Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Энхсайхан: Ц.Нямдорж сайдын луйвар булхай ил болж төрийн албаны ургийн мод нь ганхаж эхлээд байна

Б.Номин-Эрдэнэ, Өдрийн сонин
2019 оны 10 сарын 2
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн"-ий тэргүүн Т.Энхсайхантай ярилцлаа.

-Таны дэлгэсэн нотлох баримтууд нэг хэсэг олныг шуугиулсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Юуны өмнө зочноор урьж оролцуулж буй танай сонины хамт олонд баярлалаа. Яагаад заавал Ц.Нямдоржтой тэмцээд байгаа тухайгаа тайлбарлая. Монголын ард түмэн өнөөдөр хууль шүүхийн байгууллагад итгэхээ больсон. Шүүх шударга бус байна, Авлигатай тэмцэх газар ажлаа хийхгүй байна, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүнд болж байгаа тухай бүгд л шүүмжилж байна.

Энэ бүхний гол зангилаа нь хууль. Өнөөдөр шүүгч нь шударга хүн байлаа гээд завхарсан хуультай газар хуулиа л барьж шийдвэр гаргана. АТГ ажлаа хийлээ гээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг үргэлжлүүлээд мөрдөөд байхгүй нь ойлгомжтой биз дээ.

Хууль нь өөрөө биднийг хэчнээн хөдөлмөрлөөд ч амьдралыг маань сайжруулахгүй улам дордуулдаг хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтсон байна. Тэгээд энэ бүх хариуцлагыг бид хэнээс нэхэх ёстой юм. 22 жилийн турш Хууль зүйн сайд хийхдээ ард түмний эсрэг хуулийг санаатайгаар завхруулж, Монголын төрийг авлигачдын үүр уурхай болгож, МУ-ын Тусгаар Тогтнол, Аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаагаа явуулж буй Ц.Нямдоржоос хариуцлага нэхэх ёстой.

Тийм учраас би энэ хүнийг Монголын төрийн бодлогоос үтэр түргэн холдуулахыг шаардаж тэмцэл өрнүүлээд хэдэн сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж Ц.Нямдоржид хариуцлага тооцон огцруулж, Хөөн хэлэлцэх хугацааны тухай хуулийг яаралтай засахыг шаардсан шаардлага, хүсэлтүүдийг хүргүүлсэн.

Ц.Нямдорж сайдад өөрт нь шаардах бичиг хүргүүлэх гэх зэрэг удаа дараа олон албан бичиг хүргүүлж, жагсаал цуглаан хийсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй суусаар өнөөдөр Жастын Батхүүгийн Хөөн хэлэлцэх хугацааг дуусгачихлаа.

Энэ юуг харуулж байна гэхээр өнөөдөр бид төлөөлөх ардчиллын замаар төрийн эрхийг шууд хэрэгжүүлнэ гэдэг ардчилсан нийгмийн гол үзэл санааг өнөөгийн төр баригчид устгасан байна.

Ард түмнээ нулимдаг, дээрэмддэг, дур зоргоор авирладаг мафижсан төр аль дээр бий болсон байна. Бид сонгоод явуулсан УИХ-ын гишүүддээ доромжлуулж, дээрэмдүүлдэг, Ц.Нямдорж шиг эрхтэн дархтнууд мянга хулгай хийгээд шийтгүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, ард түмнийг улайм цайм доромжилж, шоронжсон, Цагдаа нь иргэдийнхээ эсрэг ажиллагаа явуулдаг харгис хэрцгий мафижсан нийгэм бий болсон байна.

Ялангуяа залуу хүмүүс энэ эгзэгтэй цаг үед хэрхэвч энэ мэт төрийн дээр зайдлаад суучихсан хулгайчдад Монгол Улсынхаа хувь заяаг даатгачихаад хараад суугаад байж болохгүй цаг үе ирсэн байна гэдгийг ойлгож ухамсарладаг болсон байна шүү дээ. Залуу үе сэрж байна. Энэ ёол сайн хэрэг гэж би хувьдаа харж байгаа.

-Эмэгтэй хүн жагсаал цуглаан хийгээд, тэмцээд явахад мэдээж хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлууд олон байх. Дарамт шахалт гээд л...

-Би анх жагсаал, цуглаан хийхдээ миний төсөөлж байсан төр болон нийгмийн харилцаа тэс өөр байсан байна лээ. Монголын төр ард түмнээ жаахан ч гэсэн сонсдог байх гэж боддог байсан.

Гэтэл эсрэгээрээ хэдэн олигарх нөхдүүд бидний дээр сандайлаад суучихсан, Хууль зүйн сайд нь өөрийнх нь эсрэг жагсаж цугласан иргэнээ цагдаагаараа хөөлгөж туулгадаг, баривчилж хорих гэж араас нь элддэг, зөрчлийн хэрэг үүсгэж торгодог, хэрэг үүсгэж шалгах нэрийн доор тарчлаан зовоодог, ар гэрийнхнийг нь ажил амьдралгүй болгодог. Ийм л нийгэмд бид амьдарч байна.

Би өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн эсрэг бослого, тэмцэл гаргасныхаа төлөө энэ бүх дарамтыг бүгдийг нь даван туулж явна. Харин нөгөө олигархууд нь харсаар, үзсээр, мэдсээр таг дуугай.

-Таныг яасан гэнээ?

-Жагсаад жагсаад Ерөнхий сайд нь хариу урвал үзүүлэхгүй учраас би Ц.Нямдорж сайдын огцрох үндэслэлүүдийг баримт нотолгоотойгоор олны өмнө гаргаж тавьж эхэлсэн. Ерөнхий сайд үүнийг үзээсэй гэж бодож хийсэн.

Би тэнд олныг хамарсан жагсаал цуглаан хийгээд байдаг. Ерөнхий сайд нь тоож ч авч хэлэлцэхгүй байдаг. Тэглээ гээд би шантраад болихгүй. Энэ чинь тэмцэл биз дээ. Тийм учраас дараагийн замыг сонгосон. Ингээд Ц.Нямдорж гэж хүнийг огцруулах хангалттай үндэслэл бүхий нотлох баримтууд дэлгэгдээд ирэхийн цагт Ц.Нямдорж сайд сандраад өөрийнхөө утсан хүүхэлдэй Цагдаагийн удирдах албан тушаалтнуудыг дуудаж үүрэг өгсөн юм билээ.

570-ын хэргийг дэлгэнгүүт “Тэр Т.Энхсайханыг ямар ч хамаагүй аргаар дуугүй болго. Нөхрөөр нь дамжуулж дарамтал. Бүр болохгүй бол наад хүүхэн дээрээ хэрэг үүсгэж шалгаж дарамтал, хүн л болсон хойно юм олдоно” гэж үүрэг өгсөн гэсэн мэдээлэл надад ирсэн. 

Ингээд Ц.Нямдорж сайд Цагдаагийн нэр бүхий удирдлагуудыг нөхөр рүү маань турхираад “Эхнэрээ болиулахгүй бол хэрэг тохогдоод шалгагдаад ирэхээр өөрт нь л муу юм болно шүү” гэж надад хэлүүлсэн. Манай нөхөр хариуд нь “Энхсайхан бол миний хүүхдүүдийн маань эх, олон жил ханилсан эхнэр минь. Би тэр хүний үзэл бодлыг хүндэтгэж үзэх ёстой.

Хэдийгээр тэр хүний тэмцэл надад хамаагүй боловч би Энхсайханыг боль гэж хэлж чадахгүй” гэж хариулсан юм билээ. Ингээд нөхрийн маань хариуцдаг албан дээр гурав хоногийн гэнэтийн иж бүрэн шалгалт оруулж баахан шалгаж шалгаж факт илрүүлж чадаагүй.

Ингээд нөхөрт маань зориулж ЦЕГ-ын 17 удирдах ажилтнаас хууль тогтоомжийн шалгалт авч нөхөр маань дээрээсээ гуравдугаар байранд орж А үнэлгээ авсан юм байна лээ. Магтаж байгаа юм биш шүү. Миний нөхөр хурандаа Д.Очгэрэл бол эрдэм мэдлэг, боловсрол туршлагаараа Монголын Цагдаад ховорхон, төр түмнийхээ төлөө ариун үйлсэд амь биеэ зориулж яваа шижигнэсэн хурандаа нарын нэг л дээ.

Ч.Ойдов шиг хулгайч биш л байхгүй юу. Мөн над дээр Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэст хаанаасаа ч юм нэг хэрэг гаргаж нээгээд шалгаж байгаа нэрийдлээр миний таньдаг мэддэг, дуртай, дүргүй янзан бүрийн хүмүүсийг дуудаж аваачиж миний эсрэг мэдүүлэг авч эхэлсэн дээ. Монголын Цагдаа шууд миний эсрэг ажиллаж эхэлсэн.

Ингээд олж цуглуулсан мэдээллээ дээшээ Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ц.Нямдоржийн хамаатан С.Баатаржав руу мэдээлэл дамжуулдаг. Баатаржав нь цаашаа Нямдорждоо мэдээлдэг. Ийм байдлаар эд нар нэг хэсэг ажиллаад намайг муучлах юм гаргаж ирж чадаагүй юм.

-Цагдаагийн албан хаагч, тэр тусмаа Ц.Нямдорж сайдын хүргэнтэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэсэн. Үүнтэй холбоотойгоор танай гэр бүлийн хүнийг шалгаж дарамталж байна гэж ойлгож болох уу. Мөн Ц.Нямдорж сайдын хүргэн Ч.Ойдов хэр хэмжээний хээл хахуулийн хэрэгт орсон юм бол?

-Өнгөрөгч есдүгээр сарын 17-ны өдөр хятадуудаас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө гэж 30 сая төгрөгийн хахуулийг Ц.Нямдоржийн зараалаар авах гэж яваад газар дээрээ АТГ-д баригдсан гэх хүргэн хүү Цагдаагийн ахмад Ч.Ойдов, Ц.Нямдоржийн дүү Мөнхшүр нарын талаар мэдээлэл хийчихсэн л дээ. Ч.Ойдов АТГ-т нийт 500 сая төгрөгийн хэргээр Эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа мөртлөө Цагдаагаас одоо болтол халагдаагүй ажлаа хийж байгаа.

Сайд нь, Цагдаагийн Газрын дарга нь хоёулаа түүний хамаатан юм чинь. Ч.Ойдовын талаар мэдээлэл цацагдсанаас хойш хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 19-ний өглөө үүрээр гэнэт Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтсийнхэн манай компанийн нягтлан бодогчийг гэрээс нь баривчилж байцаасан асуудал гарсан.

Мөн тэр өдөр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга гэнэт хуралдаад миний нөхөр Цагдаагийн хурандаа Д.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн. Малын хулгайг 85 хувь өсгөсөн гэдэг үндэслэлээр гэнээ.

Миний нөхөр хурандаа Д.Очгэрэл Монголын Цагдаад малын хулгайг бүртгэдэггүй байхад нь харин бүртгэлжүүлсэн. Мэдээж бүртгэдэггүй замбараагүй байсан юмыг бүртгээд ирэхээр хоосон байсан юм мэдээж өссөн харагдана биз дээ.

Ингэж миний нөхрийн Монголын Цагдаад байгуулсан том гавьяаг нь өөрийнх нь эсрэг ашиглаж ажлаас нь чөлөөлөх үндэслэл болгож тавьсан байгаа юм. Миний нөхөр бол олон жилийн турш хүн амины гэмт хэрэг дээр ажилласан Монголын Цагдаагийн байгууллагад энэ чиглэлээр мэргэшсэн “Онц Хүндийн Очгэрэл” гэдэг алдартай Эрүүгийн Цагдаагийн хурандаа хүн л дээ.

