Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-т дахин сонгууль явуулах нөхцөл бүрджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хоёр жил гаруйн хугацаанд маргаантай байсан БЗД-ийн ИТХ-ын нөхцөл байдал эцэслэгдэж, тус дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах нөхцөлийг Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн шийдвэр бүрдүүлсэн байна. 

Энэ талаар өнөөдөр МАН, Монголын ногоон нам, Бүгд найрамдах нам, Консерватив намын төлөөлөл мэдээлэл хийлээ. Учир нь шүүх байгууллагын улс төрийн ашиг сонирхолтой байх магадлалтайгаар гаргасан шийдвэрүүдээс болж БЗД-ин сонгуулийн хоёр ч тойргийн 20 гаруй мянган иргэний эрх зөрчигдөж, хоёр жил хагас төлөөлөлгүй явсны хариуцлагыг нэхэж байгааг БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн хорооны дэд дарга Г.Атармаа хэлээд ялангуяа Захиргааны хэргийн шүүхийн шүүгч М.Батзоригийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргаж байгаагаа дуулгав.

Тус дүүрэгт болоод буй улс төрийн нөхцөл байдлыг эргэн сануулбал...  

Орон нутгийн 2016 оны сонгуулиар БЗД-ийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн долоон төлөөлөгч Сонгуулийн хууль зөрчин, сонгогчдод мөнгө тараасан гэдэг үндэслэлээр БЗД-ийн Анхан болон Давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн шүүхүүдээр тогтоогдсон тул БЗД-ийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байдаг. 

Энэхүү шийдвэр гараад хоёр жил гаруй  болж буй. Энэ хугацаанд БЗД-ийн Сонгуулийн хорооноос 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр тогтоол гаргаж, 2018 оны аравдугаар сарын сүүлийн долоо хоногт БЗД-т иргэдийн төлөөллийг сонгох дахин сонгууль явуулахаар тов зарлажээ. Гэвч БЗД-ийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг дүүргийн Сонгуулийн хорооны уг тогтоолыг эсэргүүцэн, дахин сонгууль явуулах үндэслэлгүй болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. 

Түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг хүлээн авч, шаардлагыг нь ханган шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр хэвээр хадгалжээ. Тиймээс БЗД-ийн Сонгуулийн хороо Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд энэ хэргийн талаар гомдол гаргаснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, БЗД-т дахин сонгууль явуулах нөхцөл ийнхүү бүрдсэн байна. 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн шаардлагад үндэслэлтэй дүгнэлт гаргаж чадаагүй, хуулийг буруу тайлбарласан хэмээн үзэж эл шийдвэрийг гаргасныг Г.Атармаа тодотгов. Тэрбээр "Ц.Элбэгдорж гэдэг хүн шүүхийн байгууллагыг яаж улс төрөөс хараат болгосныг бид харж байна. Учир нь БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон түүний хүү Эрдэнэ сонгогчдод мөнгө тарааж байсан нотлох баримтуудыг хүртэл бид шүүхэд өгсөн ч шийдэгдээгүй" гэв.

Шүүхийн буруу зөрүү шийдвэр гарах хоёр жил гаруйн хугацаанд хууль зөрчсөн төлөөлөгчид бүхий БЗД-ийн ИТХ хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирснийг тэрбээр мөн дурдлаа. Тухайлбал, төлөөлөгчид төсөв баталж, өөрсдийн урамшууллаа авсаар байхын зэрэгцээ төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж иржээ. Үүнийг нь Аудитын ерөнхий газар дүгнэлт гарган, анхааруулсан нь хэн ч хэрэгсэхгүй байгаа аж. Энэ талаар АТГ-т хүртэл хандсан хэдий ч ямар ч хариу өгөлгүй таг чиг болжээ. 

Тиймээс үндэслэлгүйгээр нэхэмжлэх хүлээн авч, шийдвэр гаргасан шүүгчийн талаар гомдол гаргах бөгөөд олон нам, иргэдийн иргэдийг эрх ашгийн төлөө БЗД-ийн дахин сонгуулийг яаралтай явуулахыг шаардах аж.