Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Жуулчид ирээд зорьж очдог газар нь Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн байгаасай"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Аливаа улс орон түүх, өв соёлоо хадгалж үлдэх нь нэн чухал. Монгол Улсын хувьд ууган хэмээн хэлж болохуйц хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг нь “Богд хааны ордон музей” билээ.

Нийслэл хотын түүхэн дурсгалт газар болох “Богд хааны ордон музей”-д 8,600 гаруй үнэт өв хадгалаастай байдаг.

Энэ жил Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож буй. Тус ойтой холбогдуулан "Богд хааны ордон музей"-г сэргээн засварлаж “Богдын ногоон лаврин бичил цэцэрлэгт хүрээлэн” болгох төслийг боловсруулжээ. Энэхүү төслийн талаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга, төслийг санаачлагч Я.Энхбаатар, “Ulaanbaatar Heritage” төслийн багийн тэргүүн, төслийг хамтран гүйцэтгэгч Д.Даваадорж нартай ярилцлаа.

-Сайн байцгаана уу. Богд хааны ордон музейг сэргээн засварлаж, цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрхэн санаачлах болсон талаар яриагаа эхэлье?

-Я.Энхбаатар: Богд хаан нь манай улсын төр, шашны  тэргүүн байсан хүн. Дэлхийн аль ч оронд хааныхаа музейн хажууд цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг сонгодог жишээ бий. Гэтэл манай улсын хааны ордны музейн хашаа хороо нь муудаж, өнгө будаг нь халцарсан байдалтай байгааг харсан. Тиймээс бусад орны жишгийг дагасан ч тэр өөрийн улс орны хойч ирээдүйг бодсон ч тэр хааны ордон хэмээх энэхүү түүх соёлын өвөө сэргээн засварлах нь зүйтэй санагдсан.

-Д.Даваадорж: Би энэ төсөлд иргэдийг төлөөлж байгаа гэхэд болно. Манай “Ulaanbaatar Heritage” төслийн багт 2018 онд уг төслийг санаачлагч Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга хамтран ажиллах санал тавьсан. Тус санал нь төслийн багийн маань Улаанбаатар хотод үлдсэн биет болон биет бус өвийг сэргээх цуврал ажил хийх зорилготой нийцсэн. Тэр утгаараа цуврал ажлын эхнийх нь "Богдын ногоон лаврин бичил цэцэрлэгт хүрээлэн”-тэй болох төсөл болсонд баяртай байна.

БНСУ-ын Ерөнхий сайд хүртэл оточ байсан хүндээ зориулж манай улсын хамгийн үнэтэй гэж болох нутаг дэвсгэр дээр хөшөө босгосон байхад Монголчууд бид хаандаа зориулаад цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь залуу хүмүүсийн хувьд хийх ёстой зүйл.

- Төслөө хэдий хугацаанд бэлдсэн бэ. Мөн гол зорилго, чиглэл нь юу вэ?

- Я.Энхбаатар: Бид жил гаруй хугацаанд төсөл дээрээ ажилласан.

Төслийн гол зорилго нь Монголын сүүлчийн хааны ордон, хотын түүхэн дурсгалт газруудын нэг болохын сацуу аялал жуучлал, үзвэр үйлчилгээний төв гэдгийг сэргээн сануулах, гайхамшигт түүх, соёлын их өвийг хайрлан хамгаалах, түүний эргэн тойронд ногоон байгууламж голлон зүүн хажуу талын цэцэрлэгийг сэргээн тохижуулах юм.
 
БУРХАНЫ ШАШНЫ БИЛЭГДЭЛ НОГООН БАЙГУУЛАМЖ

Түүнчлэн энэхүү бүтээн байгуулалтын ажил нь улс орны нэр хүнд, хотынхоо өнгө төрх үзэмжийг дээшлүүлэхэд тус нэмэр болох үүднээс дараах зүйлсийг чиглэлээ болгосон. Үүнд,

  1. Ногоон байгууламжийг сэргээж, тохижуулсан шинэлэг ландшафт бүхий жишиг цэцэрлэгийг байгуулж харуулах
  2. Хотын агаарын хэт хуурайшилтыг бууруулан, чийгшилтийг хэрхэн нэмэгдүүлэх талаарх санаачилгыг бодит ажил болгох
  3. Иргэдийн чөлөөт цагаа сэтгэл ханамжтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлэх
  4. Музейн үзвэр үйлчилгээнд нэмэрлэх шинэ бүтээгдэхүүнийг бий болгож нийлүүлэн жуулчлалын урсгалыг татан нэмэгдүүлэх 

-Тэгвэл бүтэц зохион байгуулалтын хувьд ямар байхаар төлөвлөсөн бэ. Өмнөхийг нь л сэргээх үү? 

-Д.Даваадорж: “Богдын ногоон лаврин цэцэрлэгт хүрээлэн”-гийн бүтцийн хувьд дараах хэсгүүдээс бүрдэж байгаа. 

