Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын дасгалжуулагч Солонгосчуудаас уучлал гуйж, шийтгэл хүлээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 4-нд Калининградад болсон Токио 2020 олимпийн наадамд оролцох эрхийн төлөө гар бөмбөгийн тэмцээний дараа ОХУ-ын эмэгтэй багийн туслах дасгалжуулагчийн хийсэн үйлдэл маргаан үүсгэсэн юм.

Энэ тэмцээнд Оросын баг Өмнөд Солонгосын багийг 3:2 харьцаагаар ялж, зуны олимпийн наадамд оролцох эрхтэй болж байв. Тэмцээний дараа туслах дасгалжуулагч, Италийн иргэн Сержио Бузато камерны өмнө нүдээ жартайлгаж үзүүлсэн юм. Энэ үйлдлийг ази төрхтэй хүмүүсийг доромжилсон агуулгатай гэсэн ерөнхий ойлголт байдаг.

Өмнөд Солонгосын гар бөмбөгийн холбоо дасгалжуулагчийн үйлдлийн талаар ОХУ-ын мэргэжлийн холбоонд гомдол гаргаж байв.

Тэгвэл Бузато хийсэн үйлдлийнхээ төлөө Өмнөд Солонгосын талаас уучлал гуйсан тухай өчигдөр мэдээлжээ. Бузато энэ үйлдлээ солонгосчуудыг доромжлох санаагүй, зөвхөн баяр хөөрөө илэрхийлсэн утгатай гэж тайлбарласан байна.

Мөн ОХУ-ын гар бөмбөгийн холбоо олон улсын хоёр тэмцээнд оролцуулахгүй байх шийтгэлийг түүнд оноожээ.

 

Эх сурвалж: Korea Times