Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол Үндсэн хуульд дахин найман жил өөрчлөлт орохгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дууссантай холбоотойгоор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ард нийтийн санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарахаар байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг сар орчмын хугацаанд хийгдэж дууслаа.

Үүнд Монгол Улсын Их хурлын 62 гишүүнээс өргөн барьсан хуулийн төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэн хэлэлцсэн.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 зүйлд 150 зарчмын зөрүүтэй саналыг оруулсан. 60 зүйлээс гурван зүйл нь хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр дэмжигдсэн байна.

Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг өчигдөр хуулийн дагуу гуравдугаар хэлэлцүүлэг рүү орох, эсвэл ард нийтийн санал асуулга авах асуудал дээр хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон.

Монгол Улс тусгаар улс мөн эсэхээ баталгаажуулахын тулд 1945 оны аравдугаар сарын 20-нд анх удаа ард нийтийн санал асуулга явуулж байсан.

Харин энэ удаа Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол улсын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг иргэд сонгогчид өөрсдөө батлах бүрэн эрхтэй болж байна.

Өөрөөр хэлбэл, 1945 оноос хойш анх удаа Ард нийтийн санал асуулга явуулах нөхцөл бүрдэж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журамд зааснаар Ард нийтийн санал асуулгад оруулах төслийг Үндсэн хууль, энэ хуульд заасан бүхий л зарчим, шаардлага, журмыг баримтлан боловсруулж чуулганы нэг, хоёр дахь хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх ёстой.

Тиймээс ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ.

Ард нийтийн санал асуулгад хоёр л сонголт байх ба энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн байдлаар санал хураана.

Хэзээ явуулах хугацааг Байнгын хороо ярилцаж байгаад шийднэ. Ингэж санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгууль явагдах хэмжээтэй дүйцэхүйц зардал гарахаар байна.

Хэрвээ ард нийтийн санал асуулгаар иргэд Үндсэн хуултд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол хуулийн дагуу дахин найман жил Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй" гэлээ.

УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн 53 заалтаас хоёрдугаар хэлэлцүүлэгт 34 нь дэмжигдэхээр болсон

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хуулийн 253 заалтын долоод нь өөрчлөлт оруулсан. Харин энэ удаа УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн 53 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг өргөн мэдүүлсэн.

Хоёр дахь хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн 53 заалтаас 34 нь дэмжигдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, 34 заалт нь Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөд тусгагдахаар болж үлдсэн.

Түүнээс дурдвал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл зөвшөөрнө. Тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглоно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулаач гэсэн төслийн саналыг УИХ-д ирүүлсэн байсныг гишүүд дэмжсэн.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд анх удаа Монгол Улсын тусгаар тогтнол болон бүрэн эрхт байдал баталгаажих боломжийг бүрдүүлж өгч байна.

Мөн Байгалийн баялаг иргэд, олон нийтэд тэгш хүртээмжтэй байх чухал заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

Үүнд "төрийн нийтийн өмч" гэсэн томьёолол байгааг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Төр нь "төрийн нийтийн өмчийг" захиран зарчуулахдаа заавал ард түмнээс асууж шийдвэрлэнэ гэсэн утга бүхий нэр томьёо юм. Олон нийтийн оролцоог хангахын тулд Үндсэн хуулиар байгалийн баялагтай холбоотой асуудлыг зохицуулалт оруулсан нь урагшилж байгаа хэрэг юм.

Түүнчлэн нутгийн удирдлагатай холбоотой тодорхой төслүүд оруулж байгаа.

Энэ нь орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутагт татварын хувь хэмжээг тогтоох, төсвийн бие даасан тодорхой асуудлыг шийдэх зэргээр Үндсэн хуульд оруулж өгсөн.

Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул, Орхон аймгийг хот болгох болон 21 аймгийн төвийн хот тосгоны асуудлыг шийдэх боломжуудыг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нээж өгч байгаа нь томоохон дэвшлийг авчирч байна.

Мөн УИХ-ын гишүүдэд эгүүлэн татаж, хариуцлага тооцож болдоггүй байсан бол гишүүн Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцсан бол эгүүлэн татах заалтыг оруулсан.

Түүнээс гадна УИХ-ын гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлах санал дэмжигдсэн. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг орлого зарлагын хувьд нэмэлт мэдүүлэг хийж болно гэсэн үг. Гэхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалтыг нэмсэн.

Шүүх эрх мэдэл, шударга шүүхтэй болох чиглэлээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бие даасан байдлаар ажиллах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэж өгч байгаа юм " гэлээ.