Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж болохгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс гурав дахь жилдээ “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум”-ыг "Хэвлэлийн эрх чөлөө- Дижитал хувьсал" сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа.

Форумын үеэр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлсэн юм. Тус хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид ямар байр суурь илэрхийлж байсныг хүргэж байна.

Сэтгүүл зүй гэдэг олон тоглогчтой болчихоод байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд сэтгүүл зүйн хараат бус байдал хамгийн чухал. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь улс төрийн дарамт болон аливаа хөндлөнгийн шахалтаас ангид байх тухай асуудал юм.

Редакц өөрийн дотооддоо мөрддөг ёс зүйн журмаар хараат бус байдлаа зохицуулдаг.

Харин редакцын хараат бус байдлыг албан ёсоор хуулийн хүрээнд баталгаажуулах нь зөв" гэж үзэж буй тухайгаа Глоб интернэшнл төвийн тэргүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал хэлсэн юм.

Мөн тэрбээр "Иргэдийн үнэн, зөв мэдээлэл хүлээж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд л сэтгүүл зүй үйлчилдэг. Тэрнээс сэтгүүл зүй гэдэг сэтгүүлчид өөрсдийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллага байгуулаад ажилладаг зүйл огтхон ч биш.

Түүнчлэн "Сэтгүүл зүй өнөөдөр олон тоглогчтой болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн яриа хэлэлцүүлэг, олон нийтийн анхаарлын татсан асуудлуудаар зөвхөн Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдээс гадна өөр олон хүн мэдээлэх үйл ажиллагаанд оролцож байгаа"-г хэлж байлаа.

Минимум стандартыг тогтоож өгөх байдлаар хуулийг боловсруулах нь зөв 

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлд Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх зохицуулалт орохоор байна.

Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцаа эзэмшигч нээлттэй байх, хориглосон зарим зохицуулалтыг хэвлэл мэдээлийн зөвлөл өөрсдөө авч явах эсэх асуудлаар ярих ёстой" гэв.

Мөн тэрбээр форумын үеэр тавьсан илтгэлдээ хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хадгалж үлдэх, чөлөөт хэвлэлийг хамгаалах тал дээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэхдээ 1998 онд туссан үзэл, санаа, зарчим, үнэт зүйл нь шинэчилсэн найруулга хадгалагдахаас гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглох зохицуулалт,  төрөөс олон нийтийн мэдээллийн байгууллагад хяналт, цензур тавихгүй байх гэсэн суурь зарчим ч хэвээр үлдэнэ" гэж дурдав.

Сэтгүүлчид хийх ажил, өдөр тутмын мөрдөх ёстой дүрэм журмыг өөрсдөө тогтоож, хяналтаа тавих ёстой

Хэлэлцүүлгийн үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Ёс зүйн ёс суртахуун нь бидний өөрсдийн хариуцлагын асуудал юм. Үүнийг хуулиар зохицуулбал утгаа алдана. Бидний энэхүү ёс суртахууны хариуцлагыг хамтын удирдлага эсвэл өөрийн удирдлагын байгууллага хариуцах хэрэгтэй.

Харин ёс зүйн хорооноос гаргаж байгаа дүгнэлтийг хуулиар хариуцдаг болвол хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн зохицуулалтын утгыг алдагдуулна.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэдэг бол нэг тогтолцоо, нэг систем юм. Үүнийг эрх зүйн хувьд баталгаажуулж өгөх нь мэдээж чухал. Дээр нь иргэний үнэнийг мэдэх эрхэд сэтгүүлч, редакцууд ёс зүйтэйгээр үйлчилж чадаж байгаа эсэхийг хянадаг байгууллага болж байгаа хэрэг.

Сэтгүүлчид нийгэмд хоточ нохойн үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ нь төр засагт иргэд сэтгүүлч нараар дамжуулж хяналтаа тавьдаг гэсэн үг. Тэгвэл сэтгүүлчид өдөр тутамдаа хийдэг ажил, мөрддөг дүрэм журмаа өөрсдөө тогтоож, хянах ёстой.

Иймд сэтгүүлчдийн ажиллах арга зүй болон ёс зүйн код, сонгогдох төлөөллүүдийн асуудлыг салбарт нь үлдээгээд харин суурь зарчмыг нь хуульд оруулж өгвөл талархалтай зүйл болно” гэлээ.

Сэтгүүлчид хоточ нохойн үүргээ асар сайн гүйцэтгэхийн тулд өөрсдөө үүргээ зохицуулах хэрэгтэй

 
Гэрэл зургийг Mpa.mn

Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протце хэвлэлийн өөрийн зохицуулалтын талаар “Бүх л улс оронд ижил асуудлууд нь сэтгүүлчийн хоточ нохойн үүрэгтэй холбоотой.

Ардчиллын үүднээс авч үзвэл сэтгүүл зүй чөлөөт, бие даасан хараат бус хэвлэл мэдээлэл нийгэмд засаглалын гурван эрх мэдлийг ажиглан шаардлагатай тохиолдолд шүүмжлэх тайлбарлах үүргийг хүлээж байдаг.

Монголын хувьд сэтгүүлчид хоточ нохойн үүргээ асар сайн гүйцэтгэхийн тулд өөрсдөө үүргээ зохицуулдаг байх хэрэгтэй. Европын орнуудад ч сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж заадаггүй ” гэж хэлэв.

Гэрэл зургийг Mpa.mn