Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын гадна коронавирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол Филиппинд бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Филиппинд аялж ирээд байсан Хятадын иргэн 44 настай эрэгтэй өчигдөр буюу Бямба гарагт шинэ коронавирусийн халдвараар нас баржээ.

Энэ нь Хятадын эх газраас гадна аюултай вирусийн халдвараар хүн нас барсан анхны тохиолдол болж байна. Нас барсан эрэгтэй нь 38 настай эмэгтэйн хамт Ухань хотоос Хонг Конгоор дамжин нэгдүгээр сарын 21-нд Филиппинд ирсэн байжээ.

“Энэ бол Хятадын гадна нас барсан анхны тохиолдол юм” гэж ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-ын Филиппин дэх төлөөлөгч Рабиндра Абеяасингх хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Энэ тохиолдлоос хэдхэн цагийн өмнө Филиппиний эрх баригчид Хятад болон Хонг Конг, Макаогоос ирэх бүх хүнд хилийн хориг тавих болсноо зарласан юм.

Энэ хориг зөвхөн Хятадын иргэдэд биш, бүх улсын иргэдэд үйлчлэх гэнэ.

Харин Хятадаас ирэх филиппинчүүдийг 14 хоног тусгаарлаж, эрүүл мэндийг нь хянахаар болсон байна. 

Уг шийдвэр нь Хонг Конгт голдуу гэрийн үйлчлэгчээр ажилладаг Филиппиний 240,000 иргэнд томоохон бэрхшээл үүсгэж болзошзгүй юм. Тэд жил бүрийн дөрөвдүгээр сард болдог улаан өндөгний баяраар эх орондоо түр хугацаагаар ирдэг.

Хятадад тавьсан хилийн хориг хэр удаан үргэлжлэхийг зарлаагүй байна.

Хэрвээ хориг үйлчилсэн хэвээр байвал цөөн хоногийн хугацаатай эх орондоо ирэх филиппинчүүд 14 хоног хөл хорионд байсаар буцах болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий дахинд 14,562 болсны 14,386 нь Хятадын эх газарт байгаа бол нас барсан 305 хүний 304 нь Хятадад, 1 нь Филиппинд оногдож байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.