Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Иракийн иргэдийн тэмцэл тав дахь өдрөө үргэлжилж, 100 орчим хүн амь үрэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн Иракчуудын тэмцэл өчигдөр тав дахь өдрөө үргэлжилж, амиа алдсан хүмүүсийн тоо нийтдээ 100 дөхсөн байна.

Зөвхөн Бямба гарагт нийслэл Багдад хотод таван хүн нэмж алагджээ.

Засгийн газрын цэргүүд тэмцэгчдийн эсрэг галт зэвсэг хэрэглэж байгаа юм.

Ажилгүйдэл, авлига, ядуурал нэмэгдэж, төрийн үйлчилгээ муу байгааг эсэргүүцсэн иргэд засгийн газрын эсрэг жагсаж байна.

2017 онд тус улсад Исламын улс зэвсэгт бүлэглэл дарагдсанаас хойш хамгийн олон хүний амь үрэгдсэн анхны томоохон үймээн дэгдээд байгаа нь энэ юм.

Иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн гол буруутнаар байгуулагдаад жил орчим хугацаа өнгөрөөд байгаа ерөнхий сайд Адел Абдел Махдигийн засгийн газар болж байна.

Засгийн газар тэмцлийг зогсоохын тулд хөл хориг тогтоох, интернэтийг хаах зэрэг хэд хэдэн арга хэмжээ аваад байгаа.

Өчигдөр Иракийн парламент шуурхай хуралдаан хийсэн ч үр дүнд хүрээгүй өндөрлөжээ.

Тэмцлийн гол талбар болсон Багдадын Тахририйн талбайг өчигдөр хаасан байна. Тэмцэл нийслэл Багдадаар хязгаарлагдалгүй, шиа муслим хүн ам голлодог тус улсын өмнөд хэсгийн Амара, Дивания, Хилла зэрэг хотуудыг хамарчээ.

Эрх баригчид тэмцэл эхэлсэн үеэс хойш нийтдээ 500 орчим хүнийг баривчилснаас 200 орчим нь хоригдож байгааг хүний эрхийн байгууллагууд мэдээлж байна.

Нийт 3,000 гаруй хүн шархдаж, бэртжээ.

Баасан гарагт ерөнхий сайд Махди мэдэгдэл хийхдээ иргэдийн шаардлагыг биелүүлэхээ амласан ч Иракийн асуудлыг бүрмөсөн шийдэх “ид шид” байхгүй болохыг сануулсан юм.

Тэр бас үймээн самууныг зогсоохын тулд аюулгүй албаныхан нь олон улсын стандартын дагуу ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Ирак улс нь дэлхийн газрын тосны дөрөв дэх том нөөцийг эзэмшдэг. Гэвч 40 сая хүн амынх нь 22.5 хувь өдөрт $1.9 хүрэхгүй орлогоор амьдарлаа залгуулж байгааг Дэлхийн Банкны 2014 оны тоо баримтаас харж болно.

Өнгөрсөн онд ажилгүйдлын хэмжээ 7.9 хувьд хүрснээс залуу үеийнхний дотор тал хувь нь ажилгүй байгаа юм. 

Ажиллах насны иргэдийнх нь 17 хувь ямар нэг ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа ажээ. Энэ бүх нөхцөл байдал Иракийн иргэдийг засгийн газрынхаа эсрэг тэмцэхэд хүргээд байна.

 

Эх сурвалж: BBC