Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн арми Сирийн нутаг дахь террористуудын 181 байгууламжид цохилт өгснөө мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Энхийн хавар” нэртэй хил дамнасан байлдааны ажиллагаа эхлээд хэдхэн цаг болоход Сирийн нутаг дахь террористуудын 181 байгууламжид цохилт өгснөө Туркийн батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгджээ.

“Евфрат мөрний зүүн сав дагуу явуулж буй Энхийн Хавар ажиллагааны хүрээнд манай агаарын хүчин болон цэргийн ангиуд террористуудын 181 байгууламжид цохилт өгч устгалаа” хэмээн тус мэдэгдэлд өгүүлсэн байна.

Үүнээс гадна Исламын улс бүлгийн олзлогдсон гишүүдийг хорьж байсан нэг шорон Туркийн агаарын цохилтод өртсөн тухай Курдын зэвсэгт байгууллага Ройтерс агентлагт мэдээлжээ.

Лхагва гарагт Туркийн нисэх онгоцнууд Сирийн хилийг давж, Курдийн зэвсэгт бүлгийн байрлалуудад цохилт өгч эхэлсэн юм. Үүний дараа хуурай замын цэргийн ангиуд хилээр нэвтрэн орсон байна.

Анкарагийн эрх баригчид Сирийн хойд хил дагуу буферын бүс байгуулж, 3 сая хүртэл тооны Сирийн дүрвэгчдийг байрлуулах зорилготой гэж уг ажиллагаагаа тайлбарлаж байгаа.

Туркийн байлдааны ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Франц, Герман, Британи, Бельги, Польш зэрэг улсууд өнөөдөр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг хаалттай хуралдуулах уриалга гаргажээ.

Сирийн мэдээллийн SANA агентлаг Туркийн байлдааны ажиллагааг “эзлэн түрэмгийлэл” хэмээн нэрлэсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС