Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Даваадорж: Сайн нийтлэл биччихээд сагсуурах ч бас гоё шүү дээ

Х.Уянга
2019 оны 10 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг

Асаж дүрэлзсэн, омголон дэврүүн, бас шаггүй омогтой. "Засгийн газрын мэдээ" сонины зөвлөх Шатарбалын Даваадоржтой богино хугацаанд хамт ажиллахдаа ийм төсөрхөн дүгнэлттэй үлдсэн байдаг юм. Ууртай ширүүнээрээ биш, ур чадвараараа Монголын сэтгүүл зүйд байр сууриа дархалж, нэгэн тод өнгө нь болсоор яваа түүнийг “Сэтгүүлч” буландаа урилаа.

-Говь-Алтайнх гэдгээрээ их бахархдагийг тань мэднэ. Яриагаа эндээс эхэлье?

-Алтайн гаралтай хэн ч “Засагт ханы хөх харчууд хэцүү” гэж хэлэх боломжийг алддаггүй. Үүний цаана бардамнал байдаг. Манай Алтайд оюун санааны томоохон төвлөрөл байдаг гэж боддог. Монголын шинэ үеийн түүхэнд сэхээтнүүдийн гүйцэтгэсэн үүргийг харвал оюун санааны томоохон өөрчлөлт хийсэн хүмүүсийн олонх нь Алтайнх. Тэр дундаа утга зохиол, сэтгүүл зүйн салбарт манайхан манлай. Утга зохиолд Мишигийн Цэдэндорж, Лодонгийн Түдэв, Чадраабалын Лодойдамба, сэтгүүл зүйд Цэрэндоржийн Балдорж, Баарангийн Пүрэвдаш гээд л урт жагсаалт хөвөрнө шүү дээ. Ийм байхад бахархахгүй яах юм бэ.

-Та Говь-Алтайд төрж, өссөн үү. Эсвэл аав, ээжийнхээ нутгаар овоглодог уу?

-Би Говь-Алтайн Төгрөг сумд төрж, аймгийн төвийн арван жилийн сургуулийг төгссөн. Аав минь насаараа сум, аймагт ажилласан, мэс засалч, хүний гавьяат эмч.

-Сэтгүүлч мэргэжлийг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?

-Би ном унших дуртай, бүр донтчихсон хүү байлаа. 3-4 дүгээр ангид байхдаа сумынхаа номын сангийн номыг дуусгасан. Дөрөвдүгээр ангидаа аймгийн төвд шилжиж ирээд, аймгийн номын сангийн бүх номыг уншсан. Зуны амралтаар томчууд, хүүхэдгүй амраад явчихаар номын санд би л ганцаараа суудаг байв. Номын санч ч намайг андахгүй. Миний мөрөөдөл ерөөсөө л ном унших. Хэн ч саад болохгүй эзэнгүй, сүүдэртэй газарт, данхтай хүйтэн цай хажуудаа тавьчихаад, ном уншаад хэвтэж  байх юмсан гэж мөрөөддөг байв шүү дээ. Өдөр нь гэр орны ажилд туслах хэрэг гарч, шөнө нь тог цахилгаан тасраад ном уншихад саадтай байсан шиг байгаа юм.

Лааны гэрэлд ном унших, хөнжилдөө гар чийдэн асааж байгаад аав, ээждээ загнуулах гэдгийг чинь жинхэнэ туулсан хүн нь би. Ангийнхандаа уншсан номоо ярьж өгнө. Амттай ч ярьдаг байсан бололтой, миний ярьсан номыг найзууд маань бүгд уншина. Ингэсээр найзуудыгаа бүгдийг нь номонд дуртай болгосон доо. Би дэлхийн болон Монголын сонгодог зохиолыг бүгдийг нь аравдугаар анги төгсөхөөсөө өмнө уншаад дуусгачихсан. Түүнээс хойш надад унших ном ч олдохоо байсан. Одоо ч хэрийн ном сонирхлыг минь татахгүй, үнэхээр сэтгэлд хоногшсон зохиолуудыг сэргээх гэж эргэж хардаг.

Намайг ном уншдаг, түүнийгээ ангийнхандаа ярьж өгдөгийг багш нар мэддэг болохоор надаар сонины илтгэл хийлгэдэг байлаа. Ветьнам, Хятадын дайны тухай гэх мэтийн хүнд мэдээллийг багш, сурагчдад олон улсын тоймч шиг л ярина шүү дээ. 1980-аад оны дундуур, 5-6 дугаар ангийн хүүхэд шүү дээ. Энэ бүхэн сэтгүүлч болох хүслийн үүтгэл байсан болов уу.

1990-ээд оны дундуур Хэл иргэншлийн дээд сургуульд Ази, Дорно дахин судлалаар суралцаж байхдаа “Ардын эрх” сониноос зохион байгуулсан сэтгүүл зүйн шавь сургалтыг төгсөж, сэтгүүлч болох замаа олсон.

-Дунд үеийн сайн сэтгүүлчдийн нэлээд нь “Ардын эрх”-ийн шавь сургалтаас төрсөн. Тэр сургалт сэтгүүл зүйн түүхэнд тодоор бичигдэх байх. Та шавь сургалтад хэрхэн элсэж байв?

-“Ардын эрх” сонин шавь сургалтаар сэтгүүлч бэлтгэнэ” гэсэн зараар бүртгүүлсэн. Би их хайнга, замбараагүй хүн шүү дээ, чи мэднэ. Хэзээний л ийм байлаа. Шалгалтанд орохдоо үзэг ч үгүй давхиж очоод, зохион бичлэгээ балын харандаагаар бичиж байснаа санаж байна, харин юу бичсэнээ мартаж. Ямартай ч эхний шатандаа тэнцэж, хоёрдугаар шат буюу ярилцлаганд орсон. Ц.Балдорж, Б.Пүрэвдаш, Э.Сонинтогос гээд сэтгүүл зүйн мундгууд ярилцлага авч байсан юм билээ. Би хэнийг нь ч танихгүй. Ороод очтол нутаг ус асуув. “Говь-Алтайнх” гэтэл хоёр эрэгтэй нь хоорондоо толгой дохилцоод “Аль сумынх вэ” гэж лавшруулсан. “Төгрөгт төрсөн” гэтэл бүр инээд алдаад, нэг нь нөгөө рүүгээ нүд ирмэв. Сүүлд мэдэх нь  ээ Ц.Балдорж эрхлэгч Б.Пүрэвдаш эрхлэгч рүү “Нутгийн чинь хүүхэд байна” хэмээн нүд ирмэж байсан юм билээ. Ингээд л шавь сургалтанд орчихсон.

Давхар суралцдаг, хичээлийн цаг давхцдаг учраас би шавь сургалтын эхний цагийн хичээлээс дандаа хожигдоно. “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж манай анги даасан багш байлаа. Өөрөө хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай, гял цал, мундаг хүн учраас салан палан надад тун дургүй. “Дандаа хоцордог, цаашид ийм хариуцлагагүй байх юм бол хасна, хөөнө” л гэнэ. Ингэж явсаар онолын хичээл дуусаж, редакцад дадлага хийх болов. Хүүхэд тус бүрийг нэг сэтгүүлчид даалгаж өгсөн юм байж. Би бас л хоцордгоороо хоцроод, дааж авах багшгүй үлдчихжээ. С.Жамбалдорж багш баахан загнаж байгаад өөр дээрээ авлаа. Өмнө нь Э.Энэрэлийг авчихсан байснаа намайг нэмээд хоёр хүүхэд дааж авч буй юм. Ингээд дадлагын явцад багш маань надад нүгэлгүй хайртай болсон. “Бид хоёр хувь зохиолоор учирсан багш, шавь хоёр” л гэнэ. Бидэнд сэдэв өгөөд, бичлэгийн төрөл зүйлүүдээр бичүүлдэг байсан юм. Түүнийг нь овоо хийгээд байсан хэрэг.

Шавь сургалтыг онц дүнтэй төгссөн хүүхдүүдийг “Ардын эрх” сонинд ажилд авна гэсэн юм. Тэгтэл би онц төгсчихөв. Диплом гардуулахад нь би бас л хожигдож очлоо. Өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшин “Ардын эрх”-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, шавь сургалтын хичээлийн эрхлэгч байлаа. Тэр “Чи чинь хэн билээ. Дадлагын хугацаанд л лав би чамайг ганц ч хараагүй” гээд дипломыг маань харснаа “Онц төгссөн гэж байна шүү дээ. Үнэн юм уу. Яаж онц төгсчихөв” гэв. С.Жамбалдорж багш “Наадах чинь миний гарын шавь, маш сайн хүүхэд. Давхар хичээлтэй болохоороо байнга энд байгаад байж чаддаггүй” хэмээн өмөөрч байж Ө.Энхтүвшин ахыг зөөлрүүлж билээ. Ингээд “Ардын эрх” сонинд ажиллах болоход С.Жамбалдорж багш “Би чамайг дэргэдээ авмаар байна, манай сонинд ир” гээд болдоггүй. Тэгэхээр нь нэгдүгээрт, багшаа гомдоохгүйн тулд, хоёрдугаарт давхар ажил хийхээр цалин мөнгө нь ч хэрэгтэй байсан тул “Ардын эрх”-ийнхнээс нууцаар “Хөдөлмөр” сонинд давхар ажиллаж хэсэг манаргасан.

-“Ардын эрх”-ийн Олон улсын мэдээллийн хэлтсээс оргож, босох шахаж явсан гэл үү?

-Би дунд сургуульдаа орос хэлний гүнзгий ангид сурч, төгссөн. Оюутан болоод англи хэл заалгаж, бие дааж нухсаар бичгийн хэл овоо болчихсон, Чой.Лувсанжав багшийн хайртай шавь нарынх нь нэг байлаа. Тэр үед англи хэлтэй хүн цөөхөн байв. Бал эрхлэгч намайг “Чи хэлтэй юм чинь “Ардын эрх”-ийн Олон улсын мэдээллийн хэлтэст ор” гээд шууд хуваарилчихсан. Өдөржин сууж, юм орчуулах надад туйлын сонирхолгүй. Би үйл явдалд оролцож, халуун цэгээс сурвалжилга хийгээд, гарч өгөх юм бодож сэтгүүлч болсон хүн шүү дээ.

Шавь сургалтыг хамтдаа төгссөн С.Гантогоо, Ж.Алтангэрэл нар аль хэдийнэ сэтгүүлч болчихсон, нийтлэл, сурвалжилга бичээд, зурагтаар гараад байдаг. Би өрөөнөөсөө ч гарахгүй суугаад байдаг. Тэсэхээ болиод Бал эрхлэгчид “Орчуулга хиймээргүй, монгол юм бичмээр байна” гэж хэлсэн удаа ч бий. Гэтэл “Англи хэлээр сонин гаргана. Чи тэнд монгол юмаа англи хэлээр бич” гэдэг юм. Ингээд “UB post”-ийн туршилтын дугаарт ажиллан, монгол мэдээг англиар бичиж, Олон улсын мэдээллийн хэлтэстээ гадаад мэдээг монгол руу буулгах ажилд давхар дайчлагдаж нэг хэсэг явсан.

Тэгж байтал АНУ-ын цэргийн онгоцны дугуйны бүхээгт хоёр хүүхэд нуугдан Окинава хүртэл нисээд, нэг нь замдаа хөлдөж, нөгөө нь дөнгөж голтой байсныг нь эмнэлэгт хүргэсэн ч аварч чадаагүй үйл явдал болов. Тэр мэдээг би өглөөний шуурхайд хэлсэн юм. Гэтэл “Чи өөрөө наад мэдээллээ сурвалжил” гэлээ. Ингээд анхны сурвалжилгаа хийсэн дээ. Хүмүүсийн бичсэнийг уншаад “Үүнийг би хийсэн бол ингэх байсан, тэгвэл арай илүү болох байж” гэж боддог, өөрийнхөөрөө бичихийг хүсдэг хүн чинь хүрд эргүүлэх боломжийг алдахгүйг хичээлгүй яах вэ. Тэр үед интернэтээс хүссэн мэдээллээ хайгаад олчих боломж байсангүй. Онгоц ямар зорилгоор Монголд ирсэн, ямархуу онгоц байсан, хүүхдүүд хаана, яаж нуугдсаныг хүнээр яриулж дүрслээд, онцгой бүсэд хүүхдүүд орж байхад мэдээгүй нь хариуцлагагүйнх гэсэн асуудал дэвшүүлж, болсон явдлыг цаг, минуттай нь тодруулан, хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзаж, тал талын эх сурвалжаас мэдээлэл авлаа. Маргааш нь редакцынхан маань сурвалжилгыг сайн болсон гэж тэнгэрт тултал магтаснаар намайг гадуур явуулдаг болж билээ.

-Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-ээс өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин тасрахад тэнд байж, түүхэн үйл явдалд оролцсон хүмүүсийн нэг нь та. Тэр үеийг дурсаач?

-“Ардын эрх” сонины редакц Төрийн ордноос  нүүж, алдарт шар байрандаа байрлах болсон үе юм. Олон улсын мэдээллийн хэлтэс эрхлэгчийн өрөөний хажууд байх. Бид тэр үедээ тусгай хангамжтай байжээ. Өрөөндөө цөөхүүл учраас хивс, хөшигтэй. Интернэт байхгүй тул өрөөндөө өнгөт телевиз, радиотой. Түүгээрээ гадаад мэдээ сонсон, дуу хураагуурт бичиж аваад, орчуулна. Манай хэлтсийнхэн оройдоо ээлжээр жижүүрлэн, олон улсын мэдээгээ бичиж авдаг байсан юм. Нэг орой жижүүр хийж байтал эрхлэгчийн өрөөгөөр урт урт хар пальтотой хүмүүс орж гарч, чанга чанга ярилцаад байв. С.Баяр, Д.Бат-Эрдэнэ (Ажнай) нар лав байсан.

Угаалгын өрөө орчихоод буцаж явтал коридорт Бал эрхлэгч таараад “Чи энд юу хийж байгаа юм” гэв. “Мэдээгээ авах гээд жижүүрлэж байна” гэтэл “Юун жижүүр, дэмий юм битгий яриад бай. Яв” гэж жигтэйхэн уурлаж билээ. Маргааш нь ажилдаа иртэл Бал эрхлэгчийг ажлаас нь халчихсан байсан. 1996 оны УИХ-ын ээлжит сонгуульд ардчилсан хүчнүүд ялж, засгийн эрх аваад, үзэл суртлын гол зэвсэг “Ардын эрх” сониныг өөртөө авсан нь тэр. Өмнөх орой нь тийм шийдвэр гарсан хэрэг.

Удалгүй Бал эрхлэгч хувийн сониноо байгуулах, “Ардын эрх”-ийнхэн тасарч, уг сонинд нь ажиллах талаар дуулдаж эхлэв. “Эрхлэгчээ л дагаад явах юм шүү, намайг авч явах болов уу, яах бол” хэмээн бодож явтал Б.Галаарид ах хуудас цаасан дээр хэдэн хүний нэр бичсэнээ харуулж “Бал эрхлэгч энэ хүмүүсийг авч явахыг санал болгосон. Хамт явах уу” гэж асуудаг юм байна. Би ч дуун дээр зөвшөөрсөн. “Ардын эрх”-ээс “Өнөөдөр” сонин тасрахад Д.Заяабат, Д.Энхболдбаатар, Ц.Хулан, бид хамгийн залуу нь байлаа.

“Ардын эрх”-ийн шар байранд ганц өрөөтэй, ширээ, сандал ч үгүй хэрнээ өдөр тутмын сонин гаргана хэмээн хөөрч байсан тэр өдрүүдэд амьдралын минь мартагдашгүй дурсамжууд бүтжээ. Бид материалаа гараараа бичээд, ганц оператортоо ээлжлэн шивүүлдэг байлаа. Сониноо гаргах гэж өдөр, шөнөгүй ажилласан бидэнд Бал эрхлэгчийн гэргий Н.Шүр эгч хоол хийж авчирч өгсөн үе ч бий. Газарт тойрч суугаад гэдэсний шөлтэй хоолоо хөлсөө бурзайлган идэж байж билээ. Нэг л тийм сайхан үйл явдалд оролцож байгаадаа туйлын итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай өдрүүд минь.

“Өнөөдөр” гэдэг том брэндийг үүсгэн байгуулалцаж, эхний дугаарыг нь гаргалцаж явсан нь миний бахархал. “Өнөөдөр” сонины анхны дугаар гарах шөнө миний л лав нойр хүрээгүй. Анхны дугаарт орсон мэдээ минь ямар гарсан бол, мэдээ, материал орсон, ороогүй бүх ажилтны нэр сонины ард байгаа, түүнийг харах сан гэж их догдолсон. Маргааш нь сониноо аваад, дахин дахин нэрээ харж, орсон бүх материалыг үг, үсэггүй уншаад л. Жинхэнэ аз жаргал байсан даа. Түүнээс хойш ийм аз жаргалыг мөн ч олон удаа амсжээ. Сонины шинэ дугаарыг нээх, сайн сонин, сайхан материал бэлтгээд баярлах мэдрэмжийг чи юу эс андах вэ. “Өнөөдөр” сонинд жинхэнэ гоё юм болсон. Бичих эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдэлсэн.

"Ардын эрх" сониныг татан буулгаж, материаллаг бааз, тоног төхөөрөмж, редакцын суурин дээр нь “Өдрийн сонин”-ыг байгуулсан юм шүү дээ. “Өдрийн сонин”-ы бүх зүйл бэлэн байсан бол бид бүхнийг оргүйгээс эхэлсэн.

Сонинд хэвлэгдсэн материал түүхийн баримт болон үлдэх учраас энд нэг зүйлийг хэлье. Шар Мийгаа ах (“Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн) “Ардын эрх”-ийн парламентын сэтгүүлч байсан, үнэхээр ардчилсан хүчинд үнэнч нөхөр л дөө. Бал эрхлэгчийг халаад, оронд нь хэнийг тавих вэ гэж ардчилсан хүчнийхэн ярилцсан юм билээ. Тэгээд “Ардын эрх”-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Галаарид соцдек шүү дээ” гээд түүнийг эрхлэгч болгоё гэж. Харин Б.Галаарид ах энэ саналаас татгалзаж, Бал эрхлэгчтэй явна гэсэн учраас шар Мийгаа ахад маш том боломж ирсэн. Нэг талаараа тэр азтай хүн л дээ. Энэ бол түүх.

-Тухайн үед “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-ы залуус хоорондоо их зодолддог байсан гэдэг. Сонины өрсөлдөөн та нарын харилцаанд нөлөөлдөг байсан болов уу?

-Бал эрхлэгчтэй хамт явсан маань бидний хувьд бахархал байлаа. Үлдсэн хүмүүсийн дунд ч Бал эрхлэгчтэй явах юм сан гэсэн хүсэлтэй нь олон байсан. Бараг бүгд л намайг дуудаасай гэж битүүхэндээ бодсон байх. Тэдний зарим нь араас ирсэн. Хэрэв Бал эрхлэгчид олон хүн авах боломж нь байгаад “Дуртай нь дага” гэсэн бол 80-90 хувь нь лавтайяа явах байсан болов уу. Тэгээд хамт яваагүй үлдсэн хүмүүсийн дунд атаархаж, шаралхсан нь ч бий. Нэг шалтгаан нь энэ болов уу.

Өөр нэг шалтгаан нь, Мийгаа ах биднийг редакц руугаа оруулахаа больчихсон. Тэр үед “Ардын эрх” л ганц интернэттэй байлаа. Интернэтээс гадаад мэдээ авах гээд орохоор харийн хүн шиг харж, хажигладаг байв. Сүүлдээ “Өнөөдөр” сонинынхныг редакц руу битгий оруул” гэсэн утгатай тушаал гаргаад, хаалган дээрээ наачихсан. Биднийг явсны дараа “Ардын эрх”-д залуучууд авсан. Тэд нь биднийг орохоор бас дургүйцнэ. Тэгэхээр нь л зодчихдог байлаа. Зодолдох шалтгаан “Өдрийн сонин”-ынхноос л гарснаас биш биднээс болоогүй юм. Ядаж байхад хоёр сонин нэг дор, редакцын доор уушийн газартай. Залуу ч байж, цаг үе ч тийм байж, ажил тараад уушийн газарт орно, нийлж дарвина. Нөгөөдүүл бас ороод ирнэ. Тэгээд л зодолдоно.

Тэр зодооноос болж бүр их асуудал үүссэн. Мийгаа ах Бал эрхлэгч рүү “Танайхан орж ирж зодоон хийлээ” гэж утасдана. Тэгээд редакц руугаа орохоор Бал эрхлэгч “Яагаад чих халууцуулаад яваа юм бэ” гээд биднийг хусна шүү дээ. Нэг хэсэг иймэрхүү байдалтай байгаад сүүлдээ тун найрсаг харилцаатай, хөршүүд болсон. Тэр нь бас Бал эрхлэгчийн нөлөө л дөө. Биднийг зодоон цохион хийх бүрт “Боль” гэдэг, цаашид тэгж болохгүй гэдгийг маш хатуу анхааруулдаг байсан. Хөөргөх ч юм уу, зөнгөөр нь орхисон бол сагсуу залуус яагаа ч билээ.

-Та өдөр тутмын анхны чөлөөт сонины анхны эрэн сурвалжлагч сэтгүүлч үү?

-“Өнөөдөр” сонинд намайг анх Улс төрийн мэдээллийн албанд хуваарилсан тул Рэ (И.Ренчинханд) ах, Мэндээ эгч хоёрыг дагаад Төрийн ордон руу хэсэг явсан. Улс төрийн мэдээллийн албанд хуваарилсан хэрнээ үйл явдлын мэдээлэлд голдуу явуулна. Тэгж байтал Бал эрхлэгч Н.Лутбаяр, Д.Заяабат, Ц.Хулан, Д.Энхболдбаатар, Ж.Гэрэлмөнх, бид хэдийг  өрөөндөө дуудлаа. Ортол “Та тав бол манай “Цохилтын бүлэг”, сонины гол хүч. Үйл явдлыг цаадах, наадахтай нь бүрэн гаргаж, эрэн сурвалжилна. Ямар нэг үйл явдлыг сурвалжилахдаа тал бүрээс нь харж, өөр сонин дахиж мөлжихөөргүй болтол бич” гэдэг юм байна. Өнөөгийн сонинуудын Эрэн сурвалжлах албаны эхлэл тэр байсан болов уу. Бал эрхлэгч өөрөө их гоё хүн л дээ. Юм хийх хүсэл зоригийг асааж, өрдөнө, хэлсэн үг бүр нь санаа, сэдэл өгнө. Эрхлэгчийг дуудахад дэвтэр, үзэггүй орвол “алуулна”. Хэлсэн санаа нь үг гээлгүй тэмдэглэж авахаас аргагүй шижир алт байдаг.

-Хүний хэлсэн санааг ойлгож хүлээж авч, цааш нь хөгжүүлдэг, асаасан галыг нь унтраачихалгүй цайгаа буцалгадаг хүмүүстэй байна гэдэг хамгийн чухал. “Цохилтын бүлэг” яалт ч үгүй нэгэн үеийн шижгэр залуус байжээ. Ийм баг бүрдүүлнэ гэдэг том аз шүү?

-Энэ хэдийг явуулахад яаж ийж байгаад ямар нэг юм олж ирнэ, лав хоосон буцаж ирэхгүй гэдгийг тооцоод “Цохилтын бүлэг”-тээ хэнийг авахаа сонгосон биз. Бид ч ажлаа муугүй хийдэг байлаа. Эрхлэгч “Цохилтын бүлэг” байгуулснаа хэлэхдээ бид тавд “Хаана ч хөндөөгүй, хадаас сэдэв нэг, нэгийг олж ир. Эрэн сурвалжлах чиглэлээр юу хиймээр байна түүнийгээ хэл” гэсэн юм.

Сэдэв бодоод л, хайгаад л явлаа. Олдоггүй. Нэг өдөр автобусанд сууж явтал хоёр хүүхэд дагуулсан орос хүүхэн орж ирэв. Уг нь гоё хүүхэн юм. Гэвч хувцас хунар тун муутай, хүүхдүүд нь ч халтайчихсан, харваас тааруу амьдралтай нь илэрхий. Тухайн үед “Орос хүн ингэж доошоо орох гэж байдаг аа” гэж бодоод өнгөрснөө “Социализмын үед Монголд байсан оросууд бараг бүгд нутаг буцсан. Үлдсэн хүмүүсийнх нь амьдрал ер нь ямархуу байгааг сурвалжилъя” гэж шийдэв. Ингээд орос эмэгтэйг хайх ажилтай болж, автобусны буудлаар хэд хоног эргэлдэсний эцэст бараг сарын дараа олж авлаа. Эмэгтэйд учраа хэлтэл халгаадаггүй дээ. Янз бүрээр ятгасаар сурвалжилахаар боллоо.

Мэргэжлийн сэтгүүлч болно гэж байгаа хүн бол хувь амьдралаа золиослоно гэдгээ ухамсарласан байх ёстой гэж боддог.

Местный (Монголд төрсөн) орос, ажил мэргэжилгүй, эцэг өөртэй хоёр хүүхэдтэй, гэр орон нь тавилга хогшил ч үгүй, хэцүүхэн амьдралтай аж. Элчин сайдын яамныхан нь ч, оросууд нь ч Монголд төрсөн тэднийг тоодоггүй гэв. Тэднийхээс гарч явтал “Ер нь Монголд төрсөн хятадуудын амьдрал ямархуу байдгийг сурвалжлаад зэрэгцүүлээд тавьчихвал зүгээр юм биш үү” гэсэн бодол зурсхийв. Местный хятад олж ядах юмгүй, МУИС хавиарх гуталчнаас асуухад л олдох юм чинь. Монголд төрсөн хятадууд бүгд ажил, орлоготой, Элчин сайдын яамныхан нь баяр ёслолоор байнга хүлээж авдаг, Еэвэн сараа цуглаж тэмдэглэдэг, асуудлыг нь шийдүүлдэг, огт орхидоггүй юм байна. Энэ талаар бүтэн нүүр сурвалжилга бэлтгээд гаргатал Бал эрхлэгч “Жинхэнэ хадаас байна” гэж магтлаа. Монголын радиогоос утасдаж, энэ нийтлэлээр хөндсөн асуудлынхаа талаар “7:45” хөтөлбөрт ярилцлага өгөөч гэв.

Редакц, эрхлэгч магтаад, Монголын радио ярилцлага авъя гэхээр би хөөрчихдөг юм байгаа биз дээ. Энэ бол сэтгүүлч хүний бахархах ёстой мөч мөн. Сэтгүүлч гэж бичсэн диплом өвөртлөнгүүтээ өөрийгөө сэтгүүлч болчихлоо гэж бодоод, цээжээ дэлдээд явах нь эндүүрэл. Бүтээл гаргаад, түүнийг нь олон нийт хүлээн зөвшөөрсний дараа сэтгүүлчдэд бахархах эрх нь ирдэг юм. Сайн бүтээл хийчихээд сагсуурах ч бас гоё шүү дээ.

Ингээд хөөрчихсөн явтал Оросын ЭСЯ-наас “Энэ бол бодит бус мэдээлэл. Бид иргэдээ харж ханддаг. Залруулга гарга” гэдэг юм байна. Би “Та нар гэрт нь очиж үзсэн юм уу. Би үзсэн. Орос иргэд хятадуудтай харьцуулшгүй муу амьдарч байна. Бодит байдлыг бичсэн тул залруулга гаргахгүй” гээд гүрийчихсэн. Гэтэл нөгөө ярилцлага өгсөн орос хүүхэн “ЭСЯ-ныхан намайг ийм ярилцлага өглөө гэж загнасан. Орос руу гаргана гэлээ” гээд айчихсан ярив. Орос руу явуулбал тэнд орох орон, таних хүнгүй бүр хэцүүдэх учраас айх нь аргагүй л дээ. Тэгэхээр нь би ЭСЯ-ныхантай нь холбогдож, “Наад хүнээ нутаг буцаавал бүр хэцүүднэ” гэж хэлж, нөгөөдүүл эмэгтэйг энд үлдээж, ажилд оруулж өгснөөр энэ явдал төгссөн. Манай “Цохилтын бүлэг” сайн ажилласан. Ямар л үйл явдал болно, Хасар, Басар нохой шиг л явдаг байлаа. Томоохон үйл явдлыг бусад сониныхон ганц жижиг мэдээгээр мэдээлж байхад манайх бүх талын эх сурвалжаас асууж тодруулж, холбоотой бүхнийг нь гаргаж, асуудал хөнддөг байлаа. Ингэж 2-3 жил ажиллаад Нийгэм, соёл, залуучууд, спортын албаны дарга болсон.

-Юунаас болж зэмлэл, шүүмжлэл сонсдог байв. Муу материал бичлээ гэж баалуулсан удаа бий юү?

-Д.Цоодол, Б.Лигдэн, Б.Пүрэвдаш, С.Батбаатар, Н.Лутбаяр, Б.Нацагдорж нарын томчууд архи уухаараа намайг хажуудаа суулгаж, “Дарьбазар”-дуулна (дэлгүүр лүү зарах “элч”), сөн түшүүлнэ. Сэмпай (ах) нар хажуудаа суулгаад, архиндаа гүйлгэж байна гэдэг нь өөрөө үнэлгээ юм л даа. Тэд тоодог хүнээ дэргэдээ суулгана уу гэхээс зүгээр нэг нөхрийг дуудахгүй. Тэр үед тийм байсан.

