Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Татварын байгууллага эд хөрөнгийн үнэлгээг тогтоож, шүүхийн шийдвэргүйгээр хураан авсан хөрөнгөө дур мэдэн зарцуулж болохгүй"

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өнөөдөр болж буй ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн эхний хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авах хүсэлт УИХ-ын даргад тавив. Гэвч ээлжит бус чуулганы хугацаа бага тул хэлэлцэх асуудалд гурван цагийн түр завсарлах хугацаа өглөө.  

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Татварын багц хуульд Үндсэн хуультай зөрчилдөж мэдэх заалт байгаа тул завсарлага авах саналаа хэлсэн юм. Тэрбээр

"Татварын ерөнхий хууль болон түүнийг даган гарч байгаа Татварын багц хууль дээр АН байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Үүн дээр ААН-ийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын хуулиуд дээр саналаа багцлаад хэлэлцэх асуудлаа нэгдтгээд явж байгаа гэж ойлгож байгаа. 

Харин Татварын ерөнхий хууль дээр хууль зөрчсөн асуудлууд байна гэдэг дээр бид удаа дараа саналаа хэлсэн. Тодорхой хэлбэл, хуулийн төслийн 70.1-т бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр өр барагдуулах нэрийн дор хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчдийн барьцааны зүйлсээс татварын өр барагдуулах, мөн батлан даагчаас өр барагдуулах зэрэг Үндсэн хуульд харшилсан зүйл заалт орсон байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.6.3 дахь заалтыг зөрчсөн байна. 

Мөн хуулийн 15 дахь зүйлд татварын хяналтыг хэрэгжүүлэх үүднээс онцгой бүрэн эрхтэй байх тухай хэд хэдэн заалтаар хуульчилж байгаа нь шүүхээс дээгүүр эрхтэй төрийн байгууллага буй болох гэж байгаа буруу жишиг рүү халтиран орох нөхцөлийг үүсгэсэн байна. 

Төслийн 70.3-т Татварын алба битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа тухайн хөрөнгийн анхны үнийг тогтооно гэж оруулж ирсэн байна. Татварын байгууллага эд хөрөнгийн үнэлгээг тогтоодог байгууллага байж болохгүй. 

Шүүхийн шийдвэргүйгээр хураан авсан хөрөнгөө дур мэдэн зарцуулж, өр барагдуулдаг байхыг буруу гэж бид үзэж байгаа. 

Ажлын хэсэг эдгээр асуудлыг эргэн харах зайлшгүй шаардлага үүссэн байна" гэв.

Түр завсарлагын хугацаанд уг хуулийн Үндсэн хуультай зөрчилдөж мэдэх заалтуудтай холбоотой асуудлаар Төсвийн байнгын хороо хуралдахаар боллоо.