Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Одонтунгалаг: Иргэд шөнө угаарын мэдрэгчийн дохиолол дуугарахыг хүлээж байх хэрэг үү

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.

Дохиоллыг дугарахаас өмнө угаартахгүй гэсэн баталгаа алга

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Сайжруулсан түлшний асуудлаар ямар нэг гарц шийдэл хайлгүй 6.6 тэрбум төгрөгийг төсөвлөж утаа мэдрэгч багаж авч өгөх асуудал яригдаж байна.

Түлшийг түлээд хүн үхчхээд байхад үргэлжлүүлэн түлэхийг шаардсаар байна гэдэг нь өөрөө маш ноцтой асуудал юм.

Төр энэ түлшийг түлэх зааварчилгааг ил тод болгоогүй, иргэдэд түлшийг яаж хэрэглэх тухай зааварчилгааг дутуу өгсөн байж иргэддээ шууд түлүүлэхээр захирамж шийдвэр гаргасан.

Шийдвэрийнх нь улмаас иргэдийн амь насанд хохирол үүсчхээд байхад төр ядаж ёс зүйн хариуцлагаа хүлээж уучлал гуйх ёстой. Гэвч Ерөнхийлөгчөөс өөр хүн өнөөдрийг хүртэл уучлал гуйсангүй.

Иргэн бүр агаарын бохирдлоос салахыг хүсэж байгаа. Хүн бүр агаараа бохирдуулахгүйн төлөө хичээж, түүхий нүүрснээс татгалзах ёстойгоо мэдэж байгаа. 

Энэ бүхний дараа сайжруулсан түлшээ цаашид түлсээр байх шийдвэрт хүрч байгаа бол Ерөнхий сайд өөрөө энэ түлшийг түлэхэд хүний эрүүл мэндэд аюул учрахгүй гэсэн баталгааг гаргаж өгөх хэрэгтэй.

Нийслэлд 1.4 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд 530 орчим хүүхэд бий. Үүнээс 300 гаруй хүүхэд нь гэр хороололд амьдарч байна. Хүүхдүүдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахын төлөө бид Ерөнхий сайд таныг баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна.

Түлш аюулгүй гэж олон хүн ярьж байгаа ч баталгаа гаргаж, итгэл төрүүлэхүйц зүйл хэн нь ч ярьсангүй. Тийм ч учраас иргэд сайжруулсан түлшээ түлэхээс айж байна.

Түүнчлэн 6.6 тэрбум төгрөгийн утааг мэдрэгч төхөөрөмж чинь зөвхөн дохиолол л өгөх үүрэгтэй бөгөөд тэр дохиоллыг дугарахаас өмнө угаартахгүй гэсэн баталгаа алга.

Иргэд шөнө унтахдаа дохиолол хэзээ дугарахыг хүлээж байх хэрэг үү. Дохиололд сэрэхгүй хүн байвал яах вэ гэдгийг бодож үзсэн үү.

Монгол Улсын төсөв дуртай үедээ гаргаж ирээд зарцуулаад байдаг юм биш. Шаардлагатай зөндөө зүйлд төсөв гаргаж чаддаггүй мөрлөө өөрсдийн шийдвэрт алдаа гарсан тохиолдолд шууд төсвийн мөнгийг гаргаад зарцуулчхаж болохгүй.

Өөр боломж хайж, эрдэмтдийнхээ үгийг сонсох ёстой. Төр гэж байдаг бол иргэдийнхээ өмнө хариуцлагаа хүлээх ёстой" гэлээ.

Хүүхдүүд эрсдэх магадлал өндөр байна

АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан “Хүмүүс угаартаж, зарим нь амь насаараа хохирч байхад энэ бол байдаг л тоо гэж мэргэжлийн хүмүүс хэлээд сууж болохгүй.

Хүний алтан амь бол юугаарч зүйрлэшгүй үнэт зүйл. Бид харин ч жил бүр угаартаж нас барсан тоог бууруулахын эсрэг тэмцэх ёстой.

Гэтэл үүнийг байх ёстой зүйл мэт хандаж, өөрсдийнхөө буруу үйлдлийг хаацайлж бичиж байгаа хүмүүсийг энэ үйлдээ зогсоохыг хүсэж байна.

Түүнчлэн миний хувьд энэ байдалд хүүхдүүд эрсдэх магадлал өндөр байна гэж харж байна. Учир нь гэр хороололд амьдардаг эцэг эхчүүд өглөө ажилдаа явахдаа нүүрсээ хийж, галаа түлээд яваад өгдөг.

Харин маш олон хүүхэд дүү нараа хараад гэртээ унтаад үлдэж байгаа.

Хүйтний улирал дөнгөж эхлэх гэж байгаа энэ үед зургаан хүн амь насаараа хохирчхоод байна. Цаашид тэсгэм өвлийн хүйтний урт хугацаа хүлээж байхад юу болох нь таашгүй” гэлээ.