Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн 47 оронд 140 гаруй холбоо, ТББ тухайн улсад суугаа Монгол иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын таван жилийнхээ ойн хүрээнд, тус байгууллагын зүгээс гадаадад байгаа монголчуудтай хэрхэн хамтач ажилладаг тухайгаа өнөөдөр танилцууллаа. 

Тус байгууллага нь 2014 оноос хойш хилийн чандад буй Монгол иргэд, тэдний холбоо, байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг өргөжүүлэх, чадваржуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуудаг аж.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцаж буй энэ үед гадаадад суугаа иргэдийн эрх ашиг чухал

ХЧМЗ ТББ-ын нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл "Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцаж буй энэ цаг үед гадаадад суугаа иргэдийн эрх ашиг маш чухал. Учир нь нийт идэвхтэй сонгогчдын 8-10 хувь нь хилийн чандад амьдардаг. 

Тиймээс тэдгээр иргэний эрх ашгийг хүндэтгэх шаардлагатай гэж харж байна.

Хилийн чандад байгаа иргэд ч Монгол Улсын иргэний эрхийн дагуу сонгох эрх бий. Энэ эрх нь дэлхийн аль ч өнцөгт ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран эрх тэгш үйлчлэх ёсой.

Манай улсын сонгуулийн хуулийн тогтолцооноос хамаарч сүүлийн жилүүдэд зарим нэг сонгууль оролцох бололцоо гараагүйг би энд хэлмээр байна.

Тухайлбал, 2012 онд УИХ-ын сонгууль пропорцианал системээр явах үед хилийн чанадад байгаа иргэд анх удаа оролцсон. Дараа нь 2016 оны томосгосон тойрогтой УИХ-ын сонгуульд оролцох боломж гараагүй.

Харин хамгийн сүүлд 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа нийт 7,000 гаруй иргэд оролцсон байдаг.

Тэд  сонгуулиа өгөхдөө тухайн улсад буй Элчин сайдын яам дээрээ онлайнаар бүртгүүлээд биеэр очиж саналаа өгдөг. Энэ асуудлыг захидал, онлайнаар эсвэл бие төлөөлөгчөөр өгөх гэх мэтээр шийдвэрлэх бололцоо бий.

Тиймээс манай хорооноос гадаадын 20 гаруй орны иргэдийг сонгуулийн системээс үл хамаарч яаж саналаа өгөх боломжтой байдгийг судласан. Энэхүү судалгааны үр дүнг бид өнөөдөр Гадаад харилцааны яаманд болох хэлэлцүүлгийн үеэрээ танилцуулна" гэв.

Одоогоор гадаадад нийт 180 мянга орчим Монголчууд амьдарч байна

ХЧМЗ ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ "Одоогоор гадаадад нийт 180 мянга орчим Монголчууд ажиллаж, амьдарч байна. 

Үүнээс  БНСУ-д хамгийн олон нь буюу 50 мянга орчим нь амьдарч байна гэсэн тоон мэдээлэл байна. Мөн Европын улсад 40 гаруй мянга, АНУ-д 40-50 мянга орчим монголчууд байна гэсэн албан бус тоо бий.

Манай иргэд тухайн оронд байгаа монголчуудын ямар нэг холбоотой холбогдож, тухайн оронд очиж, амьдрахад ямар нөхцөл байдал угтах, ямар орчинд ажиллах, сурах талаар маш сайн мэдээлэл аваасай гэж хүсэж байна.

Мөн гадаад улсад суралцахаар явж байгаа оюутан залуус зуучилж байгаа байгууллагаа олон жилийн туршлагатай, зөвшөөрөлтэй эсэхийг нягталж зөв сонгох шаардлагатай гэдгийг хэлмээр байна.

Мэдээлэлгүйн улмаас гадаадад байгаа монголчуудын зарим нэг нь аливаа асуудалд орооцолддог гэдгийг нуух зүйлгүй.

Хамгийн гол нь манай иргэд гадаадад зорчихоосоо өмнө тухайн улсынхаа хууль дүрэм, ёс заншлыг сайн судалж байх хэрэгтэй" гэж зөвлөв.

Гадаадад боловсрол эзэмшсэн залуусын ажлын байрны хэрэгцээ шаардлага их байна

Гадаад байгаа монголчуудад тулах сангийн талаар болон нийгмийн даатгалын талаар хэлэхдээ ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг "Гадаадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах үндсэн шаардлага нь гадаадад аливаа гэнэтийн хүнд асуудал тохиолдсон Монгол иргэдэд туслах зориулалттай.

Тухайлбал, гадаадад нас барсан зарим Монгол иргэний гэр бүл нь буяны ажлыг нь хийхэд санхүүгийн боломжгүй байх тохиолдол байдаг. Энэ мэт аргагүй хэцүү асуудлуудад нэлээд зарцуулдаг. Тус санд жилд дунджаар 100 сая орчим төгрөг төвлөрдөг.

Харин гадаадад буй Монгол иргэдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг бид Монгол Улсын засгийн газраас тухайн иргэний оршин сууж байгаа улсын Засгийн газартай ярилцаж, хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэдэг. 

Бид одоогоор монголчууд олноор оршин сууж байгаа хэд хэдэн газар нийгмийн даатгалын хэлэлцээрийг байгуулан ажиллаж байна.

Ниймгийн даатгалын харилцааг зохицуулна гэдэг бол удаан хугацааны үр дүн бөгөөд тухайн улсын нийгмийн даатгалын системтэй уялдах шаардлагатай байдаг. Энэ асуудал дээр манай яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа гэдгийг дуулгая.

Мөн 2018 онд Монголын гадаадад төгсөгчдийн холбооноос хөдөлмөрийн яармаг гэх томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Тус үйл ажиллагаатай холбоотойгоор дотоодын олон комданиудаас 2,000 орчим ажлын байрны захиалга ирсэн. Үүнээс үзэхэд гадаадад боловсрол эзэмшсэн залуусын ажлын байрны хэрэгцээ шаардлага их байна. 

Тиймээс холбогдох яамнаас ч гадаадад боловсрол эзэмшээд ирсэн залуучуудыг ажлын байраар хангах тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байна" гэсэн юм.

Одоогоор дэлхийн 47 оронд 140 гаруй холбоо болон төрийн бус байгууллагууд  тухайн улсад суугаа Монгол иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж.