Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батсүмбэр-Уул: "Хаппи веритас", "Ай Ти", "Итгэл" лабораториудад нийт 1.5 тэрбум төгрөгийн акт тавьсан

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан 28 лаборатори В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байсан ч 2019 оны долоодугаар сард хийсэн шалгалтаар 15 нь гэрээнийн үүргийн биелэлт хангалтгүй байжээ.

Энэ талаар ЭМДЕГ-ын хуульч Т.Батсүмбэр-Уулаас тодрууллаа.

- ЭМДЕГ-тай 28 лабораторитой гэрээ байгуулахдаа ямар шалгуур тавьсан бэ?

- "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжсэн. Хөтөлбөрийн хүрээнд иргэд өрхийн эмнэлэг дээрээ түргэвчилсэн тестээр илрүүлэг шинжилгээнд хамрагдаад тэр дор нь хариу гардаг. Түргэвчилсэн тестээр В, С вирус илэрвэл идэвхжил тогтоох сорьцыг ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан лабораториуд руу илгээнэ. Тухайн лаборатори сорьцыг шинжилдэг. Идэвхжил тогтоох шинжилгээний үйл явцыг ЭМ-ийн сайдын 2018 оны А/196, А/288 гэсэн тушаалын хавсралтаар зохицуулж байгаа.

ЭМЯ-наас магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн 28 лабораторитой гэрээ хийсэн.

Эдгээр лабораториудын даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар болон ЭМД-ын сангийн санхүүжилт даатгуулагчдад бодит, чанартай үйлчилгээ хэлбэрээр очиж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор "Монголын лабораториудын  нэгдсэн холбоо", УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ-ийн лаборатори, хувийн хэвшлийн лабораториудын төлөөллүүдтэй хамтран хяналт шалгалтыг хийсэн. Ингээд манай байгууллагын зүгээс гэрээний үүргийн биелэлт хангалтгүй гэж үзэн, 15 лабораторийн ЭМД-ын сангийн санхүүжилтээр В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлөө арилгах, албан даалгавар өгсөн бөгөөд "Хаппи веритас", "Ай Ти", "Итгэл" лабораториудад даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан.

Түр түдгэлзүүлсэн 15 лабораториос гурав нь/"Меданалитик", "Протлаб", "Гялс"/ шалгалтын зөвлөмж, албан шаардлагын дагуу тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад, дотоод үнэлгээнд хамрагдсан тул В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг даатгалын санхүүжилтээр хийж байгаа.

Гэрээний үүргийн биелэлт хангалтгүй гэж үнэлэгдсэн 15 лаборатори:

  1. "Хаппи веритас" лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
  2. "Ай Ти" лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
  3. "Итгэл" лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
  4. "Онкоген" лаборатори
  5. "Гэгээн ар үр" эмнэлгийн лаборатори
  6. "Евростандарт" лаборатори
  7. "Мобио" лаборатори
  8. "Протлаб" лаборатори /Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад, дотоод үнэлгээнд хамрагдсан/
  9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
  10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
  11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори
  12. Дермамед "ЮБИ" нэгдсэн лаборатори
  13. "Гялс" анагаах ухааны төвийн лаборатори /Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад, дотоод үнэлгээнд хамрагдсан/
  14. "Мед аналитик" лаборатори /Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад, дотоод үнэлгээнд хамрагдсан/
  15. "Экспресс" оношилгооны тѳвийн лаборатори

- "Хаппи веритас", "Ай Ти", "Итгэл" лабораториуд гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй вэ, хэдэн төгрөгийн хохирлыг арилгах акт тавьсан бэ?

- Лабораториуд мэргэжлийн боловсон хүчин ажиллуулдаггүй, гэрээнд заасан тоног төхөөрөмжөөс өөр төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн бөгөөд хэчнээн даатгуулагчид энэ үйлчилгээг үзүүлсэн гэсэн тооноос хамаараад үнийн дүн өөр өөр байгаа. Тодруулбал, "Хаппи веритас" лаборатори 876 сая, "Ай Ти" 500 сая орчим, "Итгэл" 200 сая гаруй төгрөгийн буюу нийт 1.5 тэрбум төгрөгийн акт тавьсан. Энэ гурван лаборатори улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллаагаа үргэлжилж байгаа.

- Лабораториудтай ямар хугацаатай гэрээ байгуулдаг вэ?

- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд хоёр удаа сонгон шалгаруулалт зарласан. Гэрээг нэг жилийн хугацаатай байгуулдаг. Зарим лаборатори 2017 оноос, зарим нь 2018 оноос В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ ЭМД-ын сангийн санхүүжилтээр хийж байгаа.

- 28 лабораторид иргэдийн өгсөн В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас гаргасан уу?

- Иргэн манайхтай гэрээтэй 28 лабораторид В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ өгсөн бол зардлыг 100 хувь ЭМД-ын сангаас олгож ирсэн. Ингэхдээ бүрэн автомат төхөөрөмжөөр шинжилгээ өгвөл 120,000, хагас автомат төхөөрөмжөөр өгсөн бол 80,000 төгрөгөөр тооцож, даатгуулагчийн өмнөөс санхүүжүүлдэг. Хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байна.

- Өнгөрсөн хугацаанд дээр дурдсан 15 лабораторид шилжилгээ өгсөн иргэд одоо яах ёстой вэ, шинжилгээний хариу үнэн бодитой эсэхэд эргэлзэж байна?

- Манай байгууллагын зүгээс 28 лаборатори гэрээнд заасан үүрэг болон хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийсэн учраас тэдгээр лабораториудад өгсөн шинжилгээний хариу буруу эсвэл зөв гэсэн дүгнэлт хийхгүй.

Үйл ажиллагаа нь хангалттай гэж үнэлэгдсэн лабораториуд:

  1. "Сонгдо" эмнэлгийн лаборатори
  2. Элэгний төвийн лаборатори
  3. "Оношмед" лаборатори
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн лаборатори
  5. Улсын гуравдугаар төв эмнэлгийн лаборатори
  6. "Медипас" эмнэлэгийн лаборатори
  7. Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори
  8. "Бонавита" лаборатори
  9. "Грандмед" эмнэлгийн лаборатори
  10. "Аллергимед" эмнэлгийн лаборатори
  11. Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори
  12. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори
  13. "Интермед" эмнэлгийн лаборатори