Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн сүүлчийн арслан заан 4,000 жилийн өмнө амьдарч байсныг тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Манай дэлхий дээрх сүүлчийн арслан заан 4,000 орчим жилийн өмнө Хойд мөсөн далайн алслагдсан арал дээр амьдарч байсныг эрдэмтэд тогтоожээ.

Арслан заан нь нэг үе дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өргөн хүрээнд тархан амьдарч байгаад сүүлийн мөстлөгийн үе өндөрлөж, дэлхийн уур амьсгал дулаарсны улмаас 15,000 жилийн өмнө устсан гэдэг.

Гэтэл алсын арал дээр тусгаарлагдсан нэг сүрэг бусад арслан заануудыг устаж дууссанаас хойш дахин 10,000 орчим жил амьдарсан байна.

Финланд, Орос, Германы эрдэмтэд Канад, Аляск, Сибирь зэрэг бүс нутгаас олдсон арслан заануудын яс, соёо зэргийг судалж, аль хэсэг нь цаг уурын өөрчлөлтийг хамгийн удаан тэсвэрлэснийг тогтоосон байна. Ингээд Хойд мөсөн далайн Врангел арлын арслан заанууд хамгийн сүүлд устаж үгүй болсныг тогтоожээ.

Эрдэмтэд газар бүрийн арслан заануудын хоол тэжээл, амьдрах орчны өөрчлөлтийг тэдгээрийн яс, соёо зэргийн бүтэц найрлагыг судалж тогтоосон юм.

Сибирийн арслан заанууд хүйтэн өвлийг давахын тулд биед хуримтлуулсан өөхөө ашигладаг байжээ. Гэтэл Врангел арлынханд ийм шаардлага бага тул эрч хүчээ өөр зүйлд, тухайлбал хоол тэжээл олоход зарцуулж байсан нь удаан хугацаанд тэсэж үлдэх нөхцөл болсон байна.

Врангелын арслан заануудын мөхсөн шалтгаан бас өөр байгааг тогтоожээ. Тухайлбал арлын хад чулуу хугацааны явцад элэгдэж, хорт бодистой давхарга ил гарснаас арслан заануудын ундны усыг бохирдуулжээ.

Үүнийг тус арлаас олдсон яснуудын бүтэц найрлагаас мэдсэн байна. Арслан заануудын мөхөл ойртох тусам тэдний ясанд хүхрийн хэмжээ нэмэгдэж байгааг тогтоожээ.

Үүнтэй зэрэгцэн хүчтэй цас бороо зэрэг байгалийн эрс тэс үзэгдэл нэмэгдэх болсноор газрын гадаргад мөсөн давхарга бий болж, хоол хүнсээ олж идэхэд бэрхшээлтэй болсон байна.

Харин Врангел арлын арслан заануудыг устахад хүний нөлөө бараг байгаагүй гэж таамаглажээ. Сүүлчийн арслан заан амьдарч байснаас хойш хэдхэн зууны дараа Врангел арал дээр анхны хүн амьдарч байсан ул мөр олдсон байдаг.

Тиймээс Врангел арал дээр арслан заан болон хүмүүс цаг хугацааны хувьд давхцан амьдарч байсан гэх магадлал бага гэж эрдэмтэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: CNN