Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын гэмт хэрэгтнүүдийн цахим залилангийн сүлжээ хэрхэн ажилладаг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
2019 оны зургаадугаар сард Испани улсаас цахим луйврын сүлжээ ажиллуулж байсан Тайваний 94 иргэнийг Хятадад шилжүүлжээ

Хууль хүчний байгууллагууд Улаанбаатар хотын зочид буудлуудад олон тооны хятад иргэд цахим залилангийн сүлжээ ажиллуулж байсныг өчигдөр илрүүлсэн тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ сүлжээ хэр их газар авсан, хэрхэн ажилладаг тухай Хонг Конгийн “South China Morning Post” сонинд 2016 онд нийтлэгдсэн мэдээллийг товчлон хүргэж байна.



Хятад улс 1.3 тэрбум гар утас хэрэглэгч, 700 сая орчим интернэт хэрэглэгчтэйн 90 хувь нь гар утаснаасаа онлайн сүлжээнд холбогддог. Энэ нь тус улсыг интернэт, электрон худалдаа, гар утасны дэлхийн хамгийн том зах зээл болохыг илэрхийлнэ.    

Ийм том зах зээл нь Хятадын болон гадаадын компаниудад бизнесийн асар их боломж олгодог байна.

Нөгөө талаар, гар утсаар өдөр тутмын ажил амьдралаа зохицуулж сурсан, онлайн хэрэглээнд боловсорсон эх газрын хятадууд нь гадаад, дотоодоос цахим сүлжээ ашиглан луйвар хийдэг гэмт этгээдүүдийн хувьд мөн л асар том боломж юм.

Тийм ч учраас Хятад улс гар утас, интернэтээр явагддаг луйвар, залилангийн хэргийн дэлхийн хамгийн том зах зээлд тооцогддог байна.

Тус улсын иргэдийн гар утсанд өдөрт маш олон тооны дуудлага ирдгийн дотор залилангийн хуурамч дуудлага цөөнгүй.  

Зарим нь засгийн газар, цагдаагийн байгууллагын ажилтан болж хүртэл жүжиглэдэг байна.

Ийм гэмт хэргийн сүлжээнүүд Хятадын газар нутгаас хальж, Зүүн өмнөд Азийн улсууд, Австрали, бүр Африкийн орнуудаас ч үйл ажиллагаа явуулдаг болжээ.

Луйврын ийм ажиллагаанд Тайванийн гэмт хэрэгтнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд эх газрын Хятадаас хүмүүс элсүүлж, сургалт зөвлөгөө, заавар өгөөд хилийн чанадад ажиллуулдаг байна.

Интернэтээр хуурамч дуудлага хийх серверүүд нь эх газраас гадна Хонг Конг болон бусад улс оронд байрладаг. Бүр эх газрын Хятадын цагдаагийн газар, прокурор, шүүхийн вэбсайтуудыг хүртэл дуурайлгасан хуулбарууд эдгээр серверт байрладаг гэнэ.

Ингэж хуулийн байгууллагын нэр барьсан луйварчид хохирогч руу залгаад, хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө барьцааны мөнгө, торгууль зэргийг албан ёсны дансанд шилжүүлэхийг шаарддаг байна.

Хятадын Аюулаас хамгаалах яамны мэдээлснээр Тайванийн залилагчид ийм замаар жилд дунджаар 10 тэрбум юанийг эх газрын иргэдээс луйварддаг ажээ.

Залилангийн улмаас иргэд насаараа хураасан мөнгөө алдах, бизнесүүд дампуурсан тохиолдол олон. Хятадын телевизүүд цахим луйвраас болгоомжлохыг иргэдэд байнга анхааруулдаг.

Саяхан нэг томоохон сүлжээг илрүүлсний үр дүнд Африкийн Кени улсаас 77 хүнийг баривчилж ирүүлсний 45 нь Тайвань, 32 нь эх газрын Хятадын иргэд байжээ.

Иргэдийн хувийн мэдээллийг худалдах далд бизнес Хятадад дэлгэрсэн нь хохирогчийн мэдээллийг гэмт хэрэгтнүүд олж авч, ашиглахад тус болдог байна. Жишээ нь, санхүү, даатгалын компаниуд, автомашины борлуулагчдын цуглуулсан хэрэглэгчийн мэдээллүүд ийм замаар луйварчдын гарт ордог.

Зөвхөн нэг тохиолдолд гэмт хэрэгтнүүд Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны албан хаагч, Шанхай хотын цагдаагийн офицер, Бээжингийн прокурор зэрэг хүмүүсийн нэрийг барин залилан хийж, Гуйжоугийн чөлөөт бүсийн нэгэн компаниас 117 сая юань шилжүүлж авсан байна.

Ингэхдээ тэд Хятадын прокурорын газрын вэбсайтыг дуурайлган хуурамчаар ашигласан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Гуйжоугийн цагдаа нар алдагдсан мөнгөний ихэнх хэсгийг олж авсан бөгөөд нийт 62 хүнийг баривчилсны дотор Тайванийн 10 иргэн байсан юм. Тэдний луйвартаа хэрэглэж байсан, банкны 9,942 ширхэг картыг хаасан байна.

Энэ хэргийг мөрдөн шалгах явцад Хятадын Засгийн газар, санхүүгийн байгууллагуудын албан тушаалтнуудын 155,000 талбар мэдээлэл бүхий санг гэмт этгээдүүдэд зарсан хүнийг олж баривчилжээ.

Иргэд, өндөр албан тушаалтнуудын нэр, хаяг, бүртгэлийн дугаар, боловсрол, санхүүгийн мэдээлэл бүхий санг гэмт этгээдүүдэд зарах нь өнөөдөр ашигтай бизнест тооцогдож байна. Банк, даатгал, эмнэлэг зэрэг байгууллагуудын хэрэглэгчдийн мэдээлэлд ойр ажилладаг хүмүүс үүнийгээ мөнгө болгохдоо дундын зуучлагчийг ашигладаг ажээ.

Хувийн мэдээллийг задруулах явдлыг зохицуулах хууль эрх зүйн орчин Хятадад хангалтгүй байгаа нь үүнд нөлөөлж байна. 2009 онд Хятадын эрүүгийн хуульд хувь хүний мэдээллийг буруу зорилгоор ашиглахыг гэмт хэрэгт тооцох заалт анх удаа нэмэгдсэн юм. Уг хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд 500,000 юанийн торгууль төлөх ёстой. Гэхдээ Хятадын хуульчид энэхүү заалтыг маш бүрхэг, хэрэгжүүлэх боломж бага гэж шүүмжилсээр байгаа ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post