Ц.Нямдорж сайд, өөрийн хамаатны дүү ЦЕГ-ын дарга С.Баатаржавтайгаа бүлэглэн үнэнч шударгаар төр түмнийхээ төлөө зүтгэсэн миний нөхөр шиг Цагдаагийн албан хаагчдыг зайлуулж, өөрийн хүргэн Ч.Ойдов мэтийн авлигын сүлжээний хулгайчдаар Монголын Цагдаагийн Удирдах албыг дүүргэж байгаа нь хэдийгээр Ц.Нямдоржид ашигтай ч Монголын ард түмэнд хохиролтой байхгүй юу.

Нөхөр маань ямартаа ч үлдсэн ээлжийн амралтын хоногуудаа нөхөж аваад одоо гэртээ ажилгүй сууж байна. Шоокноосоо арай гараагүй л байгаа болов уу. Надаас болоод гэх үү, эсвэл эхнэр нь энэ харгис бурангуй нийгмийн эсрэг тэмцсэнээс болоод гэх үү. Нөхөр маань нас залуу, цус шингэн, эрдэм боловсролтой, харьцангуй ажлын туршлагатай хүний хувьд мэдээж дотроо шаралхаж байгаа.

-Одоо байдал хэр байна?

-Ер нь бол байдал аль хэдийнээ хурцадсан. Ядаж байхад хоолой өвдөөд 10 гаруй хонолоо. Бүр таг болтлоо сөөчихсөн. Халуураад антибиотек эмчилгээ хийлгээд өчигдрөөс харин бага зэрэг юм ярихтайгаа болж байна. Хоолой гэснээс би танд нэг сонин юм ярих уу. Сүүлийн үед Ц. Нямдорж сайд бид хоёрын байдал хурцдаж Цагдаагийнхан миний эсрэг шууд ажиллагаа явуулж эхэллээ шүү дээ.

Нөхрийг маань хууль бусаар албан тушаалаасаа буулгаж байхад хоолой маань сөөгөөд таг болчихсон байсан учраас юу ч ярьж чадахгүй бүлтийтлээ хараад суух шиг эмгэнэлтэй юм гэж байдаггүй юм байна лээ. Фэйсбүүк хаягийг маань хүртэл хакердчихаж байгаа байхгүй юу. Би бол Цагдаагаас энэ ажиллагааг зохион байгуулсан гэж хардаж байгаа. Пост тавьж нийтэлж болохгүй, шэйр, коммент бичиж болохгүй болгочихсон.

Ц.Нямдоржид муу муухай хорон юмыг нь хийдэг бэлэн зэлэн Цагдаагийн байгууллага байна ш дээ. Монголын Цагдаагийн байгууллага хүний эрхэд улайм цайм халдаж болохгүй. Тэгээд би ядаж хэвлэлийн бага хурал ч зарлаж чадахгүй, хоолой таг болчихсон.

Эрүүгийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаасан юм. Бие муу, хоолой яг сөөж эхэлж байсан үе. Бие муу байгааг харсаар байж дөрвөн цагийн турш мэдүүлэг авч байна гээд яс суулгачихсан. Ямар удаан тамладаг этгээд вэ л гэж бодсон. Сүүлдээ бүр хоолой гарахгүй таг болж байгаа юм. Анх орж ирэхэд та үүдэнд цүнхээ, гар утсаа шкафанд хийж түгжээд ороод ир гээд байсан юм. Би бага зэрэг гайхаад өнгөрсөн л дөө.

Гэтэл удаан суулгаад байсан учир нь аахар шаахар юм асуугаад суулгаж байх хоорондуур өөрсдөд нь байдаг илүү түлхүүрээрээ нөгөө шкафыг онгойлгоод гар утсыг маань аваад тагнаж чагнадаг аппликэйшн суулгачихсан байсан.

Яаж мэдсэн бэ гэхээр кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажилладаг байсан нэг хуурай дүү маань үзчихээд надад хэлсэн. Үнэхээр энэ үнэн бол Монголын цагдаа иргэнийхээ эсрэг хууль бусаар тагнах чагнах ажиллагаа нууцаар явуулдаг болсон байна.

