Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нохой жилийн дуулиант хэргүүд

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 2 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Нохой жилд хууль хяналтын байгууллагынхан нэлээд шаргуу ажиллаж улс орны эрх ашиг болоод үндэстэн дамнасан томоохон хэргүүдийн сэжүүрээс атгаж авлаа. АТГ-аас өнгөрсөн хавар ойрмогхон хэд хэдэн баривчилгаа явуулсны дотор экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асан С.Баярцогт нар багтав. Түүнчлэн зарим нэг бизнес болоод төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мөнгөний сүлжээ задарч, “Жаст”-ын Ш.Батхүү зэрэг олон жил хардлага дагуулж ирсэн хэргүүд ч шүүхийн шатанд очиж байна.

Монголын түүхэнд сайн, муу аль ч талаараа тод бичигдэх “хувьтай” Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээг “ухаж” экс сайдуудаа хорьсон бол албан тушаалаа урвуулан ашигласан авлига албан тушаалын дуулиан Сангийн сайд асан С.Баярцогт, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжаваар үргэлжиллээ. Түүнчлэн нөлөө бүхий бизнесмэнүүд ч нохой жилд хууль хяналтынхны овоо хараанд өртөөд байна.

Ингээд нохой жилийн дуулиант хэргүүдээс тоймлон хүргэж байна.

ЭКС ЕРӨНХИЙ САЙДУУДЫГ ХОРИВ

Өнгөрсөн жилийн хавар АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулсан юм. Экс Ерөнхий сайдуудыг 2009 онд “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгон хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр хорьж, шалгаж байгаа талаар хуулийнхан мэдээлж байв.

Тэднийг дөрөвдүгээр сарын 12-нд саатуулж, тавдугаар сарын 10-нд хилийн хориг тавьж, сулласан байдаг.

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТЫГ СУЛЛАВ

Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө “Айвенхоу майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан, улмаар гэрээ байгуулсны дараа хувьцааны үнэ өсөхөд бусдад худалдаж өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн жилийн хавар дөрөвдүгээр сард яллагдагчаар татаж цагдан хорьсон ч батлан даалтад гаргасан байдаг. Харин энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр дахин хорьсон бол өмгөөлөгчийнх нь гомдлын дагуу энэ сарын 29-ний өдөр суллаад байгаа юм.

“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

“Эрдэнэт Үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг төрийн өмчийн хэд хэдэн компанийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан “Жаст” группийн эзэн Ш.Батхүүг өнгөрсөн жилийн хавар АТГ-аас баривчилсан. Түүнийг шалгах хугацаанд эрүүгийн хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал илэрч байгаа, хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа гэдгийг хууль хяналтынхан мэдэгдэж байв.

Улмаар Ш.Батхүү нь “Алтжин” бөмбөгөрийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх хурал товлогдсон ч Ш.Батхүү шүүгчээс татгалзаад байгаа юм.

САЛХИТЫН мөнгөний ОРДЫН ТУСГАЙ АЖИЛЛАГАА

Шинэ оны босгон дээр Засгийн газраас дуулиант хэрэг “мандуулсан” нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр томоохон ордод тусгай ажиллагаа явуулсан явдал юм. Энэ үеэр Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрлах Зүүн болон Салхитын ордыг 2043-2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, 154 мянган тонн хүдэр экспортод гаргах гэж байхад нь зогсоосон юм.

“Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй гэж ЗГХЭГ-аас мэдээлсэн бол дараахан нь “Жи Пи Эф” ХХК эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байв.

Д.ДОРЛИГЖАВЫГ ДҮҮГИЙНХ НЬ ХАМТ СААТУУЛАВ

Шинэ оны эхний дуулиануудын нэг нь Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг саатуулсан явдал байв. АТГ-аас Д.Дорлигжавын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийжээ. Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний
 төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешнл” ХХК-иудаас дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгтхолбогдсон үндэслэлээр шалгагдаж байгаа аж. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан” хэмээх тайлбар хийсэн билээ.

“МАГНАЙ ТРЕЙД”-ИЙН ЗАХИРЛЫН ХЭРЭГ СӨХӨГДӨВ

Хууль хяналтынхан өнгөрсөн намар аравдугаар сард “Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг болон түүний хүү Г.Дашням нарыг саатуулсан. Тэднийг “Жаст групп” ХХК-ийн харьъяа ШТС-уудыг үнэгүйдүүлж авсан буюу мөнгө угаах, залилангийн гэмт хэрэгт буруутгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзориг нарыг 30 хоногийн хугацаанд хорих санал ирүүлсэн ч Сүхбаатар дүүргийн шүүх суллах шийдвэр гаргасан байдаг. “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзориг 2013 оны долдугаар сард дампуурлаа зарласан “Жаст” группийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн тухай хэвлэлүүд бичиж байсан юм.

“ПЕТРОВИС”-ИЙН БАЙРЫГ НЭГЖЖЭЭ

Үндэсний томоохон шатахуун импортлогч хоёр ч компанийн захирлыг жил дамнан саатууллаа. Хамгийн сүүлд буюу энэ сарын 21-нд “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, түүний охин компани “НИК” ХХК-ийн ерөнхий захирал асан, "Петровис” группийг хувьдаа эзэмшигч Ч. Даваанямыг ШШГЕГ -ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Түүнийг эхнэр С.Шагдардуламынх нь хамт АТГ-аас дуудаж байцаалт авч, компанийнх нь байранд нэгжлэг хийжээ. Ч.Даваанямыг офшорын хэрэгт холбогдуулан саатуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Гэвч 48 цагийн дараа суллажээ.

ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГА НАР НЭГНИЙХЭЭ АМИНД ХҮРСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЛАА

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидаж нэгнийхээ амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Талийгаачийн ар гэр, өмгөөлөгчийн зүгээс хоёр удаа хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлэхдээ “Хэргийн материалыг гүйцэд бүрдүүлээгүй. Мөрдөн байцаалтыг бүрэн хийгээгүй. Ингээд ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж, бүлэглэж үйлдсэн хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод Б.Махбалд хөнгөн шийтгэл ногдуулах гэж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэгдүгээр 25-нд хийж пгүүхэд шилжүүлсэн бол шүүх хурлыг энэ сарын 8-ны өдөр товлоод байгаа юм.

ТУРК ИРГЭНИЙГ БАРЬЦААЛАВ

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрсөн долдугаар сарын 27-нд үл таних этгээдүүд барьцаалсан хэрэг гарсан юм. Түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцын буудалд аваачихтай зэрэгцэн Турк улсын тусгай үүргийн онгоц ирсэн байдаг. Тухайн үед манай улсын УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхан газар дээр ажиллаж, Турк иргэнийг суплаж, тусгай үүргийн онгоц буцаж байв.

Тэгвэл энэ талаар хамгийн сүүлд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Вэйсел Акчайг хуулийн байгууллага шалгаж мөрдөн байцаах газраас прокурорт хүсэлт тавьж хилээр гарахыг нь хориглосон байсан. Манайх прокурорын шийдвэрийн дагуу хилээр гарах асуудлыг нь зохицуулж системдээ оруулсан. Харин прокуророос “Вэйсел Акчайг хилээр гаргахгүй байх шалтгаан байхгүй” гэсэн бичиг ирсний дагуу цуцалсан.

Үүнээс хоёр хоногийн дараа хилээр гарсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Буянт-Ухаагийн хилээр гарсан. Хонг Конгийн онгоцонд суусан. Мөн Туркийн 6-7 иргэн Монголоос гарч явсан. “Эмпати” сургуулийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж Германы өмчид шилжсэн учраас эдгээр иргэд гарч явсан байх” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Зураг