Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нэхмэлийн шарын оршин суугчид нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргэлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нэхмэлийн шар байруудыг дахин төлөвлөх төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл өнөөдөр нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ.

 Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд хэрэгжиж буй энэхүү төсөл нь төсөл хариуцагч Фүжи холдинг ББСБ ХХК болон хөрөнгө оруулагч Фүжи девелопмент ХХК хоорондын маргааны улмаас зогсжээ.

Иймд иргэд төслийг цааш үргэлжлүүлэх асуудалд төрийн байгууллагуудыг анхаарахыг хүсэж байгаа аж.  

Бид төрдөө найдаж энд ирээд байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Нэхмэлийн шарын нэгдүгээр байрны дарга С.Хишигжаргал "Хоёр компанийн маргаанаас болж өчигдөр барилгын ажил бүрэн зогссон. Оршин суугчид бид одоо хаашаа явах вэ. Бидний ард үр хүүхдүүд маань бий.

Анх бид төрийн хамгаалалт дор гурван талт хэлэлцээр хийсэн. Одоо төр иргэнээ хамгаалах ёстой учраас бид төрдөө итгэж энд ирээд байна. Бид өмнө нь гурван ч удаа төслийн үйл ажиллагааг нь тасалдалгүй явуулахад анхаарах хүсэлтийг нийслэлийн захиргаанд өгч байсан.

Би одоо 80 нас хүрч байна. Өчигдөр компанийнхантай маргаснаас болж даралт ихсээд хэцүү байна" гэлээ.

Шинэ байрандаа орохын тулд квадрат метрийн зөрүү төлсөн

 
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн Б.Янжмаа "Одоогоор хуучин нэхмэлийн шарын дөрвөн байрны оршин суугчид энэ байрыг ашиглалтад орохыг хүлээж байна. Бид 90 хувийн гүйцэтгэлтэй яваа барилгын ажлыг нь хурлан дуусгуулж, байрандаа ормоор байна. Энэ хугацаанд тэдгээр айлууд бүгд л түрээсийн байранд амьдарч байгаа шүү дээ.

Зарим нь шинэ байрандаа орохын тулд квадрат метрийн зөрүү төлсөн. Би гэхэд л зөрүүнд нь 22.5 сая төгрөг төлчихөөд байна" гэлээ.

Хоёр сарын дараа ашиглалтад орох байсан тус барилгыг нийт 130 өрхийн 1,000 гаруй иргэн хүлээж байгаа аж.

Энэ асуудлын хариуцлагыг би төрөөс нэхнэ гэж бодож байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэн А.Тунгалаг "Энэ асуудлын хариуцлагыг би төрөөс нэхнэ гэж бодож байна. Төр оршин суугчдыг энэ компани барьж чадна гэж гурван талт хэлэлцээр хийсэн. Төр хамгаална гэсэн найдлага байгаагүй бол бид энэ компанитай гэрээ хийхгүй л байсан.

Фүжи Холдинг компанийг мөнгөгүй гэдгийг маш эртнээс ярьж, гурван шатны шүүхээр хүртэл явсан.

Байраа хүлээж байгаа өрхүүд бүгд гадуур байр, подвал хөлслөн амьдарч байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нд түрээсийнхээ мөнгийг өгөх ёстой байдаг.

Барилгын ажил зогссон учраас түрээсийн мөнгө ч олгогдоогүй.

Тиймээс түрээслэгчид нь мөнгөө нэхээд биднийг хөөж гаргах дээрээ тулаад байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгч, барилгын ажлыг явуулж өгөхөд туслаач" гэв.

Төсөл сонгон шалгаруулалтыг зарласан төрийн байгууллагын хувьд шийдвэрлэж өгье

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ "Өнөөдөр яагаад ийм байдал үүссэн болсон нөхцөл байдлыг сайн ойлгохгүй байгаа ч ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төслүүдээс хамгийн сайн явж байгаа нь энэ.

Энэ төсөл үе шатны дагуу л хэрэгжих ёстой бөгөөд иргэд голд нь ингэж хохирох ёсгүй.

Хоёр компанийн хоорондын үл ойлгоолцол иргэд хохирох гээд байгааг төсөл сонгон шалгаруулалтыг зарласан төрийн байгууллагын хувьд шийдвэрлэж өгье" хэмээн тайлбар хийсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn