УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.10.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан нэр томьёог тодорхой болгох, хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох, хориг арга хэмжээний жагсаалтыг ялгамжтай тодорхойлох зэрэг саналыг хэлэлцэж, дэмжсэн гэдгийг онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.
Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;” гэж, 9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа.
Ингээд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс