Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бернардино Регаццони: 2019 оны байдлаар бичил уурхайчдын жилийн дундаж орлого 9.6 сая төгрөгт хүрсэн

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Швейцарын хөгжлийн агентлаг "Тогтвортой бичил уурхай" төслийг Монгол Улсад хэрэгжүүлээд 15 жил болж байна. 

Иймд төслийн үр дүнг танилцуулах, цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцэх үүднээс Швейцарын хөгжлийн агентлаг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран “Хариуцлагатай бичил уурхай” форумыг өнөөдөр зохион байгуулсан юм.  

"15 жил ажилласны эцэст Бичил уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого, бичил уурхайн ашигт малтмал олборлох журамд газрын асуудал, байгууллага хоорондын уялдаа холбоо, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг тусгаж өгсөн нь төслийн бодит үр дүнгийн нэг болохыг Швейцарын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони арга хэмжээний эхэнд онцлов.

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр “Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголдоо төдийгүй олон улсад амжилттай хэрэгжиж буй төслүүдийн нэг болсон. Төслийн хүрээнд мөнгөн ус ашиглахгүйгээр алт олборлох технологийг нэвтрүүлсэн бөгөөд хөрсний бохирдол, байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг бууруулахын тулд нөхөн сэргээлтийн аргыг мөн нэвтрүүлсэн нь маш том амжилт байлаа.

Албан ёсоор зохион байгуулалтад орсон бичил уурхайчид жилийн дундаж орлогоо сүүлийн таван жилд 40% нэмэгдүүлж чадсан. 2019 оны байдлаар бичил уурхайчдын жилийн дундаж орлого 9 сая 600 мянган төгрөгт хүрсэн байна.

Түүнчлэн бичил уурхай эрхлэгчид нэгдсэний дүнд “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” байгуулагдсан. Үүний салбар холбоо нь бичил уурхай хөгжсөн аймгуудад үйл ажиллагаагаа явуулж буй билээ. 2019 оны байдлаар тус холбооны аймаг дахь салбарууд нийт 8,396 уурхайчныг эгнээндээ нэгтгэсэн ба эдгээр хүний дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа юм.

Ийнхүү олон ахиц дэвшил гарсан ч бичил уурхай эрхлэгчдийн өмнө дахиад багагүй сорилт байсаар байна. Тухайлбал,

  1. Бичил аргаар эрдэсжсэн баяжуулалтын албажсан борлуулалтын сүлжээ бий болоогүй
  2. Татварын тогтолцоонд бичил уурхайчидтай холбоотой шинэчлэл хийгдээгүй
  3. Орон нутагт бичил уурхайтай холбоотой журмын хэрэгжилт дутмаг байгаа явдал" хэмээв. 
 
Гэрэл зургийг MPA.mn

 "Тогтвортой бичил уурхай төсөл"-ийн бусад үр дүнгийн тухайд  

  • Бичил уурхайчдын хувьд хүний эрх талаасаа дэвшилт, өөрчлөлт гарсан
  • Нөхөн сэргээлтийн чиглэлээр онцгой анхаарч ажилласан бөгөөд Монгол Улсын гурван байршлын 17 газарт нөхөн сэргээлт хийж ажилласан 
  • Бичил уурхайчид чадавхжуулах чиглэлийн сургалтад ихээр хамрагдсан
  • Бичил уурхайчдын эрүүл мэндийн асуудалд анхаарч ажилласан
  • Зориулалтын хувцас хэрэглэлтэй болцгоосон гэх мэт олон үр дүнд гарсан" гэж төслийн хяналтын зөвлөлийн гишүүн Н.Нарантөгс хэлэв. 

Үндэсний Статистикийн хорооноос 2012, 2016 онуудад бичил уурхай эрхлэгчдийн дунд томоохон судалгаа хийсэн байдаг. 

2016 оны судалгаанаас харвал 9.6 мянган иргэн бичил уурхай эрхлэгчдийн судалгаанд хамрагдсан бөгөөд тэдний 73.5 хувь нь алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлж байжээ. Өөрөөр хэлбэл, бичил уурхай эрхлэгчдийн дийлэнх хувийг алт олборлолтын үйл ажиллагаа эрхлэгч эзэлдэг аж.

Алт олборлох үйл ажиллагаа эрхлэгчид бичил уурхайн орлогын 65.4 хувийг бүрдүүлж байгаа ажээ. 

2018 оны аравдугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 1.5 тонн алтыг орон нутагт худалдан авсан 

Монголынбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа "Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх нэг хэлбэр болох үнэт металл худалдан авах ажиллагаан дээр ААН, бичил уурхайчидтай бид хамтран ажилладаг. Холбогдох салбаруудын хамтын ажиллагааны дүнд Баянхонгор, Дархан-Уул аймагт үнэт металлыг сорьцлох, худалдаалах нэг цэгийн үйлчилгээ бий болгосон.

Үр дүнд нь 2018 оны аравдугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 1.5 тонн алтыг орон нутагт худалдан авсан байна. Нийт 110 гаруй иргэн, 20 гаруй ААН орон нутгийн нэг цэгийн төвөөр үйлчлүүлжээ.

Мөн төслийн нэг үр дүн нь орон нутгуудад үнэт металлын гарал үүслийг бүртгэх ажлыг эхлүүлсэн явдал. Үүнийг цаашид улам сайжруулна.

2020 оны хавраас Монголбанк нэгэн шинэ ажил эхлүүлэхээр бэлтгэж байна. Энэ нь Монгол Улсад олборлож, хариуцлагатай уул уурхай болон олон улсын стандартыг мөрдөх замаар гарган авсан алтыг дэлхийн брэндүүд ашиглах тухай гэрээ хийх юм" гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал "ХНХЯ уг төсөлтэй хамтран ажилласнаар бичил уурхай эрхлэгчидтэй холбогдох дүрэм журам, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлаж чадсан зэргээр амжилттай хамтран ажиллалаа.

2018 онд Нийгмийн даатгалын санд бичил уурхайчнаар 1,059 хүн бүртгүүлсэн. Албан бус салбарт ажилладаг 200 мянган гаруй хүний 60-65 хувь нь бичил уурхайд түр зуур, эсхүл тохиолдлын байдлаар ажилладаг гэх тоо бий. Алсдаа бичил уурхайд ажиллагчид нь тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох боломжтой болно гэж бодож байна” гэв.

Энэ үеэр "Тогтвортой бичил уурхай төсөл"-ийн үр дүн, сургамж, тогтвортой байдал болон бичил уурхайн талаар баримталж буй бодлого, түүний үр нөлөөний талаар хэлэлцэхээс гадна бичил уурхайн тухай баримтад киног хийж үзүүлсэн юм.