Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ СУМ ШИНЭ АМЬДРАЛ

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
"Шинэ сум" төсөл ирэх сард нээлтээ хийнэ

 “Шинэ сум” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан суманд бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа билээ. 

Баянлиг суманд шөнө болж байсан ч аймгийн төв, хот гэж андуурмаар гэрэлтүүлэгтэй тохилог сайхан сум болжээ.

Сумын төв тус бүрд 13000 гаруй метр квадрат бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Гэхдээ энэ тоо зөвхөн баригдсан барилгын л зай талбай. 

Үүн дээр нэмэгдээд цогцолборын цэвэр, бохир, дулаан, цахилгааны бүрэн шийдэл 800 гаруй метр авто зам, 4000 шахам метр явган хүний зам ногоон байгууламж, гэрэлтүүлэг гадна тохижилтын ажил цогцоороо хийгдэж байгаа юм. 

“Шинэ сум” ирэх сард нээлтээ хийнэ

Сумын төв хотын төв шиг л гэрэлтүүлэгтэй болжээ

Баянлиг суманд 20 ортой хоёр давхар эмнэлэг, 620 хүүхдийн багтаамжтай бүрэн дунд сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр,захиргаа, 250 хүний суудалтай спорт заалны барилгын гадна ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ.
 
Улаанбаатарт амьдарч байсан Баянхонгор аймгийн иргэд нутаг буцаж эхэлжээ
Монгол Улсын Засгийн газар хөгжлийг хөдөөгөөс харсан энэхүү “Шинэ сум” төсөл нь үнэхээр нүдээ олсон ажил болж чаджээ. Учир нь суурин газар руу шилжих иргэдийн шилжилт хөдөлгөөн уг төслийн ачаар багасах нь тодорхой болсон байна. 

Энэ талаар Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа “Энэхүү бүтээн байгуулалтын ажилд манай сумаас 325 хүн ажиллаж байгаа. Ингэж олон ажлын байр бий болсон тохиолдол өмнө байгаагүй. Өөрөөр хэлбэл, жилд 50-60 ажлын байр нэмэгддэг байсан бол энэ жил 325 ажлын байр нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс “Шинэ сум” төсөл дөнгөж бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байхад л бидэнд үр өгөөжөө өгч байна” гэлээ. 

"Шинэ сум" төсөл Баянхонгор аймагт үргэлжилж байна

Шинэ сум төслийн ажлын явцтай танилцахаар очсон УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга   “2013 оны улсын төсөвт Баянхонгор аймгийн хоёр сумыг тус бүрт нь 10 тэрбум төгрөгөөр суулгаж шинэ сумын төвийг барьж эхлүүлсэн. 

Ер нь шинэ сумын ажил хийгдэж байгаа хоёр сум нийтдээ 26 мянга 400 мкв бүтээн байгуулалт хийгдсэн. Тэгвэл Улаанбаатарын төсвөөр бол 1 мкв нь сая төгрөг гэж бодвол шинэ сумын төсөв 24 тэрбум төгрөг болохоор байгаа. Гэвч улсын төсөв 20 тэрбум төгрөгөөр суулгачихсан. Үүнийг шийдэх хэрэгтэй байгаа. 

 Хоёр сум нийтдээ 26 мянга 400 мкв бүтээн байгуулалт хийгдсэн. Тэгвэл Улаанбаатарын төсвөөр бол 1 мкв нь сая төгрөг гэж бодвол шинэ сумын төсөв 24 тэрбум төгрөг болохоор байгаа. Гэвч улсын төсөв 20 тэрбум төгрөгөөр суулгачихсан.

Шинэ сум төсөл ийнхүү амжилттай хэрэгжиж эхэлснээр хөдөө хотын ялгаа арилах, иргэдийн шилжилт хөдөлгөөн багасах болов уу гэж найдаж байгаа” гэлээ.  

Бууцагаан сум хуучин захиргааныхаа байранд талх, оёдлын цех ажиллуулаад эхэлжээ 
Бууцагаан суманд очиход мөн л орой болсон байсан ч шинэ сумын гэрэл чийдэн нь асчихсан сум гэж хэлэхээргүй сайхан харагдана.

Бууцагаан сумын хувьд бүтээн байгуулалтын ажил арай удаашралтай байгаа аж. 

Энэ талаар “Шинэ сум” төслийн барилгын ажлын туслан гүйцэтгэгч “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий инженер  Г.Өсөхсайхан “Барилгын гадна угсралтын ажил 80 хувьтай явж байна. Спорт цогцолборын барилгаас бусад бүх барилгын гадна угсралт дууссан. Спорт цогцолборын ажил 20 хоногийн дараа дуусчих байх. Тиймээс дотор заслаа хийгээд ирэх оны нэгдүгээр сарын 20 гэхэд шинэ сумыг хүлээлгэж өгнө” гэсэн юм.

Бууцагаан сумын барилгын ажил ийнхүү удааширсан нь өмнө нь барилгын материал нийлүүлэлтээс болоод бага зэрэг саатсан байна. 

Тус сумын хувьд одоогийн ажиллаж байгаа нутгийн захиргааны барилгынаа зарим өрөө тасалгааг суллан жижиг дунд бизнес эрхлэгчдээ ажлын байртай болгожээ. Бууцагаан сумынхаа хэрэгцээний нэлээд хэсгийг хангадаг 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талхны цех, оёдлын хоёр ч цех ажлын байр гэж санаа зоволгүй үйл ажиллагаа явуулж байна. 

Шинэ сумын төв ашиглалтад ормогц, одоогийн сургууль, эмнэлэг, захиргаа гэх мэт ашиглаж ирсэн байшингуудаа жижиг дунд бизнесийг дэмжих инкубатор төв болгож, бизнес эрхлэгчиддээ ажлын байр гаргаж өгөх гэнэ.