Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Туяа: Үйл ажиллагааг нь зогсоосон ч тухайн уул уурхайн компаниар нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын талаар экологич Д.Туяа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. 

Тэрбээр "Би Архангай аймгийн Цэнхэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч н.Орхонтуулын Байгаль орчны зөвлөхөөр өнгөрсөн зургаадугаар сараас хойш гэрээний дагуу ажиллаж байна.

Архангай аймгийн Цэнхэр суманд BNMC гэдэг компани уул уурхайн үйл ажиллагааг явуулдаг. Энэ компани нь 2018 онд багийн иргэдийн нийтийн хуралд өөрийн үйл ажиллагааг дэмжүүлэх хүсэлт гаргасан боловч малчин иргэдийн дийлэнх хувь нь дэмжээгүй. 

Гэтэл багийн иргэдэд тусалж, арьс нэхий элддэг тоног төхөөрөмж өгнө гэх нэрийдлээр цөөн хүнээс гарын үсэг цуглуулж, яаманд хуурамч албан бичиг хүргүүлж батлуулаад уул уурхайн үйл ажиллагаа явуулсан гэж багийн иргэд үзэж байна. 

Одоогоор Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус компанийн үйл ажиллагааг зогсоосон.

Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоосон гэх нэрийн дор уул уурхайн компаниудын хууль бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, хуулийн дагуу арга хэмжээ авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал зүгээр өнгөрөх болоод байна.

Тухайлбал, Ерөнхий сайд Ц.Мянганбаяр гэдэг хүний "Монгол газар" гэдэг компанийн үйл ажиллагааг зогсоож, төрийн хамгаалалтад авсан гэж ярьж байгаа боловч тэр компани 20 орчим жилийн өмнөөс 3,000 гаруй га талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бүх авах юмаа авчихсан.

Уг нь хуулийн хүрээнд мэргэжлийн компаниар үнэлгээ тогтоолгож тухайн хохирлыг нөхөн төлүүлж, сумын төсөвт төвлөрүүлж нөхөн сэргээлтийг хийх ёстой. Харин өнөөдөр тэр газарт нөхөн сэргээх чиглэлээр бодитой хийгдсэн зүйл алга.

Энэ бол Байгаль орчныг хамгаалах үйлдлийн бодит үр дүн биш гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлмээр байна.

Мөн бүх уул уурхайн компани усны тоолуур тавиулсан байх ёстой бөгөөд хэрэглэж байгаа усаа тоолуураар хэмжүүлж татвараа төлж байх ёстой. Гэтэл энэ бодит байдал дээр хэрэгжихгүй байна.

Энэ мэт том асуудлууд байхад холбогдох албаныхан анхаарахгүй байгааг Ерөнхий сайдад дуулгамаар байна" гэв.