Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хороололд 600 ширхэг соруулдаг жорлон байрлуулжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд энэ зун ихээхэн бороо хуртай байна. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн одоогийн ашиглаж буй доторлогоогүй нүхэн жорлонгоос үүдэлтэй элдэв халдварт өвчин хөрс, усаар дамжин үер, усны дараа дэгдэх өндөр эрсдэлтэй болохыг сануулах нь зүйтэй. 

Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах” МОН-9189 төслийн хүрээнд нүхэн жорлонгоос татгалзах ажлыг эхлүүлээд байна.

Буцалтгүй тусламжийн төсөл 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн 2020 оныг дуустал хотын хоёр дүүргийн гурван хороонд хэрэгжих юм.

МОН-9189 төслөөр Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд буюу Сонгинохайрхан дүүргийн 6, 7 дугаар хороонд, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нийтдээ 1,500 ширхэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг (САЦБ) барьж суурилуулан, хуучин доторлогоогүй нүхэн жорлонг халж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.

Ингэхдээ зөвхөн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солиод орхих бус, хаягдлын зохистой менежментийн циклийг хийж туршин, хүний хаягдал ялгадсыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ дэвшилтэт технологи туршлагыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

Төсөл хэрэгжснээр стандартад заагдсан хоёр хувилбарын сайжруулсан ариун цэврийн байгууламжийг бодит амьдралд ажил хэрэг болгон, төсөлд хамрагдсан өрхүүдэд үнэ төлбөргүй барьж өгчээ. 

Ингээд эхний ээлжийн нийт 600 ширхэг нэвчилтгүй суурийн нүхтэй САЦБ буюу бидний хэлж заншсанаар соруулдаг жорлонг барьж суурилуулах ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд төсөлд хамрагдсан айл өрхүүд үлгэр жишээчээр ашиглаж байна. 

Дараагийн үе шатанд барьж байгуулах 900 ширхэг экологид ээлтэй ариун цэврийн байгууламж (Экосан)-ийг барьж турших ажил эрчимтэй явагдаж байна.

Урт хугацаанд гарах төслийн үр нөлөө нь гэр хорооллын бүсэд нийгмийн эрүүл мэндийн нөхцөл сайжирч, хөрсний бохирдол буурна. Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахын тулд иргэдэд зөв дадал, ухамсар хандлагыг төлөвшүүлж, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төсөл хэрэгжиж буй хороодод тогтмол хэрэгжүүлж, хүний хаягдал ялгадсаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах загвар үйл ажиллагаануудыг туршин цаашид тогтвортой ажиллах нийгэм эдийн засгийн орчинг бүрдүүлэх юм гэж Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах МОН-9189 төслийнхөн мэдээллээ.

Ташрамд дурдахад, манай улс 2015 онд "Нүхэн жорлон, угаадасны нүх, Техникийн шаардлага" гэсэн MNS 5924:2015 стандартыг баталсан байдаг аж.