цагийг яаж өнгөрүүлдэг вэ?

О.Магнай: Би тийм ч завгүй хүн биш. Дандаа завтай байдаг. Найзууд гэлтгүй надад хандсан хүмүүст дандаа зав гаргадаг. Найзуудтайгаа хийх юм байлгүй яахав.

7 хоногт 3 удаа фитнесс клубт гүйдэг. Ууланд хамт явах гээд олон зүйл байна аа.

"Би алкахол хэрэглэдэггүй байсан. Сүүлийн үед бага зэргийн шар айраг хааяа уудаг болж байгаа"

Рlayboy: Архины хэрэглээ?

О.Магнай: Би алкахол хэрэглэдэггүй байсан. Сүүлийн үед бага зэргийн шар айраг хааяа уудаг болж байгаа. Яагаад гэвэл би 2010 онд хөрөнгийн зах зээлд арилжаа хийж эхэлсэн. Энэ 2 жилийн хугацаанд амжилттай байлаа. Хонг Конгийн арилжаа эхлэх цагаас Нью Иоркийнх хаах хүртэл суудаг байлаа. Энэ чинь бас стресстэй ажил. Үүнийг давахын тулд хааяа шар айраг ууж эхэлсэн дээ.

Рlayboy: Монголд хувьсгал хэрэгтэй гээд нэг хэсэг бужигнуулаад авсан. Одоо энэ бодол тань хэвээрээ юу?

О.Магнай: Хэвээрээ. Ер нь бол яахав энэ тогтолцоог өөрчлөх шаардлага зайлшгүй байгаа. Үүнийг эрх баригчид хийх ёстой. Хэрвээ тэд хүсэхгүй бол “гудамжнаас” ард түмэн шаарддаг зүйл. Өнөөдөр энэ засгийн газрын олон шинэчлэлийн бодлого яригдаад хийж эхэлж байгаа. Хувьсгал гэдэг чинь буу барьж дайрч давшлахыг хэлэхгүй шүү дээ. Ярилцах ёстой, зайлшгүй хийх өөрчлөлтийг хийж үр дүн гарах ёстой. Энэ чинь л хувьсгал шүү дээ. Миний хувьд өөрийнхөө хариуцсан салбарт хийхийг оролдож л байна. Жишээ үзүүлэх санаатай. Хувьсгалч хүн асуудалд ингэж ханддаг юмаа гэж.

Зарим хүн намайг хөгшин гэж боддог шиг байгаа юм. Танай сэтгүүлийг бүсгүйчүүд уншдаг байх. Залуу гэдгээ бас хэлчихье.

Рlayboy: Эзнээ олсон суудал гээд таны албан түшаалын талаар олон нийт ярьж байна. Нөгөө талаар болгоомж хэрэгтэй гэсэн санаа зовнил бас байна. Болгоомжлол төрөх юм уу?

О.Магнай:  Манай улс 200 жил гадны дарлалд байгаад эх орончид нь хорлогдож үхсээр ийм айдас бий болчихсон гэж ойлгож байна. Одоо бол өөр цаг үе. Монголчууд 3 хувьсгал хийхдээ нэгнийгээ алаагүй. Зөв зүйлийн төлөө явж байхад цус гаргахгүй байлгүй дээ.

Рlayboy: Шударга хүнд өнөөгийн нийгэм хэцүү, явах зам нь хаалттай байдаг тийм үү?

О.Магнай:  Шударга гэхээсээ зарчим гэж томъёолох хэрэгтэй гэж бодож байна.

Рlayboy: Бялдууч, хаашаа ч гулгаад орчихдог могой мэт хүмүүс олон байна.

О.Магнай: Гүн ухаантан Максвеллийн үг байдаг даа. Үнэг мэт овжин, чоно мэт зоригтой, шархадсан ирвэс мэт улс төр хийх ёстой гэж. Түүхэндээ манай хаадууд суу заль хэрэглэдэг байсан. Заль гэдгийг нь Монголоор овжин гэж тодорхойлдог.

Рlayboy: Та аз жаргалтай юу?

О.Магнай: Би үргэлж тийм байсан. Шоронд хэвтэж байхдаа хүртэл аз жаргалтай байсан.

Рlayboy: Яагаад?

О.Магнай: Хүн бүрт хүүхэд байхдаа том болоод тийм хүн болно доо гэсэн төсөөлөл мөрөөдөл байдаг шүү дээ. Би яг л өнөөгийн энэ амьдралаа боддог байсан. Шоронд хоригдохыг хүртэл төсөөлж байсан гээд боддоо. Би өөрийнхөөрөө амьдарч байгаа. Тиймээс би аз жаргалтай байгаа шүү. Ээжийгээ л жаахан зовоож байгаа байх.

