Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Завхан аймагт олноороо үхсэн шувуунаас гоц халдварт өвчний нян илрээгүй"

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага нуур”-ын усанд тодорхойгүй байдлаар 1,521 усны шувуу үхжээ.

Тодруулбал, Завхан аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т байрлах Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур”-ын усанд олон тооны усны шувуу болох бор галуу, цахлай, алаг нугас наймдугаар сарын 30-ны өдөр үхсэн байжээ.

Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна гэх мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл наймдугаар сарын 31-ний өдрийн 09:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Энэ сарын 3-ны өдөр үхсэн шувуу болон хөрс, усаас дээж авч улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит шинжилгээнд өгсөн бөгөөд тухайн өдөр үхсэн 16 зүйлийн 1,521 шувууг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав өчигдөр мэдээлсэн байна.

Мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүс энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тухайн газарт ажиллаж байгаа аж.

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Одоогоор яг шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаа болохоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит хийгдэх эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Ямартай ч урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй учраас хүнд халдварлахгүй гэсэн үг" гэлээ.