  1. “Хан төрийн долоон эрдэнэ” дэлгэмэл зураг ханан байгууламж
  2. “Өлзийт найман-тахил” аялгуут усан пантан
  3. “Майдар эргэх ёс” ногоон байгууламж
  4. “Есөн богд” үзмэрийн танхимт байшин
  5. “Terrarium –ногоон галрей” ногоон байгууламж
  6. Тоглолтын цайз бүхий задгай талбай
  7. “Цэрэндуг-Цагаан өвгөн” хүрхрээт хадан цогцолбор 

Өнөөдөр манай улсын нийгмийн сэтгэл зүйд баяр баясгалантай зүйл ховор болжээ. Тиймээс тус бүтээн байгуулалтаас олон нийт сайхан бүхнийг мэдэрч, стрессээ тайлах нь ихээхэн ач холбогдолтой. 

- Бүтээн байгуулалтын санхүүжилтээ хэрхэн шийдсэн бэ. Мэдээж хэрэг сэргээн засварлах хэдий ч тийм ч бага мөнгө орохгүй л болов уу?  

- Д.Даваадорж: Төслийн эскиз зураг нь бэлэн болоод батлагдчихсан байгаа. Одоо санхүүжилтээ бүрэн шийдчихвэл хэзээ ч эхэлсэн бэлэн байна. Нийслэлд Богд хааны 150 жилийн ойд зориулагдсан тодорхой төсөвт ажлууд хийгдэж байгаа юм билээ. Улаанбаатар хотод байгаа түүхэн байгууламжийн хувьд хамгийн том талбайтай нь Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн. Энэ том талбайг дахин засварлахад төсөв мөнгө хүрэлцэхгүй байх нь аргагүй. Тиймээс бид энэхүү төслөө иргэд болон аж ахуйн нэгжээс хандив босгож хийхээр болсон. Энэ нь маш том давуу тал гэж бодож байна. Ганц дүүргээс төсөв мөнгийг нь гаргана гэвэл хэцүү шүү дээ.

 
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨВ ХААЛГА ХАРАГДАХ БАЙДАЛ

- Хандиваар босгоно гэлээ. Хандив өгөхөд иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох юм бэ?

- Я.Энхбаатар: Хандив өгөхдөө иргэд, аж ахуйн нэгжүүд шууд бидэнтэй холбогдоод өгч болно. Иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс энэхүү бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцохдоо сэтгэл өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Тооцоолсноор зураг төсөл дээр яригдаж буй бүтээн байгуулалт хийгдэхэд ойролцоогоор 1.5 тэрбум төгрөг шаардлагатай. Хэрвээ үүнээс илүү төсөв бүрдсэн тохиолдолд жуулчдад зориулсан жижиг бүтээгдэхүүнүүд хийхээр төлөвлөсөн. Манай улсад  гаднынхан ирээд зорьж, хайгаад очдог газар ихээр бий болох хэрэгтэй. Тэр газар нь Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн байгаасай хэмээн хүсэж байна.

- Д.Даваадорж: Хандив гэхээр манайхан мөнгө төгрөг идэж, завшуулах гэж байна гэсэн хардлагатай байдаг. Ийм асуудал гарахгүй гэдгийг баттай хэлэх нь зөв байх. Бид олон улсын хоёр аудитын байгууллагатай урьдчилсан байдлаар гэрээ хийгээд явж байна. Бүх зүйл шилэн дансны тухай хуулиар хэрэгжиж, орж ирсэн хандивууд олон нийтийн хэрэгслээр ил тод байх тул санаа зовохгүй байж болно. Бидний зүгээс залуу хүнийхээ хувьд хааныхаа ордныг сэргээн засварлах ажилд гар бие оролцож байгаа нь азтай хэрэг. 

- Бүтээн байгуулалтын ажил тэгвэл санхүүжилт нь шийдэгдвэл шууд эхэлнэ гэж ойлголоо зөв үү?

- Я.Энхбаатар: Тийм ээ. Төслийн санхүүжилт хурдан шийдэгдвэл энэ жилийн наадмаар нээнэ. Харин удаашралтай байвал есдүгээр сард нээхээр төлөвлөж байна. Нэмж хэлэхэд цэцэрлэгийн нийт талбайн хэмжээ 14,947 мкв юм. 

 
`VIII БОГДЫН НОГООН ЛАВРИН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН` ХАРАГДАХ БАЙДАЛ

- Цэцэрлэгт хүрээлэн бий болоход ард түмний түүх, өв соёлоо гэх сэтгэл илүү сэргэнэ гэдэгт итгэлтэй байна уу?

- Я.Энхбаатар: Зарим улс орныг харахад түүх гэхээр зүйл их байхгүй хэр нь жижиг түүхээ хүртэл үнэ цэнэтэйд тооцож, харагдуулж, олон нийтийн сонирхлыг татахуйц болгож чаддаг. Гэхдээ энэ төслийг хэрэгжүүлэхээр Богдын музейн удирдлага, дүүргийн удирдлагууд, төрийн бус байгууллага хамтран санаа нийлэн ажиллаж байгаа явдал нь л нөлөөлж буй том хүчин зүйл гэж бодож байна. Олон нийт ч гэсэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

- Д.Даваадорж: Нэгэн жишээ дурдахад саяхан Бразилийн үндэсний музей шатахад иргэд нь манай улсын баялаг түүх үгүй боллоо гээд харамссан. Үүний адилаар манай ард иргэд ч гэсэн өв соёл, түүхээ дээдлэн, хайрлаж, хадгалж мэддэг байх нь чухал. 

 

Төслийн багтай холбоо барих:  98804444, ulaanbaatarheritage@gmail.com