Рlayboy: Монголын эмэгтэйчүүд гэр бүлээ авч явахаас эхлээд нийгмийн ачааг хамгийн их үүрч байгаа хүмүүс болжээ. Эрчүүд хааччихваа. Энэ талаар та юу хэлмээр байна?

О.Магнай: Би эрчүүдийг тийм сул болчихсон гэж харахгүй байна. Гол нь эр хүнийг амжилт чимдэг. Хэдий чинээ амжилттай байна төдий чинээ хүчтэй хийморьтой байдаг. Өнөөдөр энгийн хүмүүст боломж нь алга. Даргатай холбоотой нэг нь сайхан амьдрах боломж бий болдог нэг тийм зүйл өнгөрсөн хугацаанд бий болчихсон байна. Энэ нь тэднийг сэтгэлээр унагаж байж болох талтай. Би өөрийнхөө ажлын хүрээнд баримталж байгаа “хууль хүн бүрт адилхан үйлчилнэ ээ” гэсэн зарчим бол жирийн иргэдэд боломжийг өгөхийн төлөө хийж байгаа тэмцлийн нэг хэлбэр юм л даа.

Рlayboy: 20 настайдаа та ямар залуу байв?

О.Магнай: Тэр үед би Сангийн яаманд мөнгөний бодлого хариуцсан мэргэжилтэн байлаа. Романтик, бүх юмыг амархан шийдчихнэ гэж хардаг. Наана харагдаж байгаа сүүдрийг олж хараад цаана нь нар байдаг гэдгийг олж хардаггүй үе л дээ. Би багадаа Польшид байсан. Лех Валенсаг хүндэлдэг байлаа. Тэр хүн 90-ээд оны ардчилсан өөрчлөлтийг эхлүүлсэн хүмүүсийн нэг. Польш улсад анхны жагсаал цуглааныг эхлүүлж байсан тэмцэгч.

Рlayboy: Одоогийн энэ 30 насандаа өөрийгөө хэрхэн харж байна?

О.Магнай: Залуу байна. Амьдрал ийм тийм гээд л яривал 40, 50 настай хүмүүс шоолох байх тийм ээ. \инээв\. 20-иод насан дээрээ насыг хүчин зүйл гэж боддоггүй байсан. 20, 40, 50 настай хүмүүс бүгд адилхан гэж боддог байж. Гэтэл насны хүчин гэж байдаг юм байна. Өөр дээрээ харж байна. Нас бол ухааны цар, асуудалд хандах хандлагаар өөр өөр байдаг юм байна. Ядахад 20, 30-ийн хооронд том ялгаа харагдаж байна шүү дээ.

Рlayboy: Хүмүүс ингэж ярьдаг л даа. Магнай чинь залуу хүн байна шд. Хижээл настай хүн шиг юмаа гэж?

О.Магнай:  Зарим хүн намайг хөгшин гэж боддог шиг байгаа юм. Танай сэтгүүлийг бүсгүйчүүд уншдаг байх. Залуу гэдгээ бас хэлчихье. /инээв/

Рlayboy: Гэр бүлийн харилцааны талаар таны бодлыг сонирхвол?

О.Магнай: Эрт гэр бүл болох дэмий гэж хардаг миний хувьд. Миний ойлгож байгаагаар амьдралд ингэвэл зөв буруу гэсэн онол байдаггүй болохоор хүн бүр өөрийнхөөрөө явна.

Рlayboy: Playboy сэтгүүл Монголд орж ирсэн талаар та юу гэж бодож байна?

О.Магнай: Би их баяртай байгаа. Дэлхийн нэг хэсэг болж байгаагийн илрэл ш дээ. Их хүч хөдөлмөрийн үр дүнд танай сэтгүүл гарч байгаа гэж харж байгаа шүү. Оюуны хөдөлмөрийг дэмжих ёстой. Тиймээс би танай сэтгүүлийг захиалж уншдаг. Сайхан эмэгтэйчүүд зургаа авахуулж байна. 20-той байсан бол зургийг нь хайчлаад ханан дээрээ наах байсан байлгүй дээ. \инээв\ Танай багийн нөхдөд амжилт хүсье. Олон шалгуур давах байх. Үүнийг давахдаа алсыг харж байгаарай гэж хэлмээр байна.