-Эрүүгийн цагдаагийн газраас таны хувийн бизнестэй холбоотойгоор шалгаж байгаа гэсэн үү?

-Манай компанийн 10 жилийн туршид бүх санхүүгийн тайланд шалгалт оруулж байгаа. Яасан гэхээр энэ Т.Энхсайхан 10 жилийн турш бизнес эрхлэхдээ аливаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан эсэхийг Монголын Цагдаа Ц.Нямдоржийнхоо зараалаар шалгаж байгаа юм гэнээ.

Манай Компани дээр нэг хөрөнгийн маргаан явж байгаад Иргэний Хэргийн Шүүхээр миний талд шийдэгдсэн нэг хэрэг байдаг юм. Манай нэг Япон бид хоёр байнга хөрөнгөө булаацалдаж муудалцаж байдаг.

Компани л болсон хойно эд хөрөнгийн, бизнесийн маргаан аль ч компанид байдаг л зүйл. Гэтэл аль дээр Иргэний Шүүхээр шийдэгдсэн манай компанийн хөрөнгийн маргааныг барьж аваад Эрүүгийн хэрэг мэт болгож намайг яллах гээд байгаа юм байх аа.

Би Эрүүгийн хэрэг үйлдээгүй, үйлдэх ч гүй. Тэр тусмаа Ц.Нямдорж шиг Монголын ард түмний хөрөнгийг, төрийн мөнгийг ах дүү, хамаатан саднаараа нийлж хулгай хийж идэж уугаагүй л дээ.

-Цагдаагаас мөрдөн байцаалтын шатанд Төрийн байгууллагаас албан бичгээр авсан мэдээлэл хүртэл ФБ-ээр явж байна лээ. Энэ бүгдийг ил гаргаад олон нийтийн сүлжээгээр тараагаад байгаа нь өөрөө хууль зөрчөөд байгаа юм биш үү?

-Цагдаагийн Албаны Тухай Хуулийн 68.5-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд цагдаагийн алба хаагч хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно”. 69.1.3-Т “бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд хохирол учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх”-ийг хориглоно.

69.1.4-т “төр, байгууллага, хувь хүний нууцыг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бусдад задруулах, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр албан ажлын мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэхийг хориглоно” гэж заасан байдаг.

Гэтэл Монголын Цагдаа яаж байна. Над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж тагнаж туршаад миний бизнесийг булаах сонирхол бүхий этгээдүүдийг хайж олоод, хэнээр нь ч юм гүжирдэж гүтгүүлээд Цагдаад өргөдөл егүүлээд, миний таньдаг мэддэг хүмүүсийг дуудаж мэдүүлэг авч байгаа нэрийдлээр миний эсрэг мэдээлэл цуглуулж Ц.Нямдорж руугаа егөөд байна шүү дээ.

Одоо манай компанийн нууцтай холбоотой хамаг юм мэдээллийн хэрэгслээр явж байна цаана чинь. Цагдаа ингэж л ажиллаж байна. Энэ завшааныг ашиглаад Монголын Цагдаад үүрлэсэн Нямдоржийн бууны нохдуудад хандаж хэлэх үг байна. Та нар хуульч хүнтэй үзэлцэж байгаа гэдгээ хатуу санаж яваарай. Монголын Хууль зүйн салбарт Ц.Нямдоржийн чинь хоногийн тоо дуусах үед Хууль зүйн салбарын шинэчлэлийг явуулж, их цэвэрлэгээг бидний үеийнхэн эхлүүлэх болно.

Тэр цагт та бүхэнд хамгийн түрүүнд хуулийн хариуцлага тооцуулна гэдгээ албан ёсоор хэлчихье. Эдгээр Цагдаагийн ажилтнуудын нэр ус, баримт нотолгоог би байдал улам хурцдах үед ил гаргаж тавина гэж бодож байгаа.

