Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны тухай хуульд нэмэгдэж орж буй ОНЦЛОХ дөрвөн өөрчлөлт

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ахны хэлэлцүүлгийг хийх билээ. 

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлнэ хэмээн үзэж буй.

Түүнчлэн банк хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа юм. 

Монголын банкны салбарт дийлэнх банкууд хэт төвлөрөлтэй буюу гурав хүртэлх тооны хувьцаа эзэмшигч 90-ээс дээш хувийг эзэмшдэг.

Өөрөөр хэлбэл, хэт төвлөрөл нь санхүүгийн салбарын хөгжил, тогтвортой байдал, эрсдэл даах чадварт сөргөөр нөлөөлдөг. 

Иймээс Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орсон онцлох заалтуудаас танилцуулж байна.



Нэг. "БАНК" хувьцаат компани

Банк үүсгэн байгуулах, банкны үйл ажиллагааг зөвхөн хувьцаат компани хэлбэртэй компани эрхэлнэ хэмээн тусгасан. 

Одоогийн хуулиар банкны үйл ажиллагаа явуулах хэлбэр нь ХХК болон ХК байх хэлбэрийн аль аль нь нээлттэй тул банк үүсгэн байгуулагч нь шаардлага бага тавигддаг ХХК хэлбэрийг сонгож байна. 

Банкийг ХК хэлбэртэй байхаар зохицуулснаар:

  • Банкны салбар дахь хувь эзэмшлийн төвлөрлийг тархаах;
  • Хувь эзэмшлийн төвлөрөлд тавигдах шинэ шаардлага, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын банкны салбарын онцлог хөрөнгийн захын хөгжил зэрэг бусад хүчин зүйлийг харгалзан тогтоох;
  • Хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа бусад байгууллагатай хамтрах давуу талтай.
Хоёр. Хувь эзэмшлийн хязгаар

Банкны хувьцаа эзэмшил аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх бөгөөд энэ зохицуулалт мөрдөгдөхгүй байх шаардлагатай тохиолдлыг хуулиар тодорхойлно гэж тусгасан. 

Гурав. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч

Банкны хувьцаа эзэмшилд хязгаарлалт хийхтэй холбогдуулан нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт, банк байгуулах, банкны хувьцаа эзэмшихэд Монголбанкнаас зөвшөөрөл олгоход баримтлах зохицуулалтыг өөрчлөхөөр тусгасан. Тодруулбал, Банкны системд нөлөө бүхий банк гэдэг нь: 

  1. Хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ;
  2. Төлбөрийн систем дэх гүйлгээний хувь;
  3. Банкны үндсэн үйл ажиллагаа, гадаад улс дахь үйл ажиллагаа;
  4. Санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан Монголбанкнаас системийн нөлөөтэй гэж тогтоосон банкийг хэлнэ. 

Эдгээр банкны нийгэмд үзүүлэх нөлөө өндөр байдаг тул Монголбанкны зүгээс тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, банкны системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх аж. 

Дөрөв.Төлбөр барагдуулах дараалал

Банканд албадлагын арга хэмжээ авах, татан буулгахад үүсэж байгаа асуудлыг шийдвэрлэх, хуулийг тодорхой болгож сайжруулна. 

Өөрөөр хэлбэл, олон улсын жишиг, сайн туршлагатай нийцүүлж даатгалай хадгаламж эзэмшигч, хөрөнгийн барьцаагаар баталгаажсан төлбөрийн нэхэмжлэлүүдийг төлбөрийн дарааллын тэргүүн ээлжинд оруулна. Ёс зүйн гажуудлыг бууруулж, зээлдүүлэгчийн эрхийг ийнхүү бууруулах нь санхүүгийн зах зээлийг үргэжлүүлэн хөгжүүлэх хөшүүрэг болно хэмээн үзэж байна.