Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жагсаалыг ажиглаж зогссон гэгдэж буй жүжигчин залууд Оросын шүүх 3.5 жилийн хорих ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Москвагийн Тверской дүүргийн шүүх өчигдөр 23 настай жүжигчин Павел Устиновт 3.5 жил шоронд хорих ял оноожээ.

Түүнийг хууль бус жагсаал цуглаанд оролцож, цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн гэж буруутгасан байна.

Харин Устинов өөрийгөө ямар ч буруугүй, жагсаалыг хөндлөнгөөс харж зогссон гэж мэдүүлсэн юм. Наймдугаар сарын 3-ны өдөр Москвагийн гудамжинд болсон эсэргүүцлийн жагсаалд Устиновыг оролцсон, баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлсэн гэж прокурорууд дүгнэжээ.

Тухайн үед хийгдсэн дүрс бичлэгээс харвал метроны өртөөний ойролцоо гар утсаар ярьж зогссон Устиновыг цагдаа нар хүч хэрэглэн баривчилсан байна. Энэ үеэр жүжигчин залуугийн мөр мултарсан гэнэ.

Прокурорууд түүнд зургаан жилийн хорих ял төлөвлөөд байжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шүүхийн шийдвэрийн талаар тайлбар хийхээс татгалзсан байна.

Өнгөрсөн зун Москвад болсон удаа дараагийн эсэргүүцлийн жагсаалд оролцсон зургаа дахь хүн ийнхүү ял сонсож байгаа юм.

Есдүгээр сарын 8-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд сөрөг хүчний улс төрчдийг оролцуулаагүйг эсэргүүцсэн жагсаал цуглаанууд өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн.

Цагдаа нар олон зуун иргэнийг баривчилсны дийлэнх хэсгийг удаалгүй сулласан бол цөөн хэдэн хүнд хатуу шийтгэл оноогоод байна.

Шийтгүүлсэн хүмүүсийн дотор сөрөг хүчний идэвхтнүүд байгаа бол Устинов мэтийн гэмгүй хүмүүс мөн хэлмэгдсэн байх магадлалтай.

Шүүхийн дүгнэлтийг зарлахаас өмнө Оросын театр, киноны найруулагч Константин Райкин видео мэдэгдэл гаргаж, Устиновыг сайн мэдэх хүний хувьд гэм буруугүй гэдэгт нь итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Энэ бол эмгэнэлт явдлаар дуусч болзошгүй алдаа юм” гэж хэлсэн найруулагч залуу жүжигчний амьдралыг сүйрүүлэхгүй байхыг хүссэн юм.

 

Эх сурвалж: AFP