Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

500 гаруй шатарчдын “Их нүүдэл” эхэллээ

ikon.mn
2019 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй шатрын тэмцээн өнөөдөр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд эхэллээ.

Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуучууд, ахмад үеийн төлөөлөл, шатар сонирхогч иргэд оролцож байгаагийн  зэрэгцээ Шатрын их мастерууд оролцож байгаа нь тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөж байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа оролцож, тэмцээнд оюуны их ур ухаанаа уралдуулж буй шатарчидад амжилт хүслээ.

 

Тэрээр “Юун түрүүнд Нийслэлчүүддээ 380 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ойг  тохиолдуулан нийслэлийн Засаг даргын бодлого шийдвэрээр иргэд рүү чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлсээр байгаа. Тухайлбал урлаг соёл, спортын тэмцээн уралдаан, мөн хотын тохижилт, үйлчилгээг сайжруулах томоохон бүтээн байгуулалтын ажил арга хэмжээг дурьдаж болно. Спортын арга хэмжээг бид шинэлэг хэлбэрээр, тухайлбал сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, нийтийн гүйлт, унадаг дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулаад байна. Дээрхи тэмцээн уралдаануудад нийслэлийн бүх л насны  иргэд маань маш идэвхи санаачилгатай оролцож байгааг харахад баяртай байна” гэв.

 

Шатрын спортыг хөгжүүлэхэд өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн хүмүүсийн нэг бол Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, ОУХ-ний мастер П.Жигжидсүрэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан. Тэрбээр “Монголчууд эрт үеэс шатрын спортыг хүндэтгэн, хөгжүүлж ирсэн их оюунлаг улс. Манай хүүхэд залуус бага наснаасаа шатрын спортоор амжилттай хичээллэж дэлхий дахинд улс эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа нь үнэхээр бахархалтай. Үүний гол амжилтын үндсийн нэг бол төр засаг, нийслэлээс шатрын спортыг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч буй явдал юм. Түүний томоохон тод жишээ нь өнөөдрийн энэ тэмцээн болж байна, миний хувьд сэтгэл их өндөр байна” гэлээ.

Ийнхүү оюун ухаанаа чилээн их нүүдлээр нүүж буй шатарчдын тэмцээн өнөөдөр өндөрлөх бөгөөд амжилттай оролцсон тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдана.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс