Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Флорида муж 1949 оны хүчингийн хэрэгт гүтгэгдсэн дөрвөн хар арьст иргэнд өршөөл үзүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 70 орчим жилийн өмнө цагаан арьст эмэгтэйг хүчиндсэн хэрэгт шударга бусаар шийтгүүлсэн дөрвөн Африк Америк иргэнд Флорида мужийн захиргаа нөхөж өршөөл үзүүлжээ.

Хэрэгт гүтгэгдсэн хүмүүс бүгд нас барсан бөгөөд хохирогч болох 80 гаруй насны эмэгтэй эсэргүүцэж байсан ч Флорида мужийн шинэ захирагч Рон ДеСантис болон мужийн өршөөлийн зөвлөлийн бүх гишүүд санал нэгтэйгээр шийдвэрийг гаргасан байна.

1949 онд гарсан энэ хэргийг зохиомол, арьс өнгөөр ялгаварлах үзлийн нөлөө гүнзгий туссан гэж өнөөдөр олон хүн үздэг.

Анх 1949 онд Флоридагийн Лэйк дүүрэгт 17 настай бүсгүй өөрийгөө хүчиндүүлснийг цагдаад мэдэгдсэнээр энэ хэрэг явдал эхэлсэн юм. Хэрэгт холбогдуулан гурван хар арьст эрэгтэйг баривчилсан бол дөрөв дэх сэжигтэн Эрнест Томас оргон зугтжээ.

Эрэн сурвалжлах ажиллагаанд туслахаар 1,000 орчим цагаан арьст эрчүүд цугларсан байна. Удалгүй Томасыг модны дор унтаж байхад нь олоод 400 удаа буудаж хороосон юм.

Улмаар цагаан арьст иргэд хөдөлгөөн өрнүүлж, ойролцоо амьдардаг хар арьстнуудын гэр орныг галдан шатааж, буудаж байв. Баривчлагдсан гурван залуу болох Чарльз Гринли, Уолтер Ирвинг, Самуэл Шеперд нарыг хүчингийн хэрэг үйлдээгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан ч энэ баримтыг хэрэгсэлгүйгээр 1949 онд болсон шүүх хурлаар Гринлид бүх насаар хорих, нөгөө хоёрт нь цаазын ял оноож байжээ.

1951 онд АНУ-ын дээд шүүхийн анхны Африк гаралтай шүүгч Тургүүд Маршалл давж заалдсан Ирвин, Шеперд нарын хэргийг дахин шүүх тушаал гаргаж байв.

Гэвч шүүх хурлын өмнө Лэйк дүүргийн шэриф Уиллис Маккал хоёр залууг шоронгоос шүүх рүү хүргэх замд оргохыг завдсан гэсэн шалтгаанаар буудсан юм.

Буудуулсан хоёроос Шеперд тэр дороо амь үрэгдэж, Ирвинг хүзүүндээ шархдаж амьд үлдсэн байна. Гэвч хар арьстанд үйлчилдэггүй гэх шалтгаанаар Ирвингийг эмнэлэг хүлээж аваагүй гэдэг.

Буцаж хоригдсон Ирвингийг аль ч цагаан арьст шүүгчид, прокурорууд дахин шүүлгүй өнгөрсөн юм. 1968 онд өршөөгдсөн Ирвинг жилийн дараа Лэйк дүүрэгт зорчиж явахдаа машин дотроо амиа алдсан байна.

Бүх насаар хоригдох ял сонссон Гринли 1960 онд өршөөгдөж, 2012 онд нас баржээ.

2017 онд Флоридагийн сенат, төлөөлөгчдийн танхим санал нэгтэйгээр дөрвөн эрийн ар гэрийнхнээс уучлал гуйх шийдвэр гаргаж, тухайн үед мужийн захирагч байсан Рик Скотод өршөөл үзүүлэх тушаал өгсөн байна.

Гэвч захирагч ямар нэг алхам хийгээгүй өнгөрөөсөн юм. Харин өнгөрсөн Мягмар гарагт түүнийг залгамжилсан Рон Десантис мужийн захирагч болмогцоо 70 жилийн түүхтэй “Грүвландын дөрвийн хэрэг” гэгддэг эмгэнэлт явдалд ийнхүү цэг тавьжээ.

 

Эх сурвалж: Associated Press