Ингээд ах нарыг дагаж их сахилгагүйтнэ. Би ажлаас хоцорно, архи ууна, ер нь сахилгагүй нөхөр л дөө. Үүнийхээ төлөө олон удаа зэм сонссон. Гэхдээ тэр нь адласан бус, хайрласан зэмлэл байлаа. Ажлаас хөөгдөх туугдахдаа тулна. Бал эрхлэгч намайг олон удаа өршөөсөн. Надад арай л онцгойлж хандаад байна гэдгийг нь мэдэрдэг байлаа. Надад онцгой даалгавруудаа өгнө. Чухал гэсэн мэдээ, мэдээлэл, сурвалжилганд миний нэрийг зоогоод, тусгайлан үүрэг, чиглэл өгнө. Тэгээд л хийсэн зүйлийг маань магтана. Би ер нь материалаа муу гэж хэлүүлж үзээгүй.

-Та сэтгүүлчийн хувьд ид гялалзсан, ирлэсэн тонгорог шиг үедээ Япон руу явж, бичиж туурвих ажлаас багагүй хугацаанд хөндийрсөн юм билээ. Түүндээ харамсдаг уу?

-Бал эрхлэгч уг нь намайг АНУ руу явуулах гэж байсан юм. Гэтэл би архи ууж хэд хоног ажилдаа очихгүй алга болоод, тэр хооронд бичиг баримт бүрдүүлэх хугацаа нь тулж, Л.Болормааг явуулахаар болчихсон байсан. Өөрөөсөө болсон юм чинь яах вэ дээ гээд явж байтал эрхлэгч дуудаж, “Япон руу зургаан сарын сургалтанд явуулна. Материалаа бүрдүүлж өг” гэсэн. Ингээд Японоор хөндлөн гулд баахан тэнэж, Окинава хүртэл явсан. Хагас жилийн хугацаагаа дуусгаад буцаж ирсэн ч дахиж явмаар санагдаад болдоггүй. Ингээд 2001-2007 онд Японд ажиллаж, амьдарсан.

Япон яваагүй, сэтгүүл зүйдээ үлдсэн бол илүү ихийг бүтээх байсандаа итгэлтэй байдаг. Яагаад гэвэл Бал эрхлэгчийн дэргэд зургаан жил байна шүү дээ. Тэндээс эргээд ирэхэд манай болон доод үеийнхэн нийгэмд өөрийгөө таниулсан том авторууд болчихсон, харин би мартагдсан хүн болсон байлаа. Сэтгүүлчийн хувьд өсөж дэвжих хайран жилүүдийг Японд өнгөрөөжээ гэж хааяа бодож, харамсах сэтгэл төрдөг л юм. Ид мандаад, босож ирж байсан үедээ 20 гаруйхан настай залуу амьдралын эрхээр харийг зорьсноо ч буруутгадаггүй. Энэ бол манай нийгмийн, жирийн залуусын л амьдрал шүү дээ.

-Японд хөдөлмөрөө үнэлүүлж, мөнгө барьж үзчихээд ирсэн хүн сонины ажилд эргэн зүтгэхэд ямар байв?

-Японоос ирээд хамт ажиллаж байсан найз нөхөдтэйгөө уулзлаа. Л.Болормаа орлогч эрхлэгч, Д.Заяабат, А.Баасандорж нар албаны дарга гэх мэтээр бүгд төлөвшөөд, тодорхой хэмжээнд удирдах албанд оччихож. Зургаан жил бичиг, цааснаас хол явсан хүн ирээд сонинд ажиллана гэж огт бодоогүй. Найзуудаасаа цалин хөлсийг нь дуулаад бүр ч сонинд ажиллахгүй гэсэн бодолтой болсон. Японд сарын дөрвөн сая орчим төгрөгийн цалин аваад үзчихсэн хүнд 100 гаруй мянган төгрөгийн цалин авах нь төсөөлөгдөхгүй байх нь аргагүй биз дээ.

Тэгээд цуглуулж ирсэн хэдэн төгрөгөөрөө ахтайгаа нийлж бизнес хийнэ гэсэн бодолтой, Японоос ирэхдээ авчирсан “Ланд-80”-аа уначихсан сүртэй амьтан явж байтал эрхлэгчийн дугаараас дуудлага ирэв. “Ирээд өчнөөн удаж байж яагаад сониноор ирдэггүй, ажилдаа ордоггүй юм бэ. Маргааш ажил дээр хүрээд ир” гэж байна. Эрхлэгч тэгж байхад “За” л гэлгүй яах вэ. Маргааш нь яваад очтол “Шуурхай мэдээллийн алба уначихсан байгаа. Чи тэр албыг авч, босго. Би Л.Болормаад хэлээд, ширээ сандлыг чинь бэлдчихсэн байгаа” гэв. “Үгүй” гэж хэлж чадсангүй. Ингээд л сонинд орчихсон.

Ажилдаа орж, удаан хугацаанд завсарласны дараах анхны материалаа бичиж байтал эрхлэгч орж ирээд “Даваа бичиж байгаа юмаа аваад ир” гэлээ. Аваачаад өгтөл мань хүн үзгээ аваад сууснаа нэг ч үсэг засалгүй буцааж өгөөд, юу ч хэлэлгүй гараад явчихав. Өмнө нь байнга магтаал сонсоод сурчихсан хүн чинь дуугүй гараад явчихаар нь “Муу л болсон юм байх даа. Тэгвэл ядаж болохгүй байна, тэрийгээ засаж янзал гэж хэлмээр юм” гэж бодсоор үлдсэн. Миний хоёр материалыг ингэж уншаад, дахин уншихаа больсон. Тэгсэн сүүлд Л.Болормаа “Эрхлэгч чиний материалыг уншаад маш баяртайгаар “Нөгөө нөхөр чинь яг хэвээрээ байна” гэсэн” гэж билээ. Эрхлэгч тэгэхэд өмнөх шигээ сониныхоо ажилд өдөр тутам оролцохоо больчихсон байсан юм. Би хоёр сар орчим ажиллаад гарахаар шийдчихээд байлаа. Хувийн юм хийе гэж бодож байсан учраас түүн рүүгээ анхаармаар байдаг, гэтэл сонины ажил ямар ч цаг наргүй. Энэ талаараа Л.Болормаад хэлэхээр “Чи ирснээр миний ачааг асар хөнгөлж, надад их түшиг болж байна. Байж бай” гэдэг байлаа.

-Тэгээд гарах бүү хэл, “Өнөөдөр” сонины хамгийн эгзэгтэй цаг үе эрхлэгчээр нь ажилласан.