-Тэмцэл улам бүр л олны анхаарлыг татсан. Зарим нэг талаараа төрийн томчуудын хууль бус үйлдэл нь ил болж, сандарч эхэлж байна. Ер энэ бүгд эцэстээ яаж төгсөх бол?

-Цагдаа хүчний байгуул-лагад ажилладаг болон ажиллаж байсан хүмүүсийн зүгээс надад ингэж анхааруулж байна. Наад Ц.Нямдорж чинь хэнийг ч хилс хэрэгт гүтгэж шоронд хийж чадна. Цагдаа, шорон хоёр Ц.Нямдоржийн гарт байгаа. Эдгээр байгууллагууд бол мафийн далд бүтэц, зохион байгуулалтаар ажилладаг.

Муу юм их хийдэг хүмүүс. Ц.Нямдоржийн шоронг хариуцдаг бүлэглэл нь шоронгийн хоригдлуудыг сэм гаргаж явуулаад гэмт хэрэг үйлдүүлээд буцааж оруулаад байдаг. Эцэстээ хэрэг нь илэрдэггүй. Яагаад гэвэл хэрэг гарах өдөр тухайн хоригдол шорондоо байсан гэдэг тодорхойлолт гаргаад өгчихдөг. Эд нар чамайг нухъя гэвэл маш амархан. Худлаа хэрэг үүсгэж шалгаж байгаа нэрийдлээр оргон зайлж болзошгүй гээд аваачаад хорьчихно.

Тэгээд шорон дотор элдэв юм уулгаж идүүлээд л хороочихно. Яг тэр шүүгч эмэгтэйг алсан шиг амиа хорлосон болгочихно шүү. Одоо байдал хурцадсан учир маш болгоомжтой байх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Т.Энхсайхан миний эрх, эрх чөлөө, амь насанд аюул заналхийлж байгаа гэж үзэж өнөөдрөөс эхлээд Олон Улсын хүний эрхийн байгууллагууд болон Хүний Эрхийн Үндэсний Комисс, мөн Ардчилсан Намд хандаж намайг хамгаалалтдаа авахыг хүсэж албан ёсоор хүсэлт хүргүүлж байна.

-Ц.Нямдорж сайдаас гадна түүний хүү, бэр, хүргэнтэй холбоотой олон асуудал ил болж байна. Албан тушаалын наймаа, өнөөх хар тамхи, Lexus 570-ын хэрэг гээд л?

-Ц.Нямдорж хэрхэн өөрийн хүү, бэрээ албан тушаалд аваачин нөгөө хэд нь хууль бус томилгоо, наймааг хэрхэн хийдгийг олон хүн ил болгоод ярьж эхэлж байна. Хөх хотын Консуль асан Мөнх-Эрдэнэ гэдэг залуу маш тодорхой ярьсан.

Бэрээ хүртэл Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Хүний Нөөцийн Албаны даргаар томилоод амжсан байна. Нөгөө танихгүй мэдэхгүй гээд байдаг Германд хар тамхиар хоригдож байгаа

Т.Мөнхбатын найз гэдэг нь ч ил боллоо. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Lexus 570-ыг оруулж ирээд Германд хар тамхины хэргээр саатуулагдаж, шүүх хурал нь саяхан болсон Т.Мөнхбат нь мэдүүлэгтээ Н.Анхбаярын сайн найз, дипломат эрх ямба авсан энэ тэр гээд мэдүүлгээ өгсөн байна лээ.

Энэ мэтчилэнгээр Ц.Нямдорж гэдэг хүний бузар булхай, төрийн албыг төрлийн алба болгосон ургийн мод нь өдөр ирэх тусам тод томруунаар ил гарч ирсээр байхад сэлмээрээ толгойг нь тасалдаг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэм хуйндаа байсаар байгааг л гайхаж байна. Ц.Нямдоржийн толгойг эсвэл цавчиж чадахгүй мохоо сэлэмтэй, шүдгүй арслан болсон юм уу У.Хүрэлсайд аа гэж асуумаар байна.

Зураг