Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн хүүг бууруулах шаардлагыг Зээлдэгчдийн холбооноос таван банканд хүргүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Зээлдэгчдийн холбооноос зээлтэй иргэд, ААН-ийг зээлийн хэт өндөр хүүгийн эсрэг дахин нэгдэх уриалга гаргаж, тэмцлийн хэлбэрийн талаар санал асуулга явуулжээ.

Саналуудыг нэгтгэж, тус холбооноос хэд хэдэн шаардлагыг ХААН, Хас , Худалдаа хөгжлийн банк, Голомт, Төрийн банк гэсэн таван арилжааны банканд өнөөдөр хүргүүлж буйгаа Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц. Солонго хэллээ. 

Шаардлагыг банкууд биелүүлээгүй тохиолдолд Монголын зээлтэй иргэд, ААН-үүд тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэдгээ ч мөн хэлэв. 

Мөн тэрбээр “Монгол банкнаас авсан мэдээллээр ААН, иргэний нийт 1,311,792 зээл байна. Үүнээс,

  • Ипотекийн зээл 94,535
  • Хувийн байгууллагын зээл 50,447
  • Хэрэглээний зээл 330,545
  • Цалингийн зээл 354,860
  • Тэтгэврийн зээл 232,333
  • Бусад зээл 239,683 байна.

Эдгээрээс харвал хэрэглээ, цалин, тэтгэврийн зээлийн хэмжээ үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийнхээс 6-7 дахин их байгаа юм.

Өнөөдөр зээлийн дарамтаас болж айл өрхүүд ямар хүнд байдал дунд амьдарч байгааг мэдэхгүй дарга нар их байна. Ажилгүй, мөнгөгүй, хоолгүй, цувдай, таван цулаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа айлууд их. Ард иргэдээрээ ийм өндөр зээлийн хүү төлүүлчихээд Монгол Улс яаж хөгжих гээд байгааг ойлгохгүй байна” гэв.

Харин банкуудад хүргүүлж буй шаардлагын тухайд

  1. Бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах
  2. Тэтгэврийн зээлийн хүүг 0 хувь болгох
  3. Зээл олгохдоо 1%, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад үлдсэн дүнгээс 1 хувийн шимтгэл авдгийг зогсоох
  4. Зээлийн хүү төлсний НӨАТ-ын буцаалтыг зээлдэгчдэд олгох
  5. Зээлийн гэрээг хийхдээ... үйлчлүүлэгчидтэй тохиролцоно... гэж заасан боловч, талуудад, ялангуяа зээлдэгчдэд таатай бусад нөхцөлийн талаар тайлбарлаж, санал болгохгүйгээр зөвхөн өөрсдийн давуу байдлыг ашигладгийг зогсоох
  6. Мөн зээлийн гэрээнд...гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр төрд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдах, бусад шаардлагатай арга хэмжээг авах... гэсэн заалт нь хэт хүч түрэмгийлсэн, зээлдэгчийн зээл авах үеийн зайлшгүй нөхцөл байдлыг ашиглан давуу байдлаар хувийн эрх ашигт нөлөөлөх сөрөг заалт оруулсныг хасах
  7. Дээрх шаардлагуудын талаар тус банкны Удирдах зөвлөл болон банкны гол хөрөнгө оруулагчид Зээлдэгчдийн төлөөлөлтэй уулзах гэсэн долоон шаардлагыг хүргүүлж буй юм. 

Шаардлагын хариуг 2019 оны есдүгээр сарын 20-ны өдөр авна гэдгээ Зээлдэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Мөнхцэцэг хэллээ.