Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Үржих дуртай эрэгчин яст мэлхий өөрийн төрөл зүйлийг мөхлөөс аварчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Аварга яст мэлхий Диего

Эквадорын Галапагос арлуудад нийтдээ 15 төрөл зүйлийн аварга яст мэлхий амьдардаг байжээ. Өнөөдөр тэдгээрээс хоёр нь бүрэн устаж алга болсон байна.

Бүлэг арлуудын нэг болох Эспаньол аралд амьдардаг “Chelonoidis hoodensis” нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн аварга яст мэлхийний төрөл устахын ирмэгт ойрхон болсон тул 40 жилийн өмнөөс эхлэн үржүүлэх хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Тухайн үед арал дээр ердөө 15 яст мэлхий үлдээд байсны 12 нь эмэгчин, гурав нь эрэгчин байв.

Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнгээс Диего нэртэй эрэгчин яст мэлхийг зээлээр авч, нутагшуулжээ. Үүний үр дүнд өнгөрсөн 40 жилийн хугацаанд Эспаньол арлын аварга яст мэлхийн тоо толгой 2,000 хүрч өссөн байна.

Тэдгээрийн 40 хувь буюу 800 орчим нь уригдаж ирсэн Диего яст мэлхийний үр удам байжээ. Одоо яст мэлхийн тоо толгой бие дааж өсөх хэмжээнд хүрсэн тул Галапагос арлуудын дархан цаазат газрын захиргаа үржүүлгийн хөтөлбөрийг зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан байна.

Аварга яст мэлхийний төрөл зүйлийг мөхлийн аюулаас аварсан Диего одоо 100 гаруй настай ажээ.

Галапагосын арлууд нь Өмнөд Америкийн Эквадор улсын эргээс 1,000 орчим километр зайд Номхон далайд оршдог. Эдгээр арлуудад дэлхийн өөр хаана ч байхгүй ховор сонин амьтад байдаг юм. 19 дүгээр зууны эхээр нэрт эрдэмтэн Чарльз Дарвин энд ирж судалгаа хийсний дүнд хувьслын онолоо боловсруулж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian