Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ганхүү: Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын лицензийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гарсан

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Багануурын уурхай, Салхитын мөнгөний ордын лицензийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргажээ. 

Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

- Багануурын уурхайн лицензийг шилжүүлснээр тус уурхайд ямар ашигтай вэ?

- Засгийн газрын хуралдаанаар Багануурын уурхайн лиценз, Салхитын мөнгөний ордын лицензийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх шийдвэр гаргалаа. “Эрдэнэс Монгол” ХХК Багануурын уурхайн 75 хувийг эзэмшдэг. Багануурын уурхай нийт 800 сая орчим тонн нүүрсний нөөцтэй. Энэ лиценз дээр 400 сая орчим тонн нь байгаа. Шивээ Овоо, Багануурын уурхайн санхүүгийн олон жилийн хүндрэл нь техникийн хоцрогдлыг бий болгосон. Уурхайн лицензийг  толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК –д шилжүүлснээр үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж харж байна.

Тус уурхай жилд дөрвөн сая орчим тонн нүүрсийг төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг ба Улаанбаатар хотыг цахилгаанаар хангах нөхцөлийг бүрдүүлдэг.

- “Эрдэнэс Монгол” ХХК толгой компани нь байсан мөртлөө яагаад уурхайн менежментэд шинэчлэл хийж, алдаа дутагдлыг нь засаж болоогүй юм бэ?  

- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд арга хэмжээ авсаар ирсэн. Зардлыг нь багасгах ямар бололцоо байна, технологийн шинэчлэлийг яаж хийх вэ гээд жил бүр 10-20 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хоёр охин компанидаа үзүүлж байгаа. Ямартай ч төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангах ажил хийгдэж байгаа.

- Тэгвэл Салхитын мөнгөний ордыг тойрсон асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ?

- Хууль зөрчсөнтэй холбоотойгоор Салхитын мөнгөний ордын хоёр лиценз нэгдүгээр сард цуцалсан. Төрийн мэдэлд байсан уг хоёр лицензийг “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлэх шийдвэрийг өнөөдөр гаргасан. Энэ ордтой холбоотой олон маргаан явж байгаа. Иймд бид аль болох ордоос бүтээгдэхүүнийг гаргаж, тойрсон асуудлуудыг нь цэгцлээд явна.