Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи улс 250 жилийн өмнө Шинэ Зеландын уугуул иргэдийн амийг хөнөөсөн явдалдаа харамсал илэрхийллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Ахмад Жэймс Күкийн HMS Endeavour хөлгийн дуураймал загвар

Энэ жил Британийн аялагч Жэймс Күкийн ахалсан хөлгийн баг Шинэ Зеландыг нээсний 250 жилийн ой тохиож байна.

1769 онд Күкийн HMS Endeavour хөлөг Шинэ Зеландын эрэгт газардаж, нутгийн Маори хүмүүстэй анх удаа нүүр тулсан юм.

Гэвч буруу ойлголцлоос болж, хоёр цаг хүрэхгүй хугацааны дотор Күкийн багийнхан Маори овгийн ахлагч болон бусад есөн хүнийг буудан хөнөөсөн гэдэг.

Өнөөдөр Шинэ Зеландад томилогдсон Их Британийн дээд комиссар Лаура Кларк уугуул иргэдийн төлөөлөлтэй Жэймс Күкийн хөлөг газардаж байсан Гисборн хотод уулзаж, харамслаа илэрхийлжээ.

“Эмгэнэлт явдал гарахад яг юу нөлөөлснийг мэдэх боломжгүй ч та бүхний өвөг дээдэс Endeavour хөлгийнхөнд буудуулж алагдсан нь үнэн билээ. Энэ явдалд Endeavour хөлгийнхөн тухайн үед харамсаж байсныг аялалын гишүүн, ботаникч Жозег Бэнксийн тэмдэглэлд бичсэн байдаг. Анхны уулзалт ийм явдлаар эхэлсэн нь тун харамсалтай. Сэтгэлийн шархыг цаг хугацаа эдгээдэггүйг ойлгож байгаа тул алагдсан хүмүүсийн үр сад та бүхэнд би харамслаа илэрхийлж байна” гэж тэр хэлсэн юм.

Маоричуудын зарим бүлэг Британичууд харамсал илэрхийлсэнд талархаж байгааг сошиал хуудсаараа илэрхийлсэн байна. Харин зарим хэсэг нь уучлал гуйлгүй өнгөрснийг нь шүүмжилжээ.

Энэ долоо хоногийн сүүлээр ахмад Жэймс Күкийн хөлөг Шинэ Зеландад ирсний 250 жилийн ойг тэмдэглэх юм. Энэ үеэр нутгийн уугуул иргэд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж магадгүй байгаа. Ахмад Күк газарзүйн нээлт хийсэн нь үнэн боловч колоничлолыг дагуулж, нутгийн уугуул иргэдийн уламжлалт амьдралыг сүйтгэсэн гэж тэд үзэж байна.

 

Эх сурвалж: BBC