-Ингэж байтал эрхлэгч бурхан болж, надад сонинд ажиллах бүр ямар ч утга учиргүй санагдах болж, эрхлэгчийн 49 хоног дуусахаар л гаръя гэж шуудран, Л.Болормаа, бусад ойр тойрны хүмүүстээ хэлчихээд байлаа. 49 хоног дуусдаг өдөр нь гадуур явж байтал намайг “Улаанбаатар” зочид буудалд хүрээд ир” гэж дууддаг юм байна. Ажлынхныг бүгдийг нь дуудаж, хоног хураах гэж байгаа юм байх гээд очтол манайхнаас хүн алга. Намайг хаана дуудсан юм бол гэтэл нэг өрөө рүү орууллаа. Гэтэл тэнд Н.Багабанди, Н.Шүр, Н.Сувд эгч нар сууж байсан. Н.Шүр эгч “Эрхлэгч нь өнгөрч бидэнд хүнд гарз тохиолоо. Гэхдээ ингэлээ гээд үйл ажиллагааг нь зогсоох ёсгүй. Сайхан хамт олон нь, редакц нь үлдсэн учраас үйл хэргийг нь үргэлжлүүлнэ. Эрхлэгч чинь чамайг ирсний дараа маш баяртай байх болсон. “Нөгөө хачин нүдтэй нөхөр ирчихсэн. Удаан хол байгаад бичих ажлаас төсөөрсөн байх гэж бодтол яг хэвээрээ байна. Орлогчоо олчихлоо” гэж хэлж байсан. Үүнийг нь бид гэрээслэл гэж ойлгож байгаа” гээд л яриад эхэлсэн. Миний дотор ч пал хийгээд явчихсан. Надад тэр цаг мөч шиг хэцүү үе урьд, хожид тохиогоогүй. Үнэндээ санаанд багтахгүй байгаа юм чинь. Би тийм зүйл сонсоно гэж огтхон ч төсөөлөөгүй. Тэгээд “Би үндэсний хэмжээний ийм том сониныг авч явж чадахгүй. Надад тийм зориг алга. Надаас өөр энэ ажлыг хийж, сониныг аваад явчих хүн зөндөө байгаа. Би ажлаас гаръя гэж бодож байснаа болилоо. Эрхлэгчээр ажиллах хүнд түшиг болж, нэг хэлтсийг нь хэлтэс шиг аваад явъя” гэв. Гэтэл Н.Багабанди гуай “Эрхлэгч чинь надад хүртэл “Даваадорж Японоос ирсэн. Сониноо хариуцуулах хүнээ олчихлоо” гэж ярьж байсан. Нэрийг чинь сонсоод би чамайг ахимаг насны хүн байх гэж төсөөлж байтал харин жаахан хүүхэд байна. Эрхлэгч чинь хүн танихдаа гойд. Чамайг чадна гэж бодсон бол чи чадна л гэсэн үг. Нандинтүшигт түшиг бол” гэсэн. Ингээд яах ч аргагүй, хачин байдалд ороод байж байтал А.Баасандорж ороод ирдэг юм байна. “Баасандоржийг хариуцлагатай нарийн бичгийн даргаар томиллоо. Тэр чамд хань болно” л гэсэн. Ах нь тийм амбийцтай хүн биш. Огт төсөөлж ч байгаагүй ажлаа гэнэт авахаар ямар болдгийг чи төсөөлж байна уу. Миний хувьд хамгийн хүнд өдөр тэр байсан. “Би юунд яваад орчихов оо. Аль эрт гараад явчихгүй яав аа. Энэ том сонинг авч явж чадахгүй унагачихвал яана аа. Яаж авч явна аа” гэсэн бодлууд толгойд эргэлдсэн. Би тэндээс яаж гараад, редакцад хэрхэн очсоноо бараг санадаггүй юм.

Ирээд шууд Л.Болормаатай уулзаж “Ийм юм боллоо” гэтэл тоож байгаа ч юм алга. “Баяр хүргэе, хөгшөөн. Харин ч би чамайг ирж байгаад баярлаж байна. Чи чадна. Өөртөө итгэ” гэсэн. Л.Болормаа маань яаж байгаа нь мэдэгддэггүй, хатуу чанга эмэгтэй байсан юм шүү дээ. Ингээд Японд өчнөөн удаж, Монголын амьдрал, тэр тусмаа хэвлэл мэдээллээс холдсон би гэдэг хүн “Өнөөдөр” хэмээх том сониныг асар эмзэг үед нь авч явах хариуцлагатай үүрэг хүлээсэн.

-Ц.Балдорж  эрхлэгчээс хойш “Өнөөдөр” сонин ганхана, ганхах ёстой гэж таамаглаж, хүлээсэн хүн цөөнгүй байсан байх. Тийм хандлагыг та мэдэрсэн үү?

-Яах учраа олохгүй, сэтгэлийнхээ дарамтнаас гарч чадахгүй хэсэг явсан. Яана аа л гэж бодоод байдаг. Би нас ч залуу, дөнгөж 30 гарч байлаа. Түүн дээрээ овор багатай ч байсныг хэлэх үү. Ядаж байхад сэтгүүл зүйн гал тогооноос хөндийрөөд удчихсаныг ч хэлэх үү. Хэний ч мэдэхгүй энэ жаахан хүүхэд тэр том сониныг авч явж чадахгүй дээ гэсэн хандлага хүн бүрийн нүднээс уншигддаг байлаа. Найз нөхөд, хамт олноос хүртэл шүү. Сонины хууччуул хялалзаж цэхэлзээд л. Тэгж байснаа ажлаас гараад эхэлсэн. Гадуур ч гэсэн “Энэ нөхөр ер нь чадахгүй дээ. “Өнөөдөр” сонинг энэ яг унагана” гэлцэнэ. Би ямар сохор, дүлий биш, тийм яриа гарсныг нь сонсож, хүн яг тийм харцаар харж байгааг нь мэдэрдэг байлаа. Энэ яаж яваад “Өнөөдөр”-ийн эрхлэгч болчихов гэсэн атаархал, яаж сонин авч явж чадах вэ гэсэн басамжлал холилдсон хандлагыг би ханатлаа мэдэрсэн. Тэр бүхэн нь надад дарамт болно. Сүүлдээ дургүй ч хүрнэ. Хэцүү шүү дээ. Надад ямар хүнд байсныг хүмүүс бараг төсөөлөхгүй дээ.

-Асуудал танд ч биш, Ц.Балдорж гэдэг хүн үгүй болсонд л байсан байх. Таны оронд хэн ч байсан тэгэх л байсан болов уу?

-Ц.Балдорж гэдэг хүний байгуулсан том сонинд Даваадорж гэж жаахан юм хүрээд ирсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд угаасаа хэцүү. Үүнийг нь ойлгож байгаа юм. Бал эрхлэгчийг байхад томилогдсон бол тийм хандлага бараг ирэхгүй байсан байх. Балын орон зай эзгүйрсний дараа тэр хариуцлагатай албанд очиж, хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг үнэхээр хэцүү байсан.

Одоо эргээд дурсахад сэтгэл санааны ямар их дарамттай ажиллаж байсан юм бэ гэж бодогддог. Ийм их дарамт ирэхээр хүн өөрийн эрхгүй хямардаг юм билээ. Одоо үүнийг яаж хэлэхээ мэдэхгүй байна. Өөр ямар ч сонины эрхлэгч нар, тэр тусмаа “Өнөөдөр” сониныг хэн ч над шиг хүнд байдалд удирдаж байгаагүй. Энэ магадгүй цор ганц  тохиолдол, надад ирэх ёстой хувь тавилан байсан байх.

-Таныг эрхлэгчээр ажиллаж байх үед “Өнөөдөр” сонин өнөөгийн өнгө төрхөө олсон. Ер нь эрхлэгчээр ажиллахдаа тэнд юу үлдээсэн гэж боддог вэ?

-Бал эрхлэгч сониныхоо захиалагчийг 10 мянгад хүргэх юм сан гэж мөрөөдөж байсан. Бас сониноо барууны жишиг, стандартад хүргэх мөрөөдөлтэй байлаа. Л.Болормаа мундаг сэтгүүлчээс гадна мундаг менежер байсан юм шүү. Бид хамт олонтойгоо нийлээд зүтгэсэн. Сонины захиалагч удалгүй 10 мянгад  хүрсэн. Л.Болормааг явснаас хойш Нандиа (Б.Нандинтүшиг), бид хоёр сониноо нарийн форматтай, секцтэй болгосон. Нарийн форматтай хэвлэгдсэн даруйд гадуур “Санхүүгийн хямралд ороод, цаасаа багасгаж эхэллээ” гэсэн яриа гараад эхэлдэг юм. Түүнд санаа зовохоос гадна шинэлэг юм хийсэндээ догдолно оо. Нарийн форматтай анхны сонингоо гарсны маргааш Д.Заяабат, бид хоёр С.Батбаатар (тэр үед ЗГХМА-ны дарга байсан юм) ахтай ажлын өрөөнд нь очиж уулзлаа. “Манай сониныг харав уу” гэтэл “Уг нь сонин аваад харахад “Өнөөдөр” сонин хамгийн түрүүнд нүдэнд тусдаг юм. Өнөөдөр сонинууд дундаас харагдахгүй, сэгсрэхэд дундаас нь унаж байна” гэдэг юм. Баагий ахыг тэгж хэлэхээр хүмүүс ингэж хүлээж авч байгаа юм байна гэж би хэсэг хямарсан. Тэглээ гээд буцаалтай биш, барууны сонинууд нарийн форматад шилжчихсэн, дэлхий нийтийн чиг хандлага тэр зүг рүү явж байсан юм чинь. Тэгээд одоо бүх сонин нарийн форматаар гарч байна шүү дээ.

Сониноо эрхлэгчийн нэрэмжит Экологийн секцтэй болгосон. Бизнес, санхүүгийн нүүрийг шинэлэг болголоо. Өнгийг нь хүртэл “Файнэншл таймс” шиг болгох гэж оролдоод, ягаан өнгийг нь гаргаж чадаагүй ч шаргал болгосон. Эдийн засгийн мэдээллийн албыг илүү мэргэжлийн болгож, бэхжүүлэх гэж оролдсон. Манай “Өнөөдөр” сонины  Эдийн засгийн мэдээллийн алба маш сайн байлаа шүү дээ. Удахгүй ажлаас гарна гэж бодож байсан хүн ингэж явсаар сониныхоо амьдралд уусаад дасчихсан.

Нандиа, бид хоёр тэр үед шинэ санаагаар өвчилж байсан байх аа. Бид хоёр дээр манай маркетинг хариуцсан Ш.Гантуяа нэмэгдээд бараг өөрчлөхийн донд автчихсан хүмүүс байлаа. Ямар шинэ санаа оноо байна, яах билээ гээд  л... “Ням гариг” сониныг хожим надад давхар хариуцуулсан юм. Тэгэхэд нь бас өөрчилж, барууны хэв маягтай сэтгүүл болгосон. Юм өөрчлөөд, тэр нь гоё болохоор түүнээсээ цэнэг авч, ядарснаа, стресстэж буйгаа огт мартчихдаг юм шүү дээ. Заримдаа үүрийн 04.00-05.00 цагт гэртээ харьдаг байлаа. Тэгж байтал давхар “UB post”-ын эрхлэгч болгосон. Бас өнгө төрхийг нь өөрчилсөн.

“Өнөөдөр” сонинд ийм өөрчлөлтүүд хийснээрээ бахархаж байна. Сониноо ямар ч байсан хүмүүсийн хүсэж хүлээж байсан шиг унагачихалгүй, өнгө зүсийг нь дордуулчихалгүй, топ сонин гэдэг үнэлэмжийг нь үгүй хийчихэлгүй, өнөөгийн төрхөнд нь оруулах бүх зүйлийг Б.Нандинтүшиг бид хоёр хийж чадсан гэдгээ хаана ч бардам хэлнэ ээ! Манай Нандиа үнэхээр мундаг шүү дээ. Насандаа баймааргүй хэрсүү, их хүлээцтэй хэрнээ аав шигээ шийдэмгий. Надад тийм хүнд байгаа юм чинь Нандиад ямар хэцүү болохыг бодох бүрийд  хайр хүрч, өрөвддөг байлаа. Бид хоёулаа бүх зүйлд зэрэгцээд суралцсан. Нандиа ч, би ч эрхлэгчээс хойших эхний гурван жилд сонин авч явахын тулд их зүйлийг сурсан, бас туршлагажсан. Номио (Б.Номинтүшиг) бас хичээлээ тараад, сонины редакцад ирж, юм бичээд сууна. Түүнийгээ үзүүлээд л, их хичээнгүй, нягт, зарчимч, хөөрхөн ааш зантай, нээлттэй хүүхэд байлаа. Миний хамгийн хайртай хоёр дүү одоо ямар ч үед, ямар ч ажил албыг аваад явчих чадал тэнхээ, сэтгэлийн  хат суусан, хаана ч бардам явах эрдэм мэдлэг, боловсролтой, нас бие жагссан бүсгүйчүүд болсон. Тэр хоёрыг харахаар одоо ч хайрлах, бахархах, өмөөрөх сэтгэл эрхгүй төрөөд байдаг юм. Ийнхүү “Өнөөдөр” сониндоо орлогч эрхлэгчээр таван жил ажилласан. Намайг гурван жил болж байхад С.Батбаатар эрхлэгч эргэж ирсэн юм. Нандиа, бид хоёрын нуруу энэ цаг үеэс тэнийсэн гэж хэлж болно. Баагий ахтай хоёр жил хамт ажиллаад, өөр тийшээ явсан.

-Яагаад сониноосоо явсан юм бэ?

-2012 оны сонгуулиар Ажнай Д.Бат-Эрдэнэ ах надад “Миний сонгуульд ажилла” гээд татгалзахын аргагүй санал тавьсан юм. Би “Өнөөдөр” сонины хамгийн хүнд хэцүү таван жилд нь ажиллалаа. Одоо бол Нандиа төлөвшчихсөн, Баагий ах ч ирчихлээ. Одоо би амьдрал ахуйгаа бодож болдоггүй юм уу” гэж бодоод Баагий ахад хэллээ. Ингээд амралтаа аваад сонгуулийн ажилд нь явсан. Гэтэл ардаас Шүрээ  эгч  “Наад хүнтэйгээ явах юм уу, Сонинтойгоо явах юм уу” гэсэн байдаг юм. Тэгэхээр нь шаралхаад “Энэ хүнээ дагая” гээд хэлчихсэн.Тэгээд БХЯ-ны хэвлэлийн албаны даргаар хоёр жил, “Үндэсний мэдээ” сонины эрхлэгчээр гурван жил  ажилласан.

-Залуу сэтгүүлчдэд юу захимаар санагддаг вэ?

-Сэтгүүлч хүн болж өгвөл явж, юм үзэж байх ёстой. Наад зах нь Монгол Улсынхаа бүх аймаг, сумд очиж, бүх үндэстэн, ястны, янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзаж, ярилцах хэрэгтэй. Гадаадын улс орнуудаар аялж, болбол хэсэг хугацаанд ч болов ажиллаж, амьдраад үзчихэд гэмгүй. Нүдээр харж, биеэр мэдэрнэ гэдэг чухал. Тэгж байж эх орон гэж юу байдгийг илүү дотроосоо ойлгоно.

Явж, газар үзэж, хүмүүстэй уулзах тоолонд хүний мэдлэг тэлдэг. Ядаж л нутаг, нутгийн зан заншил, идээ ундааны соёлтой танилцана биз дээ. Тэр нь хэзээ нэг цагт бүтээлд нь хэрэг болдог. Сэтгүүлчийн хамгийн үнэ цэнтэй зүйл бол энэ.

-Та арваад жилийн өмнө, Японоос ирээд удалгүй “Хатиг, бэтгэтэй сэтгүүл зүй” нийтлэлээ бичиж байсан. Удаан хугацаанд эзгүй байгаад ирэхэд танд Монголын сэтгүүл зүйл ямар харагдсан бэ?

-Намайг явах үед Монголын сэтгүүл зүй ид л эрвэлзэж дэрвэлзэж, асаж, дүрэлзсэн, романтик үедээ байсан. 2007 онд эргээд сэтгүүл зүйн гал тогоонд ирэхэд миний явсан үеийнхээс шал өөр болсон байв. Монголын нийгэм ч, сэтгүүл зүй ч асар хурдан өөрчлөгдсөн байсан. Мөнгөний сэтгүүл зүй бий болоод, шантааж гэдэг зүйл хүчээ авчихсан байлаа. Би их романтик нөхөр.Чөлөөт хэвлэл бол ардчиллын амин сүнс, хоточ нохой гэсэн зарчим мөрдөгддөг үед нь ажиллаж байгаад явсан болохоор буцаж ирээд түүгээрээ л төсөөлж явтал шал өөр, бүр гутмаар, ичмээр болсныг харсан. Танай тэр тэгдэг, энэ ингэдэг гэж уулзсан хүмүүс хэлдэг, тэр нь надад ичгэвтэр санагддаг байв. Цахим сэтгүүл зүй цэцэглэж эхэлсэн үе. Сонины материалыг эрээ цээргүй хулгайлна, тэгээд шантааж хийнэ. Түүнийг хараад ой гутаж, аргаа барахдаа “Хатиг, бэтгэтэй сэтгүүл зүй” нийтлэлээ бичсэн.

-Одоо тэр үеийнхээс бүр дордсон.

-Тэгсэн, бүр замаа алдсан. Тэр үеийн хатиг, бэтгэ одоо хорт хавдар болоод, сэтгүүл зүйн амийг авах гэж байна. Сэтгүүл зүйн үнэний дуу хоолой байх, хариуцлагатай байх зарчим, соён гэгээрүүлэх үүрэг хаачив. Үүнийг бид одоо л цэгцэлж янзлах ёстой. Сэтгүүл зүй, сэтгүүлчийн нэр хүнд туйлдаа хүртэл уначихаад байна. Асар их мөнгө олно гэсэн зорилгоор сэтгүүлч болсон нөхөд олон байгаагаас биш мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож, дурласан нь цөөхөн харагдах юм. Төрийн ордонд байдаг сэтгүүлчдийг 50 мянгынхан гэж нэрлэх болоод удсан гэнэ. Үүнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Дордоно, дордоно гэхэд арай ч дээ. Сэтгүүлч мэргэжил тэгтлээ доошоо орсон байна. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Салбарынхантайгаа уулзаад ярилцахад цөмөөрөө л үүнийг хэлдэг. Гэхдээ одоо ингээд халаглаад суух биш, салбараа цэвэрлэхийн төлөө алхам хийх цаг нь болж.

Яг үнэнийг хэлэхэд ёс зүйгүй, шантаажны, шар сэтгүүл зүйд мэргэжлийн сэтгүүл зүй ялагдчихлаа шүү дээ. Мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг бол нийгмийг сэрээж, түүчээлж, урагш нь чирэх, лаа болж өөрөө шатаад, харанхуйг гэрэлтүүлээд, толгойд нь явах ёстой. Нийгмээ дагаад, масс хов живэнд дуртай юм чинь ийм л юм хийе гээд явах бол сэтгүүл зүй биш шүү.

-Үгийг нь сонсох, хүлээн зөвшөөрөх лидергүйн зовлон бидэнд ч байна.

-Үнэхээр Л.Түдэв гуай шиг, Бал эрхлэгч шиг лидер алга. Хоёрдугаарт, бид дэндүү хувиа хичээж, хар амиа хоохойлдог болж. Энд тэнд ганц хоёроороо уулзахаараа “Сэтгүүл зүй мөхлөө, сөнөлөө, аваръя, хамгаалъя” гэх хэрнээ хэрэг дээрээ эрслээд, шийдвэртэй алхам хийсэн нь хаана байна. Нэг сонины эрхлэгч, нэг агентлагийн дарга болчихвол боллоо, бусад нь надад хамаагүй гэсэн байдлаар хандаж байна. Мэргэжлийн сэтгүүл зүйд харизмтай лидер байвал дорхноо сэргээд, өндийгөөд ирнэ. Би чамд нэг юм яръя. Бал эрхлэгч шиг харизмтай хүнтэй би дахин  тааралдаж байсангүй. Тийм хүн, тийм лидерийг цалинтай ч бай, цалингүй ч бай хүн дагадаг юм. Тийм хүнийг зүгээр бараадах нь нэр төрийн хэрэг байдаг юм. Тийм удирдагчийн эргэн тойронд нөгөө хүсээд олдохгүй байгаа, тогтоох гээд чадахгүй байгаа шударга байдал, жудаг ёс өөрөө тогтчихдог байхгүй юу даа. Зөвхөн сэтгүүл зүйд биш улс төр, нийгмийн бүхий л салбарт ч адилхан. Монголд үнэхээр лидер, араас нь үхэхээс ч айхгүй дагаад явчихаар тийм удирдагч алга.Бид дэндүү номхон, хулчгар, сул доройдоо л ноолуулж байна.

-Мэргэжлийн ёсзүй, зарчмаа баримталдаг, ажил, мэргэжилдээ хайртай сэтгүүлч ч цөөхөн биш гэдэгтэй санал нийлнэ биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Ёсзүйтэй, зарчмаа баримталдаг, мэргэжлийн редакц цөөхөн ч болов байгааг харахаар сэтгүүл зүйн тулган дахь цог арай ч унтарчихгүй нь гэсэн итгэл төрдөг. “Өнөөдөр” сонин өнөө хүртэл шантааж хийгээгүй, мөнгөнд худалдагдаагүй. “Өнөөдөр”-ийн, Балын дэг сургууль гэж энэ. Үүнийг би бахархалтайгаар хэлж чадна. Тэр редакцад бойжсон хүмүүс гарсан хойноо ч тийм хударгагүй зүйл хийхгүй. Хийх гээд ч чадахгүй. Энэ бол “Өнөөдөр” сонины сэтгүүл зүйд бий болгосон үнэ цэн. “Өнөөдөр”-ийн гал тогоонд чанагдсан сэтгүүлчид хүмүүжилтэй, ёс зүйтэй. Бас “Засгийн газрын мэдээ” сониныг би хэлж чадна. Өөрөө ажиллаж байгаа болохоор ингэж хэлж байгаа юм биш шүү. Энд дандаа залуус ажилладаг. Хамгийн ахмад нь би. Би эдэнд тус болохоос илүү эднээсээ эрч хүч авдаг гэвэл илүү үнэнд ойртоно. “Засгийн газрын мэдээ” улс төр бараг бичдэггүй, бизнес, эдийн засгийг хамгийн сайн бичиж байгаа. Энэ сайхан залуустай ажиллахаар сэтгэлд байдаг гуниг мартагддаг.

Эцэст нь хэлэхэд сэтгүүлч гэдэг нэр бол бахархал биш. Сэтгүүлчийн бүтээл  нь харин жинхэнэ бахархал, бүр онгирох бардамнал нь байдаг юм шүү гэж залуучуудад хэлмээр санагддаг. Магадгүй үгүйсгэх хүн байж болно. Гэхдээ мэргэжлийн сэтгүүлч хүн хэзээ ч хөрөнгөлөг, мөнгөлөг байдаггүй юм билээ. Аль ч улс оронд ялгаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн бол өөр хэрэг. Мэргэжлийн сэтгүүлч болно гэж байгаа хүн бол хувь амьдралаа золиослоно гэдгээ ухамсарласан байх ёстой гэж боддог. Тийм болоод бусдын замыг гэрэлтүүлэхийн тулд өөрөө шатаад дуусах учиртай лаа гээд байгаа юм.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.